"The New York Times"-ийн мэдээлснээр, Хятад улс Канадын дөрвөн иргэнийг мансууруулах бодистой холбогдох хэргээр яллаж, цаазаар авсан байна. Үүнийг Канадын засгийн газар хүчтэй буруутгаж, хоёр орны дипломат харилцааг эргэн харахад хүргэжээ. Тус улсын гадаад хэргийн сайд Мелани Жоли Лхагва гаригт (2025.03.19) хэвлэлийн бага хурал дээр Хятад улс цаазын ялыг гүйцэлдүүлсэн болох нь батлагдсан гэж мэдэгдсэн байна. Мөн дөрвөн иргэнийхээ өмнөөс Оттовагийн эрх баригчид өршөөл үзүүлэхийг хүссэн боловч эцэст нь амжилтгүй болсон гэж онцлон тэмдэглэв. Жоли үргэлжлүүлэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Бид Хятадтай үргэлжлүүлэн харилцаж, буруутгасаар байх болно. Үүнээс гадна, төстэй хэрэгт холбогдсон канадчуудад өршөөл үзүүлэхийг хүсэх болно" гэжээ.
Хятад улс цаазаар авах ялыг гүйцэлдүүлэх тухай хамгийн анх "The Globe and Mail" сонин Канадын Глобал хэрэг эрхлэх газраас иш татан мэдээлсэн юм. Уг мэдээллийн дагуу цаазаар авах ялыг энэ оны эхээр гүйцэлдүүлсэн боловч огноо нь тодорхойгүй байна. Оттова дахь Хятадын элчин сайдын яам цаазаар авах ялын тухай шийдвэрийг зөвтгөж, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хатуу шийтгэл ногдуулдаг гэж мэдэгджээ.
Гадаад хэргийн сайд Жоли хэлэхдээ, тэрбээр ерөнхий сайд асан Жастин Трюдотой хамтарч цаазын ялаас урьдчилан сэргийлэхийн тулд Бээжинд шууд өршөөл үзүүлэх уриалга гаргасан аж. Учир нь Бээжингийн эрх баригчид Канад болон Хятадын иргэншилтэй дөрвөн хүн мансууруулах бодисны хэрэгт холбогдон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан гэж мэдэгдсэн байжээ. Гэвч Хятад улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Иймд хууль эрх зүйн тогтолцооныхоо дагуу тухайн дөрвөн хүнийг зөвхөн Хятадын иргэн гэдэг үндэслэлээр шүүжээ.
Хятадад цаазаар авах ял сонссон хүмүүсийн төлөө ажилладаг, Сан Францискод төвтэй Дуй Хуа сангийн үүсгэн байгуулагч Жон Камм тухайн дөрвөн хүний өмнөөс өршөөл үзүүлэх ажиллагаанд оролцсон гэдгээ баталсан. Гэвч хувийн нууцтай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Тэрбээр цаазаар авах ялын талаар товч мэдээлэл өгөхдөө, "Давхар иргэншилтэй дөрвөн хүний хэргийг Гуандун мужид хянан хэлэлцээд, маш хурдан хугацаанд цаазалсан нь үнэхээр хачирхалтай байсан" гэжээ. Мөн шүүх ажиллагаа цаазаар авах ялыг гүйцэлдүүлэхээс өмнө хоёр жил үргэлжилсэн гэж Камм онцолсон.
Уг хэргээс өмнө 2018 оны сүүлд Хятадын засгийн газар АНУ-ын эрх баригчдын хүсэлтээр "Huawei" компанийн гүйцэтгэх захирал Мэн Ванжоуг Ванкувер хотод баривчилсан байдаг. Дараа нь Канадын иргэн Майкл Ковриг, Майкл Спавор нарыг баривчилснаас хойш Хятад болон Канадын харилцаа тогтворгүй болж эхэлсэн байдаг. "The New York Times"-ийн мэдээлснээр, Ковриг, Спавор нарыг баривчилсан нь "дипломат барьцаалах" ажиллагаа гэж ихээхэн шүүмжлэл дагуулж байжээ. Хожим Мэнг Хятадад буцаж очихийг зөвшөөрсний дараа 2021 онд Ковриг, Сповор нарыг Бээжингийн эрх баригчид сулласан байна.
Хятадад хүнд ял авсан хүмүүсийн дунд Канадын иргэн Роберт Ллойд Шелленберг мансууруулах бодис зөөвөрлөсөн хэргээр хоригдож байна. Тэрбээр анх 15 жилийн хорих ял авсан боловч Канад улс "Huawei"-гийн захирлыг баривчилсны дараа 2019 онд дахин шүүх хурал болж, ялыг нь цаазаар авах ял болгон нэмэгдүүлсэн байна.
Хүний эрхийн ажиглагч байгууллагын Хятад дахь захирлын туслах Майя Ван хэлэхдээ, Хятадад байгаа гадаад иргэд ямар ч хамаагүй аргаар баривчлагдах, шударга, ил тод бус шүүх ажиллагаанд өртөх зэрэг тохиолдол гарсан хэвээр байгааг анхааруулсан байна. Тэрбээр "Хятад хүн бүрийн адил гадаадын иргэд шалтгаангүйгээр баривчлагдах, шударга бус шүүгдэх зэрэг асуудалд өртөх эрсдэлтэй. Хятадын хууль эрх зүйн ертөнц үнэхээр том бөгөөд бид баривчлагдсан хүмүүсийн талаар хааяа л мэдээлэл олж чаддаг" гэсэн юм.
Торонтогийн их сургуулийн Хятадын улс төрийн чиглэлээр мэргэшсэн профессор Линет Онг хэлэхдээ, цаазын ялыг гүйцэлдүүлсэн хугацаа нь Канадын дипломат харилцаанд Бээжин дарамт шахалт үзүүлж буйг илтгэж байна. Учир нь Ковриг, Спавор нарын сулласны дараа тус хоёр орон харилцаагаа сэргээнэ гэж ажиглагчид үзэж байсан ч дорвитой үр дүн гараагүй гэж Онг тайлбарлажээ.
Нэргүй 2025-03-21 74.14.87.27
Amia aldsan n' xoxirdog xorvoo
Нэргүй 2025-03-21 74.14.87.27
Usyg n' uuval yosyg n' daga gedeg Mongol zuir ug surgaal' dutaj baina!!!