Миний зорилго мартагдсан хайрыг сэргээх

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Миний зорилго мартагдсан хайрыг сэргээх

ХБНГУ-д суралцаж, амьдарч байгаа хөвгүүдийн Visual Moon хамтлагийн ритм гитарчин Б.Тэмүүжинтэй интернэтээр ярилцлаа. Гоцлол дуучин Б.Тэмүүлин тэр хоёр ихэр хөвгүүд. J-Rock болон Visual Kei урсгалаар тоглодог энэ хамтлагийн “World of Darkness” дуу Youtube сайтаар тарж, сүүлийн үед охид, хөвгүүдийг байлдан дагуулж буй.

-Германд хэр удаж байна? Бүтээл арвин уу?

-Тэмүүлин бид хоёр багаасаа энд өссөн. Найман жил болж байна. Монгол руугаа ирэн очин байдаг. Бусад маань ирээд удаагүй. Бид энд шинэ санаа эрж хайж байна.

-Визуал кэй урсгалын тухай танилцуулаач? Танай хамтлаг хэдэн дуутай болоод байна?

-Visual kei урсгал 1980-аад оны дундуур дэлгэрсэн, Японы орчин үеийн хөгжмийн хэв маяг. Kabuki театрыг Glam Rock-той хольсноос үүссэн гэдэг юм билээ. Панк, металтай ч холбоотой. Бидэнд одоогоор бэлэн болчихсон найман дуу бий. Тун удахгүй “Remind me” дуугаа youtube дэх өөрсдийн channel-аар цацах бодолтой байгаа. Клип хийж ч магадгүй. Яг таг шийдээгүй байна. Ер нь бид олны танил болоход хараахан эрт байна гэж боддог юм. Илүү их чадвартай болмоор байна. Сурч боловсрох хэрэгтэй. Коллежийн зуны сургалтанд урлагийн холбогдолтой чиглэлүүдээр хичээллэж байгаа.

-Ямар ямар мэргэжлээр суралцаж байгаа юм?

-Тэмүүлин шоу бизнесийн менежерийн, би тонмэйстэрийн мэргэжлээр сурдаг. Гоцлол гитарчин Мааяа хувцасны дезайнерийн, басс гитарчин Казуяа шоу менежментийн, бөмбөрчин Нараа үсчний, электрон хөгжимчин Дисон болохоор аранжмэйстэрийн чиглэлээр сурдаг.

-Яаж яваад хөгжимтэй холбогдчихов оо?

-Багадаа би өөрийгөө харь гаригийнх, энэ хүмүүсээс шал өөр гэж яагаад ч юм боддог байлаа. Ийм стиль байдгийг ч мэддэггүй хэрнээ ингэж хувцаслаад л явна. Дуртай хамтлаг, дуучныхаа бүтээлийг сонсож байхдаа дуучны дуулж байгааг биш дууны ая аялгуу, ард нь эгшиглэх хөгжмийг нь илүү сонирхож сонсоно. Есдүгээр ангид байхаасаа хөгжим оролдож, интернет дэхь хөгжмийн хичээлүүдийн тусламжтайгаар бие даан гитар тоглож сурсан юм. Ер нь Youtube миний багш.  

-Тэмүүлин та хоёрын сонирхол, хэв маяг харилцан нөлөөлсөн үү?

-Өвөө маань генетикч хүн. “Адилхан төрхтэй ихрүүдийн зан чанар ялгаатай, ондоо ихрүүдийнх адилхан” гэж ярьдаг юм. Бид хоёр шал өөр төрхтэй болохоор сонирхол ижилхэн байдаг байх. Хэн хэн маань багаасаа л хөгжим сонирхдог байсан. Аль цэцэрлэгт байхын төгөлдөр хуурч болно гэж ярьцгаадаг байлаа. Жаахан хүүхдүүд мөртлөө ямар нэг өөрчлөлт хийнэ гэж тэмүүлж, оргилж явдаг байсан, одоо түүндээ хүрэхээр зүтгэж байна даа.

-Мөрөөдлөө биелүүлэх гээд явж байгаа гэсэн үг үү?

-Анхандаа мөрөөдөл байсан, одоо зорилго болсон.

-Мөрөөдөл, зорилго гэснээс, амьдралыг юу гэж үздэгээ сонирхуулаач?

-Хүний туулах ёстой орон зайн нэг нь л амьдрал гэж боддог. Бид энэ орон зайгаас алга болж, дараа дараачийнхад очдог. Харин дараа нь очих газраа бид нүгэл, буянаараа шийддэг гэж боддог. Амьдрал бол цааш явах эхний зорилго. Амьдралын маань хамгийн гол зорилго нь хүмүүст итгэл, хайр бэлэглэх.  

-Хүмүүст хэр их хайр бэлэглэж байна? Найз охинтой юу?

-Хайр гэж яг хайр дурлалынх биш ээ. Миний зорилго бол хүмүүсийн дотор байдаг мартагдсан хайрыг сэргээх. Найз охинтой болоход арай эрт байна. Юм болгоны цаг нь заавал ирж л таараа.

-Хүмүүст хайр, итгэл бэлэглэх сайхан зорилготой юм.  Бурханлиг сонсогдож байна шүү?

-Бурхан байдагт би итгэдэггүй. Үнэхээр байдаг бол яагаад хүмүүсийн хүслийг биелүүлэхгүй байгаа юм бол гэж хэн ч бодож үзээгүй байх. Тайлж чадахгүй байгаа зүйлээ хүмүүс бурхан руу чихдэг. Гэтэл бурхан биш, сэтгэл, тэгээд бодол санаа нь хүмүүсийг хүссэн зүйлд нь хүргэдэг. Эерэг, сөрөг энергийн харилцан үйлчлэл бүхнийг шийддэг гэж би итгэдэг. Сайн сайхныг бодож байвал ажил үйлс бүтдэг. Муу муухайг хийвэл сөрөг энергүүд цугларч ажил нь бүтдэггүй.

Ярилцсан Э.Сударчулуун.

Зохиогчийн эрх: “Үндэстний тойм” сэтгүүл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж