"CGTN"-ийн олон улсын тавцанд гарах эхлэл

"CGTN"-ийн олон улсын тавцанд гарах эхлэл

"CGTN"-ийн олон улсын тавцанд гарах эхлэл

Олон улсын дипломат харилцаа ганхаж, хэт барууны үзэлт засаг захиргаа цагаачлал, геополитикийн хурцадмал байдлыг өдөөж байхад Энэтхэг-Номхон далайн зарим улс орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, эдийн засгийн түншлэлээ нэмэгдүүлэх эхлэлийг тавьж байна. Тодруулбал, Хятад, Өмнөд Солонгос болон Япон улсын гадаад хэргийн сайд нар гуравдугаар сарын 20-нд уулзаж, Ази-Номхон далайн улс орнуудыг эдийн засгийн тогтвортой хөгжилд хөтлөх томоохон зорилго тавьсан билээ. Түүнчлэн, дижиталчлалын эрин зуунд хэвлэл мэдээллийн бодит, ил тод байдал алдагдаж буй.

Хэдийгээр олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан дотоод болон гадаадын улс орнуудын нөхцөл байдлын талаархи мэдээллийг авах боломжтой ч бодит эх сурвалжтай эсэхийг нягтлан, тодруулах шаардлага тулгарч байна.

Үүний хүрээнд Хятадын олон улсын хэвлэл мэдээллийн төв (CIPCC) жил бүр Хойд Америк, Ази-Номхон далай, Европ, Евро-Ази болон Африк тивийн холбогдох салбарын ажилтнуудыг цуглуулж, бодит эх сурвалжтай болох хөтөлбөрийг зохион байгуулдаг.

Энэ нь хэвлэл мэдээллийн ажилтнууд тус бүрийн улс орныхоо нөхцөл байдлыг үнэн зөвөөр олон улсад таниулах боломжийг олгох юм. Энэ жилийн хөтөлбөрт 100 гаруй орны 120 сэтгүүлч Бээжин хотноо цугларч, мэдээлэл солилцохоос гадна Хятадын хэвлэл мэдээллийн салбар хэрхэн өөрчлөгдөж буйтай танилцав.

Сүүлийн жилүүдэд Хятадын хэвлэл мэдээллийн салбар нь техник технологи, ажиллах орчин нөхцөл, мэдээ мэдээлэл бэлтгэх зэрэг бүхий л талаараа ахиц дэвшил гаргажээ. Бээжин хотноо хүрэлцэн ирсэн олон улсын сэтгүүлчид тус улсын томоохон мэдээллийн групп болох "CGTN"-ийн төв байртай танилцан, хэрхэн үйл ажиллагаа явуулж буйг нь сонирхсон юм. Анх 1997 онд байгуулагдсан тус групп өдгөө зургаан телевиз, нэг радио, нэг олон улсын телевизээс гадна цахим хуудас, гар утасны платформтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Орчин үеийн өвөрмөц шийдэл бүхий 26 давхар төв байр нь бизнесийн гол бүсэд сүндэрлэх бөгөөд  дэвшилтэд студи, ажилчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хэсэг зэрэг тав тухтай орчинд ажиллах бүрэн боломжоор хангасан байв.

"CGTN"-ийн ерөнхий редакторын орлогч Цао Ригийн хэлснээр, тус групп нь Найроби, Лондон, Вашингтонд салбартай төдийгүй, хилийн чанадад 24 хэвлэлийн агентлагтай хамтран ажиллаж, бодит цагийн мэдээллийг хүргэдэг гэв. Мөн 70 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн мэргэжлийн хамт олонтой учир олон улсын нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдээлэл хүргэхэд анхаарч ажилдаг гэв.

Гэсэн хэдий ч дэлхийн хамгийн хаалттай, хэвлэлийн эрх чөлөөгүй орон гэгдэх Хятадын мэдээ мэдээлэл үнэн зөв байдаг эсэх нь хүрэлцэн ирсэн 120 сэтгүүлчдийн анхаарлыг татаж байв.

Энэ талаар "CGTN"-ийн удирдах албан тушаалтнуудтай нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд хэрхэн мэдээлэл бэлтгэдэг болохыг нь сонирхсон юм. Тухайлбал, тус групп улс төрийн нөлөөнд автдаг эсэхийг тодруулахад, "Бид шуурхай мэдээллийг гадаадын түнш агентлагуудтай цахимаар холбогдож, шууд дамжуулдаг. Мөн дотоод мэдээллийг хүргэхдээ олон улсын ажиглагчид, мэргэжлийн хүмүүсийн байр суурийг хавсаргадаг. Ялангуяа сүүлийн үед болж буй эдийн засаг, геополитикийн хурцадмал байдал нь улс төрийн нөлөөнд автаж, худал мэдүүлэх нь мэргэжлийн зарчмыг алдагдуулсан хэрэг болно.

Тиймээс худал мэдээлэл, дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх үүднээс гадаад, дотоодын ямар ч хэвлэл мэдээлэл байсан хамаагүй чөлөөтэй мэдээллээ түгээх боломжтой цахим платформыг бид үүсгэн байгуулсан.

Энэ нь үнэн, бодит, шуурхай мэдээллийг олон улсад түгээх боломжоор хангаж байна" гэж телевизийн мэдээний дэд захирал Ляо Лян онцлон тэмдэглэсэн юм.

"CGTN"-ын зорилго нь дуу дүрсний цогц үйлчилгээг дэлхийн үзэгчдэд үнэн зөв, цаг алдалгүй хүргэх, улмаар Хятад болон олон улсын хамтын нийгэмлэгийн харилцаа холбоо, ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоо, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх явдал аж. Түүнчлэн, объектив, оновчтой, тэнцвэртэй гэх зарчмуудыг баримталдаг "CGTN" нь янз бүрийн өнцгөөс мэдээлэл өгөх замаар "Ялгааг хар" гэсэн эрхэм зорилгоо биелүүлэхийг эрмэлздэг гэдгээ удирдлагуудын зүгээс илэрхийллээ. Үүний хүрээнд ч "All Media Service Platform"-ийг үүсгэн байгуулж, 180 гаруй орны хэвлэл мэдээллийн салбарынхны чөлөөтэй нийтлэх орчныг бүрдүүлэх өгсөн гэдэгтэй "CGTN"-ийн зүгээс сэтгэл хангалуун байгаа аж.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сөнө 2025-03-24 202.9.46.27

сөнөтүгэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж