ОБЕГ-аас ой, хээрийн болон шар өвсний түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.03.21/ мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд:
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд, нийт зургаан аймгийн 17 суманд 21 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Дээрх хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 840 га, хээрийн 1.388.237 га талбай, 39 гэр, 15 сууц, чингэлэг, зургаан автомашин, 11 мотоцикл, 75 малын хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 6937 бог, 569 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн байна.
Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах хөдөлгөөнт 7 бүлэг, 52 алба хаагч, Хэнтий аймгийн Дадал, Баян-Овоо, Галшар, Дэлгэрхаан, Биндэр сум, Дорнод аймгийн Матад сум, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд, нийт 3 аймгийн 7 суманд ажиллаж байна” гэлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар:
-Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймрийн дуудлага бүртгэгдээгүй, шар өвс шатсан 16 дуудлага бүртгэгдсэн байна. Ой, хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд НОБГ, ЦУГ, Байгаль орчны удирдах газар, Тээврийн Цагдаагийн албанаас хамтран нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлийг өчигдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хийж байна.
Эргүүлийн хамтарсан бүрэлдэхүүн нийслэлийн 5 дүүргийн ногоон бүсийн гурван чиглэлд ой, хээрийн болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажиллана гэв.
Дрон 2025-03-21 202.9.46.71
агаараас дроноор хяна.