Жан Реногийн шинэчлэл

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Жан Реногийн шинэчлэл

Хөндлөнгөөс харвал Францын кино Парисын сэхээтнүүдийн зогсолтгүй яриагаар бүтэж байна. Гэхдээ Рено бол шинийг сэтгэгч, нэр төрд дуртай, олныг хөгжөөхийн тулд бүхнээ зориулдаг нэгэн юм. Жүжигчин Рено нилээд хожим буюу 40 насандаа 1988 онд гаргасан Лук Бэссоны “Гүн цэнхэр” нэртэй бүтээлээр их амжилтад хүрсэн юм. Тэрээр “Биелэгдэшгүй даалгавар” кинонд онгоцны нисгэгч, “Да Винчийн код” кинонд цагдаагийн даргын дүрийг бүтээж Холливүүдийн жүжигчин болжээ. Гэвч түүний амжилт бол жирийн нэг Европын жүжигчин Америкт нэр олохоор гэрээ орхисон хүний түүх биш. Тэр Францын кино бүтээгчдэд энгийн нэг өрнөл бүхий уран сайхны киноноос жинхэнэ хурц үйл явдлаар дүүрэн кинонуудыг бүтээх боломж олгосон ба түүний дуулиан тарьсан кинонууд Францын кино театрыг дахин шинээр тодорхойлоход тусалсан. Рено Францын киноноос Холливүүдэд тодорхой хэмжээгээр экспортолж байгаа бол мөн түүний зэрэгцээ Холливүүдийг ч Францад аваачиж байгаа билээ.
Францын кино урлагийн бүтээлийг уламжлал ёсоор нийт гурван гол төрөлд хуваадаг. Нэгдүгээрт, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан, хоёрт, бага төсвөөр бүтсэн, эцэст нь зөвхөн францчууд л ойлгодог инээдмийн кино. Өдгөө 62 настай Рено эдгээр киноны төрөлд бүгдэд нь тодорхой хэмжээгээр дүр бүтээсэн байдаг боловч “22 сум” зэрэг дөрөв дэх төрөлд багтах кинонуудад ихэнх цаг, хүч хөдөлмөрөө зориулсан юм. Пинтүү халимаг тавин, хар өнгийн жийнс, хар цамц өмссөн тэрээр Францын жуулчлал хөгжсөн Les-Baux-de-Provence тосгоны зочид буудлын ресторанд хооллож байхдаа “Францын кино урлагын цөм бол уран сайхны кино, харин хүмүүс зөвхөн нэг зүйлд л анхаарлаа төвлөрүүлж, бусад зүйлсийг орхигдуулдаг. Энэ нь киноны уран сайхныг алдагдуулах хандлагатай болж, дотор нь миний зүрх хэрхэн цохилж, миний тэнд хэрхэн ажиллаж байгааг гаргаж ирэх нь бага байна. Иймд би киногоор үзэгчдийг улам их баясгахыг хүсч байна” хэмээн хэлжээ.
Энэ өөрчлөлтөөр дамжуулан Рено нэр олж болох бөгөөд түүний гол хамтран ажилладаг Бэссонд ихэд талархаж байгаа юм. Тэдний хамтран бүтээсэн  “Гүн цэнхэр”, “Эмэгтэйг Никита гэдэг”, “Мэргэжилтэн Леон” зэрэг кинонуудын ихэнх нь олонд хүлээн зөвшөөрөгдөж чадсан билээ. Хэдийгээр тэд Холливүүдээс гарч байгаа бүхнийг дууриахыг боддоггүй ч олонд шуугиан тарьж, хит болсон кинонуудаас байлдаан тулаантай хэсэг, хурц үйл явдал, сүртэй хөгжим гэх мэтээс нь санаа авч ажилладаг байна. Бэссон, Рено нарын амжилт бусдад ч урам зориг хайрласан юм. 1994 онд гаргасан “Мэргэжилтэн Леон” кино нь 20 сая ам.доллар олсон нь Францын олон залуу кино бүтээгчдэд адал явдлаар дүүрэн кино бүтээх хүсэл, эрмэлзлийг бий болгосон гэдэг.
Гэхдээ Реногийн хувьд Францын кино урлагт Бэссон болоод өөрийнх нь хамтран гаргаж ирсэн шинэ санаа кино урлагийнхны төдийгүй үзэгчдийн талархлыг хүлээгээгүй гэнэ. Тэрээр хэлэхдээ, “Хүмүүс Лүк бид хоёрын гаргасан шинэ замыг хүлээн зөвшөөрөхөөсөө айж байгаа. Учир нь тэд энэ замыг хянаж чадахгүй. Энэ бол аюул, эрсдэл дагуулсан зам” гэв. Аюултай гэдэг учир нь Францын кино үйлдвэрүүд бүхэлдээ засгийн газрын гар харж амьдардаг. Гэтэл засгийн газар кино урлагт тийм ч ээлтэй бус. Тэгээд ч Францын кино продюсэруудэд киног нь зөвхөн үзэгчид үнэлэх нь хангалттай бус санагддаг байна. Ийм л учраас найруулагчид болон кино жүжигчид өөрсдөө ч ойлгохгүй мөртлөө хямд зардлаар бүтдэг, жижиг кинонуудыг хийсээр байгаа хэмээн Рено хэлжээ.
Рено өөрийн тоглосон адал явдалтай киногоороо бусад кинонуудаас илүү гарахдаа гол нь биш харин Францын кино урлагийг илүү олонд хүргэж, нэгэн шинэ үүдийг нээхэд тусалсан юм.
Жүжигчин Рено Моррокод испани гэр бүлд төрсөн. Түүний жинхэнэ нэрийг Жуан Морено Эррере и Римэнэс гэдэг байсан ба 17 насандаа Францад ирж, 20 хэдэн насандаа нэрээ сольжээ. Тэрээр дэлгэцэнд сайн, муу залуугийн дүрийг амилуулж байсан ч “22 сум” киноны дүр түүний оргил бүтээл болсон билээ. Уг кинонд Рено гэр бүлийнхээ төлөө гэмт хэргийн ертөнцөөс холдсон “Марсэлэ” бүлэглэлийн гишүүн асан Чарли Мэттигийн дүрийг бүтээдэг. Гэтэл өрсөлдөгч бүлэглэлийн толгойлогч түүнийг алахыг санаархаж, биед нь 22 ширхэг сум зооно. Гэсэн ч гол дүр маань амьд үлдэж, тэднээс өшөөгөө авахыг хүснэ. “Мэтти өнгөрсөн амьдралаараа эргэн тойрон өөртөө аюулын үр цацсан, аймшиггүй зоригтон. Нөгөө талаар өрөвч нинжин сэтгэлтэй, энэрэнгүй хүн” гэж Реногийн олон жилийн анд, кино найруулагч Ричард Бэрри хэлжээ. Тэрээр энэ киногоо зохиолч Франз Оливер Гиэспэртийн 1960 онд амьдарч байсан гэмт хэрэгтэн Жэки Импэртийн тухай бичсэн зохиолоос сэдэвлэн хийжээ.
Түүнчлэн Реногийн 12 настай охин Натали Портмэнтэй хамтран тоглосон  “Мэргэжилтэн Леон” кино нь үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулсан. Тус кинонд нэг залуугийн өнчин охинтой дуртай дургүй нөхөрлөж буй түүхийг өгүүлнэ. Энэ кино Винсэнт Кассэл, Мэтиу Кассовитз зэрэг жүжигчид, Холливүүдтэй хамтран ажиллах зэргээр Францын кино урлагийнханд олон сайхан үүдийг нээж өгсөн.
Мөн тэрээр дүнсгэр дээрэмчин Галлик Силвестер Сталлоны дүрд тоглож байсан бол эсрэгээр нь 2006, 2009 онд “Ягаан Ирвэс” инээдмийн кинонд Стив Мартины дүрийг бүтээж байжээ. Харин удахгүй дэлгэцэнд гарах “Хомрого” нэртэй 1942 оны Парисын жүүдүүдийн цөллөгийн тухай кинонд эмчийн дүрд тоглож байгаа аж. Портмэн түүний талаар “Сайн жүжигчин гэж инээдмийн, эмгэнэлт гээд аль ч дүрийг бүтээдэг хүнийг хэлнэ.  Учир нь тийм жүжигчид дүнсгэр кинонд ч хошин хэсгийг үзүүлж чаддаг. Жүжигчин Рено бол тийм л нарийн чадвартай мундаг жүжигчин” гэжээ.

Бэлтгэсэн Б.Оюун

Зохиогчийн эрх: “Үндэстний тойм” сэтгүүл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж