Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Д.АМАРБАЯСГАЛАН: ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид оо
Монгол түмэн өвлийг өнтэй давж, урин хавартай золгосон энэ өдрүүдэд намрын чуулганы завсарлага тохиож Улсын Их Хурлын гишүүд иргэд, сонгогчидтой уулзах, хуулийн хэрэгжилттэй бодит байдалд нь танилцах, ажлын хэсгүүд хэлэлцүүлэг зохион байгуулах, туршлага судлах зэрэг олон ажлууд өрнөлөө.
Төлөөлөл өргөжиж 126 гишүүнтэй болсон парламентын энэ танхимд гишүүд Та бүхнээр дамжин иргэдийн дуу хоолой илүү өргөн хүрээнд, тогтмол сонсогдож байгаасай гэж хүсэж байна. Албан өрөөний цонхоор асуудлыг харж шийдэх, бодит нөхцөлийг таньж мэдэж, шийдэл олохын ялгаа их.
Мөн олон түмний нэрийг баривч цөөн хэдэн хүний хүсэл далд шургалсан цахим сүлжээгээр өнөөдрийн Монголын амьдрал, хөгжил хэмжигдэх учиргүй.
Улсын Их Хурлын гишүүд завсарлагын хугацаанд иргэдтэй нүүр тулан уулзаж, байгууллагуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж асуудлын гүн рүү орж, санаа оноогоо хуваалцаад ирсэн нь энэ хаврын чуулганы хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцүүлэг ажил хэрэгч, бүтээлч өрнөхөд нөлөөлөх нь гарцаагүй.
Чуулганы завсарлагын хугацаанд миний бие Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар хангайн, баруун, төвийн, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллаж малчид, хоршоологчид, худалдаа, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, хуульчид, ахлах ангийн сурагчдын төлөөлөл зэрэг 25 мянга гаруй иргэдтэй уулзлаа.
Иргэд биднээс бүрэн эрхийн хүрээ хязгаар, боломжоос хальж давсан зүйлийг хүсэхээс илүүтэй парламент нь парламент шиг ажиллахыг хэлж, сануулж байна. Иргэдээ ажил, орлоготой байлгах, үр хүүхдүүдээ орчин нөхцөл хангагдсан сургууль, цэцэрлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй, дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөн үгээ дайж байна. Энэ бол Та бидний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой гэсэн үг.
Хот, хөдөөд амьдралын чанарын ялгаа орших ёсгүй. Хот, хөдөө хамтдаа хөгжих нь нийгмийн эрх тэгш, аюулгүй, тогтвортой байдлын суурь мөн. Гэвч эрүүл мэнд, боловсролын хүртээмж, худалдаа, дэд бүтэц, бизнес эрхлэх боломж, нөхцөл ялгаатай хэвээр байна. Тиймээс энэ асуудал хууль, төсвийн бодлогын эрэмбийн эхэнд байвал зохино.
Малчид, орон нутгийн бизнес эрхлэгчид хөдөлмөрийн үр шимээрээ чинээлэг амьдрах бололцоо байна. Гагцхүү хөрөнгө оруулалт, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр хязгаарлагдмал байна. Ийм нөхцөлд хөдөөгийн бизнес эрхлэгчийг бүх шатанд эрвийх дэрвийхээрээ дэмжих ёстойг энд онцгойлон тэмдэглэе.
Иргэд, малчдын санаачилгаар эхэлж байгаа өрхийн, хоршооны үйлдвэрлэл бүс нутаг, цаашлаад улс даяар төдийгүй гадаад зах зээлд нэвтрэхэд хөнгөн үйлдвэр, технологийн паркууд ихээхэн үүрэг гүйцэтгэхээр байна.
Улсын Их Хурал одоогоос 23 жилийн өмнө Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл баталж, 10 парк байгуулахаар шийдвэрлэж байсан боловч харамсалтай нь өнөөдөр ажил хэрэг болоогүй. Тиймээс Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд байгуулагдах хөнгөн болон хүнд үйлдвэрийн паркууд бодитоор бий болоход Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо анхаарч, Улсын Их Хурлын холбогдох тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах хэрэгтэй.
Үйлдвэрлэл, бизнестэй зэрэгцэн анхаарлын төвд байх асуудлын нэг бол тэгш, хүртээмжтэй боловсрол. Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж аймаг, сумын ахлах ангийн сурагчидтай уулзахад хүүхдүүдийн үг нүүр түлэм халуун, бас үнэн байсныг хэлэх хэрэгтэй.
Олон мянган сурагчидтай уулзахад бидний ирээдүй болсон хүүхдүүд сурах, мэдэх эрмэлзэл дүүрэн байгаа нь бахархалтай. Гэвч тэдний төлөө бидний хийх ажил их байна. Мэргэжлийн багш хүрэлцээгүй, цахим хичээлийн зохион байгуулалт дулимаг, интернетийн хурд муу, номын сангийн багтаамж бага, хүйтэн сургуулийн орчин зэрэг нь Та бидний шийдэх асуудал мөн.
Нийслэл, суурин газарт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, тэр дундаа стандартын асуудлууд хурцадмал болсон. Хотын дэд бүтцийн төлөвлөлт иргэдийн таатай амьдрах орчныг бий болгоход чиглэсэн оновчтой, зөв байх учиртай. Гэр хорооллыг барилгажуулахад эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжийг оновчтой төлөвлөж, шинийг нэвтрүүлэхтэй зэрэгцэн хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэхэд нийслэлийн төлөвлөлт чиглэх ёстой.
Хотын тулгамдсан асуудлыг захиргааны аргаар шийдэхдээ Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага хөндөх тэрхүү хувилбарыг сонгохыг орон нутгийн иргэд сануулж байсныг анхааралдаа авахыг хүсье.
Дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж уншина уу.
"УЛС ТӨР, ХЭН НЭГЭН ХҮН РҮҮ ЧИГЛЭСЭН АГУУЛГА БАЙХГҮЙ"
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ноорог агентлагийг “бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан” гэх үндэслэлээр өнгөрсөн шөнө /2025.03.17/ тус агентлагийн ажлын байранд шалгалт хийж эд, зүйлсийг нь хураан авч, уран бүтээлчдээс байцаалт авсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явж буй. Уг үйл явдалтай холбогдуулан Ноорог агентлагаас мэдээлэл хийлээ.
Ноорог агентлагийн уран бүтээлч О.Уламсайхан тэрбээр "Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулсан гэсэн шалтгаанаар шалгаж байна гэсэн. Биднийг өмгөөлөгчтэйгөө уулзуулах боломж олгоогүй. Бидний хувьд өмнө нь арванхоёрдугаар сарын 31-нд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт ирж байсан. Гомдол гаргагч нь чатаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаж, бидний хийдэг бичлэгээс болж хүн амиа хорлох гээд байна гэж мэдүүлсэн байгаа юм.
Мөн MCS-тэй хамтардаг гэсэн мэдээлэл гарсан байна. Бид тэдэнтэй хамтарч ажиллаж байсан. Монголд MCS, АПУ-ийн дүрсийг авч байгаагүй газар гэж байхгүй байх гэж бодож байна. "Ноорог" бол шинэ, залуу баг. Бидэнд сонгууль маш чухал үйл явдал байсан.
Бид сонгуулийн сурталчилгааны хугацаанд аль нэг нэр дэвшигч эсвэл намыг биш, энгийн зургаан хүнийг дагаж ажилласан. Ерөнхийдөө манай кинонд улс төр, хэн нэгэн хүн рүү чиглэсэн агуулга байхгүй.
Ингэхдээ бид киногоороо тухайн тойрогт ухуулагч нар яаж ажиллаж байна, сонгогчдын боловсрол ямар байна гэдгийг л харуулах гэж зорьсон. Олон нийтийн санхүүжилтээр кино уран бүтээлээ хийж байгаа. Өөрөөр хэлбэл, бид киногоо бүтээхдээ 80 орчим сая төгрөг гаргасан. Үүний 30 гаруй сая нь олон нийтийн хандиваас боссон.
Манай оффисоос хураасан эд зүйлсийн жагсаалтыг бидэнд өгөөгүй. Гар утас, хувийн эд зүйлсийг хурааж авсан. Зарим хүмүүсээс кодыг нь асууж байгаад, хувийн мэдээллийг нь харсан. Хоорондоо юм ярихыг хориглосон.
Тролл багийн логикийг ойлгохгүй байна. Манайхаас илүү өндөр санхүүжилттэй редакцууд энд байна. Тролл баг ажиллуулна гэдэг ямар том бүтэц шаардагдахыг сайн мэдэж байгаа байх. Манайх шиг цөөхөн хүнтэй газар ажиллуулах боломжгүй” гэлээ
Ноорог агентлагийн өмгөөлөгч Наранцэцэг:
-Иргэнээс гаргасан гомдлын дагуу Ноорог агентлагийн уран бүтээлчдээс мэдүүлэг авч байгаа. Ажлын байр, гар утас гэх мэт эд зүйлд үзлэг хийсэн нь процессийн алдаатай байна. Дээрээс нь оройн 22:00 цагаас эхлэн 7:00 цаг хүртэл нийт найман хүнээс мэдүүлэг авсан.
О.АЛТАНГЭРЭЛ: "НООРОГ"- ИЙН ДАНСААР НЬ 9.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ДАМЖСАН БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр /2025.03.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явцтай холбоотой хэвлэлийн эрх, эрх чөлөөтэй холбоотой ямарваа нэг зөрчил гарсан эсэх талаар мэдээлэл танилцууллаа. Салбарын сайдын хувьд цагдаагийн байгууллагаас явуулсан өнгөрсөн үйл явдлын эргэн тойрон дахь нөхцөл байдлыг танилцууллаа. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, намын бүлгүүдэд мэдээлэл өгөх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа" гэв.
-Цагдаагийн байгууллага улс төрийн "дохиур"-аар ажиллаж байна гэдэг олон нийтийн шүүмжлэл явж байна. Ноорог медиагийн асуудлыг ямар гомдлоор шалгасан бэ?
-Хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдаж байгаа учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй. Энэ хүрээнд шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны зургадугаар сар, 2024 оны есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангиудаар шалгагдаж байсан гэх мэдээлэл байна. Одоог хүртэл шалгагдаж байна. Гэнэт болсон үйл явдал биш. Дээрээс нь цагдаагийн байгууллага улс төрийн заавраар ажиллаж байна гэж үзэж байгаа бол энэ үйл ажиллагааных нь үзүүрт улс төрийн ямар эрх ашиг байх юм бэ гэдгийг тогтоох ёстой.
Цагдаагийн байгууллагаас өчигдөр олон нийтэд хандаж мэдээлэл өгсөн. Энэ бол нэг алба хаагч гараад ярьсан зүйл биш.
Хэрвээ цагдаагийн байгууллагын өгсөн мэдээлэл дунд буруу ташаа мэдээлэл байвал Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бол бүх процесс нь хуульд заасан журмын дагуу явагддаг. Энд нэг л хазгай гишгэвэл хууль зөрчдөг. Энэ ажиллагааг хийсэн хүн нь эрүүгийн хариуцлагад татагддаг. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэл бол ардаа хариуцлагатай гэдгийг мэдэгдье.
-Цагдаагийн байгууллагаас хууль зөрчиж, хойшлуулашгүй ажиллагаа явуулсан гэдэг мэдээллийг өмгөөлөгч нь өгсөн. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Хойшлуулашгүй ажиллагааг Эрүүгийн хуулийн дагуу яг тухайн нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж, баримт нотолгоо цуглуулдаг. Цагдаагийн байгууллага өдөрт хэдэн арваараа, сард хэдэн зуугаараа хийдэг ажил. Нэг удаа хийсэн ажил биш. "Манай хүүхдийг хүн зодсон" гэдэг гомдол ирвэл хэн зодсон бэ гээд хайдаг ажиллагаа юм. Энэ асуудалд огт баривчилгаа явагдаагүй. Хойшлуулашгүй журмаар хүнийг баривчилбал прокурорын зөвшөөрөл авдаг.
Цагдаагийн байгууллагаас "Энэ хүнийг баривчилъя" гэж хандсан ч прокуророос ямар ч зөвшөөрөл олгоогүй байна. Албан ёсны баривчилгаа явуулаагүй.
Харин компьютер техник хэрэгсэлд үзлэг хийж, бэхжүүлж, баримтжуулсан үйл ажиллагааг явуулжээ. Энэ үйл ажиллагаанд хамгийн гол хөндөгдөж байгаа асуудал хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ямар нэг байдлаар хандсан байна уу, хэвлэн нийтлэх контенттой холбоотой байна уу гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Өмгөөлөгчдийн тайлбарыг харсан. Би олон жил өмгөөлөгчөөр ажилласан хүн. Өмгөөлөгч нь гомдлоо гаргаад шалгуулах ёстой. Өмгөөлөгчийн ярианд дурдсан зарим үйл баримт үнэн бол энэ үйл ажиллагаанд оролцсон хүмүүс өөрсдөө эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хууль нь ийм юм. Ажил, албан тушаалтай холбоотой алдаа гаргасан бол хатуу хариуцлага хүлээлгэнэ. Би эхний удаа угаартаж нас барсан иргэдтэй холбоотойгоор мэдээллийг цагдаагийн байгууллага зохион байгуулалттайгаар тараасан бол хариуцлага хүлээлгэнэ гэж мэдээлсэн. Өнөөдөр энэ хэрэг шалгагдаж, хоёр хүн дээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаад байна. Энэ хүрээнд сая өгсөн мэдээллээр хууль бус зүйл хийсэн бол цагдаагийн байгууллага хариуцлага хүлээнэ. Өмгөөлөгч нар гомдлоо гаргах ёстой. Прокурорын байгууллагад гомдол гаргаж болно. Энэ байгууллага шалгаж шийдвэрлэдэг. Тал талын байр суурийг анхаарч сонсоосой. Өөрсдийнхөө эрхийг хамгаалахын төлөө дуугарч байгаа залуусыг хүндэтгэж байна. Гэхдээ үнэн бол ганц байдаг. Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол ирсэн бол үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаагаа нь бүх зүйл нь хууль ёсных байхад буруутгаж болохгүй. Хэрвээ улс төрийн буруутгал байх шаардлагатай бол хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан алба хаагчид бус би өөрөө хариуцлага хүлээхэд бэлэн байна.
-"Ноорог" медиагийн залуусыг Эрүүгийн хуулийн 19.9.1 зүйл ангиар шалгаж байна гэсэн. Хуулийн байгууллагаас өөр зүйл ангиар шалгаж байгаа гэсэн шүү дээ?
-Эрүүгийн хуулийн "Худал мэдээлэл тараах" гэсэн 13.14 дүгээр зүйл өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Үндсэн хуулийн Цэц дээр өргөдөл гаргаж, маргаан үүссэн эсэхээс үл шалтгаалан тухайн зүйл заалтыг түдгэлзүүлэх эцсийн шийдвэр гараагүй л бол хүчин төгөлдөр үйлчилдэг. Мөн дээрээс нь Монголд хүний хувийн мэдээлэл халдашгүй байх ёстой. Энэ зарчмыг би ажил авсан цагаасаа цагдаагийн байгууллагад тавьсан. Хохирогчийн хувийн мэдээллийг задалж болохгүй гэдэг шаардлагыг тавьж байгаа. Гэтэл яг одоо сэжиглэн шалгаж байгаа энэ асуудлыг харахаар бусдын хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан байж болзошгүй сэжиг таамаг байна гэсэн. Нарийн процесс дээр би оролцох эрхгүй. Миний хувьд цагдаагийн байгууллага хууль зөрчиж байна уу, хүний эрх, эрх чөлөөг хангаж байгаа эсэхийг л хянах үүрэгтэй албан тушаалтан юм.
Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг сэтгүүлч хэвлэн нийтэлж, үр дагавар гарвал сэтгүүлч тайлбар хэлнэ. Төрийн нууцыг ил мэдээлж, задруулсан бол эх сурвалжийг нь асууна.
Харин үндэсний аюулгүй байдал, ямар нэг гэмт хэрэгтэй холбоогүй бол сэтгүүлч эх сурвалжаа нууцална. Монгол Улсад сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэж юу вэ, ямар байх ёстой юм бэ гэдэг стандарт огт байхгүйгээс болоод Эрүүгийн хуульд байдаг сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах гэдэг гэмт хэргээр нэг ч хүн шийтгэгдээгүй байна. Гэтэл санаатайгаар саад учруулсан тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Хэвлэлийн бүхий л редакци энэ замыг туулж, бичлэгээ устга гэдэг. Тиймээс энэ талаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд энэ тухай тусгаж, зааглаж өгч байгаа.
-Цагдаагийн алба хаагчид "Ноорог" медиагийн залуусын гар утсыг хураан авч, кодыг нь хэлүүлэх эрхтэй гэж хэлж байсан. Ийм эрх байдаг юм уу. Бас тэднийг цахим мөрийтэй тоглоом тоглосон асуудлаар шалгасан гэдэг нь үнэн үү?
-Хувь хүний нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй нэр устай мэдээлэл өгч чадахгүй. Энд өгсөн мэдээллийн цэг, таслалын хариуцлагыг хүлээнэ. Бидэнд өгсөн мэдээллээр болон урьдчилж хянаснаар 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоом энэ пэйжтэй холбоотой шалгагдаж байгаа этгээдийн зургаан дансаар дамжин гүйлгээ явсан байна. Мөн энэ мэдээлэл өгсөн хүмүүс дунд 2024 оны есдүгээр сараас эхлэн одоо хүртэл бусдыг амиа хорлоход хүргэх зүйл ангиар шалгагдаж байна. Үүний цаана хохирогч байна гэсэн үг. Хуурамч мэдээлэл өгсөн зүйл байхгүй. Бид хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой асуудалд ач холбогдол өгч байгаа. Энэ хэрэгт шалгагдаж байгаа зургаан дансыг шалгаж байна. Энэ мэдээллүүд худлаа байвал заавал хариуцлага хүлээнэ. Бид нэлээд нягталсны эцэст олон нийтэд мэдээлэл өгсөн.
О.СЭРГЭЛЭН: 430 хүнд амьд донор олдохгүй, амь гуйгаад байж байна
Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулууны өмгөөлөгч болон УНТЭ-ийн Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд өнөөдөр /2025.03.19/ мэдээлэл хийлээ.
Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн:
-Эрхтэн шилжүүлэх үйл ажиллагаа дэлхийд хөгжөөд 40 гаруй жил болж байна. Монгол Улсад эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хөгжиж эхлээд 20 орчим жил болж байгаа. Ингэхдээ сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байна. Өнөөгийн энэ хөгжилд хүрэхэд эд, эс эрхтэн суулгах явцын талаар иргэдэд гүйцэт ойлголт өгөөгүй юм байна. Үүнээс үүдэж ийм асуудал гарлаа. Анх 2011 онд элэг шилжүүлэн суулгаснаас хойш УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах төвд өнөөдрийн байдлаар 306 хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Ингэхдээ 17 хүнд тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан. Энэ нь ердөө 5 хувь гэсэн үг. Бусдад нь дандаа амьд донороос элэг шилжүүлэн суулгасан. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах алба 2018 онд байгуулагдсан. Тус алба байгуулагдсанаас хойш талийгаач болсон 270 гаруй хүний ар гэрт санал тавьснаас 31 хүний ар гэрээс тархины үхэлтэй донор болохыг зөвшөөрсөн.
Элэг шилжүүлэн суулгах багт элэгний үйл ажиллагаа нь эргэшгүй өөрчлөлтөд орсон 430 хүнд амьд донор олдохгүй, тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад амь гуйгаад горьдлого тээгээд байж байна.
Сүүлийн гурван жилд донорын жагсаалтад байсан 30 гаруй хүн донор олдохгүйгээс нас барсан. П.Батчулуун эмч болон эс, эд эрхтэн суулгах албатай холбоотой асуудал гарснаас хойш тархины үхэлтэй донор байхгүй болж амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна.
П.Батчулуун эмчийн биеийн байдал ч хүнд байгаа. Түүний хувьд 2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлгийн үеэр зүрх нь 10 гаруй минут бүрэн зогсож байсан. Шүүхийн шийдвэрийн дараа мөн л зүрхний үйл ажиллагаа нь зогсож тэлэгч тавиулсан. Эмч ч гэсэн хүн, эмч хүн ч өвддөг. П.Батчулуун эмчийн хувьд суурь өвчин ихтэй. Таван удаа зүрхний стент тавиулсны хамгийн сүүлчийнх нь хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж эхэлсний дараа буюу өнгөрсөн хоёрдугаар сард суулгуулсан. Өнөөдөр зүрхний үйл ажиллагаа явуулах магадлал нь 33 хувьтай байгаа. Эрүүл мэнд ийм хүнд байдалд байгаа хүн өнөөгийн хууль шүүхийн маргааныг тэсэж гарна гэдэг хүнд. Эмч бид нар П.Батчулуун эмчийг гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байна. Журмын дагуу л үйл ажиллагаа явуулсан. Тиймээс П.Батчулуун эмчид өршөөл үзүүлээч гэж хүсэж байна гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж уншина уу.
"ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ, УЛААНБУРХАН ӨВЧНӨӨР ӨВДӨЖ БАЙГААГҮЙ ХҮМҮҮС ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ"
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.03.21/ амьсгалын замын халдварт өвчний талаар ээлжит мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.СУВДМАА:
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний 66 тохиолдол батлагдаад байна. Эдгээрээс зөөвөрлөгдсөн таван тохиолдол,и бусад нь дотоодын халдвар байна. Нийт тохиолдлоос 23 нь эдгэрч эмнэлгээс гарсан. Нууц үеийн хугацаа нь дуусаад бүрэн хяналтаас гарсан таван тохиолдлын хавьтлууд байгаа. Анхны зөөвөрлөгдөж, батлагдсан тохиолдлоос хойш авч үзвэл гуравдугаар сарын 14-нөөс хойш тархалт нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Учир нь өвчлөлийн нууц үеийн хугацаа 14-21 хоног байдаг. Цагаан сарын өдрүүдийг тооцож үзвэл нууц үеийн хугацаа дууссаны дараа өвчлөлийн тархалт нэмэгдсэн байгаа юм.
Улаанбаатарт дийлэнх тохиолдол бүртгэгдсэн. Булган аймгаас хоёр сэжигтэй тохиолдлын сорьц ирснээс нэг нь батлагдсан. Мөн Дундговь, Өмнөговь аймагт өвчлөл батлагдсан үзүүлэлттэй байна.
Нэргүй 2025-03-23 66.181.191.207
Хотын тулгамдсан асуудлыг захиргааны аргаар шийдэхдээ Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага хөндөх хувилбарыг сонгохыг сануулсан … гэсэн нь юу гэсэн үг юм бол доо. Багаар бол зөрчиж болно гэж УИХ-ын дарга хэлж ярьж яваа юм уу… Энэ үгнийхээ төлөө огцрох биш үү…