Тариаланчид буудайн борлуулалтад санаа зовж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Тариаланчид буудайн борлуулалтад санаа зовж байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Бат­болд өнгөрсөн долоо хо­ногийн амралтын өдрүүдэд газар тариа­лангийн бүс нутаг Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажил­лалаа. Цаг агаарын цочир хүйтрэл, цас борооноос урьтаж тариагаа ху­раа­хаар яаравчлах тариаланчдын хувьд өнгөрсөн зургаа, долдугаар сарууд тун хатуу байж, буудайг давжааруулжээ. Хэдийгээр буудай давжааран өндөр ургаагүй ч цавуулаг өндөртэй, чанарын хувьд сайжирсан тухай тариаланчид онцолж байна.

Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт орших “Бүтлийн ундар­га” компани дөрвөн жилийн өмнө бай­гуулагджээ. Тус компани энэ жил 1200 га-д үр тариа, 20-га-д төмс хүнсний ногоо тариалсан. Урьдчилсан балансаар нэг га талбайгаас 30 цн улаан буудай хураан авах төлөвтэй. Ингэж чадвал нийт 6500 тонн улаан буудай хураан авах боломж бий. Одоогоор тариа хураалтын ажил ид дундаа яваа. Цаг агаар тааламжтай байвал энэ сард багтаан ажлынхаа ард гарна. Гэхдээ Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр сарын дундуур цаг агаар муудаж болзошгүй гэх анхааруулга өгсөн, тиймээс Эрдэнэтийн цэргийн ангийнхныг ажиллуулахаар хүсэлт гаргаад байгаа тухай тус компанийн захирал Л.Батсүх Ерөнхий сайдтай уулзахдаа хэллээ. Ургац хураалтын ажилд тус компани жил бүрийн намар 30 орчим цэргийг дайчлан ажиллуулдаг. Тэд үндсэндээ 15 хоног ажилладаг, тариаланчдын хувьд цэргүүдийн аж­лын хугацааг сунгах хүсэлт байвч цэрэг татлагын ажилтай ургац хураалт давхцдаг нь тэднийг дайчлах боломжгүй болгодог гэнэ. Тиймээс Засгийн газрын тэргүүнээс энэ тал дээр анхаарал хандуулахыг хүссэн юм.

Мөн тэрбээр Атрын гуравдугаар аян өгөөжөө өгч, олон зуун тариаланчдын хувьд тариалалтын эргэлтийн талбайгаа өргөжүүлэх, техникээ шинэчлэх боломж олгосныг ч дурдаад авлаа. “Бүтлийн ундарга” компанийн хувьд Засгийн газраас хэрэгжүүлж ирсэн бодлого, зарим тусламжийн дүнд тариалангийн нийт эргэлтийн талбайгаа 2400 га-д хүргэжээ. Түүнчлэн 2008 онд 600 сая төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй урт хугацааны зээл, Засгийн газрын шугамаар услалтын системийн бай­гуу­ламж барих зорилгоор 120 сая төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр авсан. Түүгээрээ 645 сая төгрөгийн өртөг бүхий 140 га талбайд услалтын системийн барилга байгууламж шинээр байгуулж, 481 сая орчим төгрөгөөр техникүүдээ шинэчилжээ. Ингэснээр техникүүдийнхээ 50 хувийг бүрэн шинэчилсэн. Ирэх жилд усалгаатай газар тариалангийнхаа талбайг 100 га-гаар нэмэгдүүлэх зорилт тавьсан. Улсын нөөцөд 300 гаруй тонн улаан буудай нийлүүлнэ, нэг их үнэрхээд байхгүй. Засгийн газрын хуралдаанаас нэг тонн улаан буудайг хэдэн төгрөгөөр худалдан авахаар шийдвэр гаргана, түүгээр нь тушаачихна, гэдгээ хэлэв.
Гэхдээ тариаланчдын дунд хурааж авсан буудайгаа улсад тушааж чадах уу, үлдсэнийг нь хаана нийлүүлэх вэ гэдэгт санаа нэлээд зовниж буй аж. Хэдийгээр энэ жилийн хувьд өнгөрсөн жилтэй харьцуулахад улаан буудайн эрэлт дэлхийн зах зээл дээр өндөр авч, үнэ “тэнгэрт хадаж” байгаа ч импортын буудай, гурилд тавих цензурыг өндөрсгөхгүй бол дотоодын үйлдвэрлэгчид тэдэнд “цохигдох” магадлалтай. Тиймээс тариаланчид болоод дотоодын гурил үйлдвэрлэгчдээ импортлогчдоос хамгаалсан бодлогыг гаргаж, хэрэгжүүлэх шаардлага байна гэдгийг захилаа.

Тариаланчид өрийн дарамт үүсгэж ирсэн Нэмэгдсэн өртгийн албан тат­ва­раас чөлөөлүүлэх хүсэлтийг хоёр жилийн өмнөөс тавьжээ. Энэ ажил ямар шатанд явааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас сураглав. Салбарын сайд нь хэлэхдээ “Газар тариалан эрхлэгчдийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд, шийдвэрлэх нь зүйтэй гэсэн. Энэ асуудлыг Сангийн яамнаас тодорхой судалгаа, тооцоо хийгээд, хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын намрын чуулганаар асуудал бүрэн шийдэгдэх байх” гэлээ.

Улсын хэмжээнд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж 1000 гаруй аж. Эдгээрээс 2000 га гаас дээш талбайтай аж ахуйн нэгж 100 гаруй. Өнгөрсөн хугацаанд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд томрох хандлагатай болсон. Компаниуд томроод ирвэл Монгол Улсын хувьд улаан буудай болоод гурилын нөөцөд санаа зовох зүйлгүй болж, экспортлогч орон болох боломж бийг Ерөнхий сайд онцолсон юм.  
10 мянган га-д ангилан хадалт хийжээ 

Монгол Улс энэ жил 330 мянган тонн улаан буудай хураан авах бололцоотой  гэсэн урьдчилсан тооцоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргажээ. Ийм хэмжээний буудайгаар 250 мянган тонн гурил үйлдвэрлэх бололцоотой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар тариаланчид болоод гурил үйлдвэрлэгчидтэйгээ нягт хамтарч ажиллаж чадвал гурилын хомсдол үүсч, үнэ өсөх хандлага ажиглагдахгүй гэдгийг Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Ундрагач” компанийн үйл ажиллагаатай танилцахдаа хэллээ. Тус компани 70 мянган тонн буудай хураан авахаар шамдаж байна, техникийнхээ 20 хувийг шинэчлээд авсан, одоогоор ажилд саад учирсан зүйл алга гэдгийг компанийн захирал хэллээ. Харин цаашид зайлшгүй анхаарах асуудал нь малчид, тариаланчид хоёрын дунд мөнхөд маргаан дагуулах болсон бэлчээр аж. Бэлчээрийн тухай хуулийг даруй батлахгүй бол малчин, тариаланч хоёр буу шийдэм барихад ойрхон бол­сон. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Сэлэнгэ аймагт эрчимжсэн газар тариалан хөгжүүлэхээр тусгасан. Энэ утгаараа газар тариаланчид давуу эрх эдлэх ёстой байдаг. Гэтэл малчид тариаланчдыг үзэж чаддаггүй, газар хагалж, бэлчээргүй болгож байна гэх… Тиймээс олон жилийн турш маргаан дагуулж буй эл асуудалд цэг хатгахыг хүслээ.

Сэлэнгэ аймгийн ургацын комиссын дарга, Хүнс хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Х.Даваахүүгийн мэдээллээр сэлэнгэчүүд энэ намар улсын балансаар хувааж үзвэл үр тарианы 52 хувь, төмсний 25 хувь, хүнсний ногооны 30 орчим хувийг хураан авах төлөвтэй байна. Одоогоор 10 мянган га-талбайд ангилан хадалт хийж, 2000 га-г цайруулсан төмс хүнсний ногооны хураалт 20 орчим хувьтай, ажил жигдэрсэн. Есдүгээр сарын 15-нд орох цасыг давчихвал төлөвлөсөн хугацаандаа ургацаа хураан авах бэлтгэл бүрэн хангагдсан” гэж байна.

Харин Засгийн газрын тэргүүнийг аймгийн иргэдтэй уулзалт хийх үеэр хөндөгдсөн бас нэг чухал асуудал нь улаан буудайн үнэ болов. Улсын нөөцийг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар жил бүр тариаланчдаас улаан буудай худалдаж авдаг. Өнгөрсөн жил нэг тонн улаан буудайг 330 мянган төгрөгөөр худалдан авч байсан, урамшуулалд нь 50 мянган төгрөг өгсөн. Энэ жилийн тухайд ОХУ-д ган гачиг болж ургац алдсан, БНХАУ-д үер их хэмжээгээр болж, цагаан будаан ургац алдсан учраас тариаланчдын улаан буудайг өндөр үнээр худалдан авч дэмжих шаардлагатай гэсэн тулгалтыг тэд хийж байна. Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ч “Хүн өөрийнхөө зарж байгаа бүтээгдэхүүнийг хэзээ ч хямд үнээр борлуулахыг хүсдэггүй. Харин Засгийн газар улаан буудайг аль болох бага үнээр худалдаж авахыг эрмэлзэж магадгүй, хэрвээ ийм байдал гаргавал би тариаланчдынхаа хамтаар та бүхний эсрэг үзэлцэнэ шүү” гэдгээ ч хэлээд авлаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж