Иргэн Дорж автомашины зээл авахдаа урьдчилгаа 2-3 сая төгрөг төлөх боломжтой байсан бол одоо 8-10 сая төгрөг төлөх шаардлагатай болжээ. Ингэснээр автомашин худалдан авалт буурсан гэдгийг худалдаачид хэлж байгаа бол иргэдийн зүгээс урьдчилгаа төлбөр, улсын дугаар гээд автомашин унахад улам бүр хэцүү болсныг учирлаж байлаа.
Үүнтэй холбоотой шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны арванхоёрдугаар сараас гаргажээ.
Өнгөрсөн 2024 онд гэхэд импортоор 123 мянган суудлын автомашин орж ирсэн нь өмнөх онуудаас хоёр дахин их тоо гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тиймээс валютын гадагшлах урсгалыг бууруулах, зээлийн хэмжээг хумих, иргэдийг өрийн дарамтаас сэргийлэх, ББСБ-ын салбарын нэг зээлийн багцад хэт төвлөрөл үүсэх зэргийг судалж, дээрх хязгаарлалтыг хийсэн гэдгийг СЗХ-ноос мэдээлсэн юм.
Мөн ББСБ-ууд хэрэглээний зээл олгохдоо иргэдийн өр, орлогын харьцаа 70:30 байсныг 60:40 болгож нэмжээ.
УЛСЫН ДУГААРЫН ШАГИЙН ҮНЭ 1.5-2 САЯ ТӨГРӨГТ ХҮРСЭН ГЭВ
"Автомашины худалдан авалт өдийд буурдаг. Өнгөрсөн 2024 оны сүүлчээр машины зээл авахад заавал 30 хувийн урьдчилгаа төлбөр бүрдүүлэх шаардлагыг тавьдаг болсон. Энэ шийдвэр автомашины борлуулалтад сөргөөр их нөлөөлж байна. Өмнө нь иргэд машин худалдаж авахдаа урьдчилгаа бага буюу 2-3 сая төгрөг бүрдүүлдэг байсан. Одоо урьдчилгаа төлбөрийг 30 хувь болж нэмснээр иргэдийн сард эргэн төлөх төлбөр багасах байх" гэдгийг автомашины худалдаа эрхлэгч Н.Билгүүн хэлсэн юм.
Түүний хувьд 20-100 сая төгрөгийн үнэтэй автомашин худалдаалж байгаа бөгөөд дийлэнх нь "Приус" маркийн машин байлаа. Тэрбээр нэг сард гурван машин зарж чадвал их юм гэсэн юм. "Хүмүүс ихэвчлэн өөрийн унаж байгаа машинаа оролцуулж, бартер хийх хүсэлт тавьдаг. Тэр болгоныг бартераар авах боломжгүй. Автомашины улсын дугаарын хувьд аль болох автомашины үнэдээ шингээх эсвэл хямд автомашины улсын дугааргүй зарж байна" гэв.
Улсын дугаарын шагийн үнэ 1.5 сая төгрөгөөс хоёр сая төгрөгт хүрсэн гэдгийг ченжүүд хэлж байлаа.

"Миний хувьд дунд оврын жийп машин худалдан авах гээд сонирхож явна. Улсын дугаарыг нь авахдаа тулбал ченжүүдээр авхуулна. Эсвэл хуучин машины актлагдсан улсын дугаарыг авахаар таньж мэддэг хүмүүс рүүгээ ярина. Улсын дугаар авахад нэг их ач холбогдол өгөхгүй байна. Зах дээр "Приус-30″ маркийн машин гэхэд 30 гаруй сая төгрөгийн үнэ бол дунд оврын жийп бас тэр орчим үнээр зарж байна. Миний хувьд бэлэн мөнгөөр автомашин худалдаж авах гэж байна" гэдгийг иргэн А.Батхуяг хэллээ.
Түүнтэй адил автомашин сонирхож яваа эмэгтэй "Би "Toyota Harrier" маркийн машин худалдаж авахаар сонирхож явна. Одоогоор урьдчилгаа төлбөр, улсын дугаараа яаж авах талаар мэдээлэлгүй л байна.
Машины зээл авахад урьдчилгаа төлбөр нь аль болох хямд бага байвал сайн байдаг. Яг одоо надад машины 20 хувийн урьдчилгаа л бэлэн байна. Үлдсэн төлбөрийг нь банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авна гэж төлөвлөж байна" гэсэн юм.
"ӨМНӨ НЬ АВТОМАШИНЫ ЗЭЭЛ АВАХАД УРЬЧИЛГАА НЬ 10-20 ХУВЬ БАЙСАН"

Автомашин худалдаалдаг Э.Энхчимэг "Автомашины үнэ хэвийн байгаа ч иргэдийн худалдан авалт тааруу байна. Банк бус санхүүгийн байгууллагууд нь зээл авбал 30 хувийн урьдчилгаа төлсөн байх, хүү нь 2.8 хувиас дээш байгаа. Өмнө нь машины зээл авахад урьчилгаа нь 10-20 хувь байсан бол 2024 оны сүүлчээр 30 болж нэмэгдсэн. Иргэд ихэвчлэн 20 хувийн урьдчилгаа төлбөртэй ирээд, мөнгө нь хүрэхгүй байх жишээтэй. Үүнийгээ дагаад автомашины борлуулалт эрс буурч байна.
Миний хувьд "Приус" маркийн автомашин зарж байгаа бөгөөд үнэ нь үйлдвэрлэгдсэн оноосоо хамаарч 24-27 сая төгрөгөөр зарж байна. Иргэд нь зээлээ дандаа өндөр хүүтэй банк бус санхүүгийн байгууллагуудаас авч байна" гэсэн юм.
"Автомашины үнэ өндөр л байна. Би "Приус-30" маркийн автомашин худалдаж авах гээд явж байна. Бэлнээр 10 хувийн урьдчилгаа өгчих санаатай. Тэгсэн урьчилгаа төлбөр нь 30 хувь нэмэгдсэн гэх юм. Нэгмөсөн зөв талдаа хүрдтэй автомашин сонирхдог ч юм уу. Миний хуучин машины улсын дугаар хадгалсан байгаа. Ер нь улсын дугаарыг хязгаарласнаар далд бизнесийг дэмжиж байна. Сая нэг ченжээс улсын дугааргүй автомашин авахаар ярьсан чинь шууд хоёр сая төгрөг татаж байна. Иргэд нь машины зээл авахад урьдчилгаа төлбөр нь нэмэгдчихсэн, улсын дугаар нь олдохгүй бүр хэцүү болж байна. Олон нийтийн сүлжээгээр урьдчилгаа төлбөргүй зээл олгоно гэх юм. Бүр болохгүй бол тийм газруудаар очиж үздэг юм уу гэж бодож байгаа тухайгаа Д.Ганбат ярилаа.
ББСБ: АВТОМАШИНЫ ЗЭЭЛ АВАХАД ХАМГИЙН БАГАДАА 30 ХУВИЙН ТӨЛБӨР ТӨЛНӨ

Банк бус санхүүгийн байгууллагуудаар ороход автомашины зээл авахад хамгийн багадаа 30 хувийн төлбөр төлнө гэдгийг сануулж байлаа. Зээл хариуцсан мэргэжилтэн Л.Жамбалдорж "Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны арванхоёрдугаар сараас автомашины зээл авах урьдчилгаа төлбөрийг 30 хувь болгож нэмэгдүүлсэн. Энэ оны гурав, дөрвөн сарын хугацаанд зээл олголтын хэмжээ ч тодорхой хувиар буурсан.
Ер нь автомашины зээл авахад иргэдийн өр, орлогын харьцааг харахаас гадна урьдчилгаа 30 хувь, сүүлийн зургаан сарын дансны хуулга зэргийг үндэслэж байгаа" талаар мэдээлэл өглөө.
Нэрээ нууцлахыг хүссэн ББСБ-ын зээлийн эдийн засагч ярихдаа "Иргэд автомашины зээл авахдаа урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнээс гадна зээл авч буй иргэдийг сайн, дунд, муу зээлдэгч гэсэн үнэлгээгээр үнэлж эхэлсэн. Мөн тухайн зээлдэгчийн сүүлийн зургаан сарын орлогыг хардаг. Иргэдийн хувьд зээлийн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх хүндрэлтэй байгаа. Энэ нь машин худалдан борлуулж буй ченжүүд, ББСБ-д нөлөөлж байна.
Өдөрт 1-2 автомашины зээл гаргадаг байсан бол одоо нэг зээл гаргавал их юм болж байна. Заримдаа огт зээл олгохгүй өдөр ч байна.
Иргэдийн өр орлогын харьцаа 50 хувь байх ёстой гэдэг шаардлагыг тавьж буй. Хүмүүс ихэвчлэн "Приус" маркийн машин зээлээр авдаг. Өмнө нь 2-3 сая төгрөгийн урьдчилгаа төлдөг байсан бол 8-10 сая төгрөг төлөх шаардлагатай болж байна" гэв.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
3,569.17






















































Холбоотой мэдээ