Технологи: "Харанхуй үйлдвэр"-ийн ЭРИН

Технологи: "Харанхуй үйлдвэр"-ийн ЭРИН

Технологи: "Харанхуй үйлдвэр"-ийн ЭРИН

Хятад шинэ үеийн технологийн өөр нэгэн давалгааг эхлүүлж, хүний оролцоогүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо. Техник, технологийн "Xiаomi" компани хиймэл оюун ухаан дээр суурилсан "харанхуй үйлдвэр"-ийг ашиглалтад оруулжээ. Өөрөөр хэлбэл, хүний оролцоогүй, гэрэлгүй үйлдвэрт хиймэл оюун ухаант роботууд бүтээгдэхүүн үйлдвэрлэх дамжлагыг 100 хувь гардан гүйцэтгэх аж. Шинэхэн нээгдсэн харанхуй үйлдвэр нь нэг секундэд нэг ухаалаг гар утас үйлдвэрлэж байгаа гэнэ. Ийнхүү үйлдвэр бүрэн автомажиж, хүний оролцоогүй болсон учир ирээдүйд дэлхий даяар ажилгүйдэл, ажиллах хүчний асуудал яригдах нь тодорхой боллоо. Тэгвэл хүн төрөлхтөн үүнд бэлэн байна уу?

ХАРАНХУЙ ҮЙЛДВЭР ГЭЖ ЮУ ВЭ?

Харанхуй үйлдвэр нь бүхэлдээ хиймэл оюун ухаан, робот дээр суурилсан учир байгууламжийн гэрэл, хоолны завсарлага эсвэл Хөдөлмөрийн тухай хууль зэрэг зүйлст захирагдахгүй болж байна.

Робот ажиллах учир тэнд ямар ч гэрлийн шаардлага байхгүй. Ингэснээр тог, цахилгааны мөнгөө хэмнэх боломж бүрдэж байгаа юм. Хятадын Чанпин хотод байрлах орчин үеийн тус үйлдвэр нь хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа бөгөөд тасралтгүй их өгөгдөл дээр боловсруулалт хийж, шийдвэр гаргах аж.

Ээлжээр ажилладаг уламжлалт үйлдвэрүүдтэй харьцуулахад харанхуй үйлдвэр нь материал боловсруулж, ангилахаас эхлээд эцсийн угсралт хүртэл бүхэлдээ хүний оролцоогүй машин дээр хийдэг.

НЭГ СЕКУНДЭД НЭГ УХААЛАГ ГАР УТАС

"Xiaomi" компанийн энэхүү бүрэн автоматжуулсан үйлдвэр нь нэг секундэд нэг ухаалаг гар утас үйлдвэрлэдэг. Энэхүү үзүүлэлт, үйлдвэрлэлээрээ салбартаа шуугиан тарьж байна. Хиймэл оюун ухаан, их өгөгдөл дээр суурилсан учир үйлдвэрлэл нь үр ашигтай байхаас гадна алдаа гарах нь багасчээ. Дашрамд дурдахад, тус үйлдвэрт тоосны эсрэг бүрэн автомат систем нэвтрүүлсэн тул цэвэрлэгээний ажилчдын ч хэрэг байхгүй болжээ.

Түүхий эдийн нөөц, олдоцоос хамааран одоогоор жилд 10 сая ширхэг ухаалаг гар утас үйлдвэрлэх чадалтай, 81 мянган м.кв талбайтай энэхүү байгууламжид "Xiaomi" компани 2.4 тэрбум юань буюу 330 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Энэ үйлдвэрт тус компанийн сүүлийн үеийн ухаалаг гар утаснууд болох "MIX Fold 4" болон "MIX Flip" зэрэг эвхдэг загваруудыг үйлдвэрлэхэд чиглэж байна.

АЖИЛЛАХ ХҮЧ БА АВТОМАТЖУУЛАЛТ

Ерөнхийдөө үйлдвэрүүдэд автоматжуулалт нэвтэрч эхлээд олон жилийг үджээ. Гэхдээ үүн шиг бүрэн бие даасан үйлдвэр байсангүй. Энэ нь ч ирээдүйн ажиллах хүчний асуудлыг хурцатгаж байна. Хиймэл оюун ухаан, роботууд өдөр тутмын амьдрал, хэрэглээнд нэвтэрч эхэлсэнээр ажиллах хүчний эрэлт буурч, хөдөлмөрийн зах зээлд ажилгүйдэл нэмэгдэх хандлага гарсан.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан ажлын байрны ирээдүйн тайланд дурдсанаар ойрын таван жилд дэлхий даяарх ажлын байрны 23% нь хиймэл оюун ухааны автоматжуулалтад "цохиулах" тооцоо бий. Үүнтэй ижил тайланд 2027 он гэхэд бизнесийн ажлын 42 хувийг нь автоматжуулж, компаниудыг хиймэл оюун ухааны шийдлүүд рүү түлхэнэ гэж онцолсон байна.

"Xiaomi"-аас гадна Хятадын бусад компаниуд мөн хиймэл оюун ухаанд суурилсан ижил төстэй байгууламжуудад хөрөнгө оруулалт хийж, дэлхийн ажиллах хүчний чиг хандлагыг өөрчлөх төлөвтэй.

ДЭЛХИЙ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД БЭЛЭН ҮҮ?

Харанхуй үйлдвэр ашиглалтад орсоноор бодлого боловсруулагчид, үйлдвэрчний эвлэл, эдийн засгийн шинжээчдийн дунд түгшүүр төрүүлэв. Зарим хүмүүс хиймэл оюун ухаанд суурилсан автоматжуулалт нь хэтэрхий хурдацтай хөгжиж байна гэсэн.

Хиймэл оюун ухааны тэргүүлэх судлаачид хүртэл санаа зовж байгаагаа илэрхийлжээ. "Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг", 2023 онд "Google"-ийг орхисон Жэффри Хинтон хангалттай хамгаалалтгүй дэлхий хиймэл оюун ухаанаар удирдуулсан хар дарсан зүүд рүүгээ алхаж байна гэж анхааруулсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-21 202.131.234.123

техникийн боол гэдэг үг биелэ байна даа. боол болоод сүг болоод дуусах нь

Avatar

зочин 2025-03-21 66.181.160.102

Ямар аймаар юм бэ ..Удайхгүй " THE TERMINATOR " кино биелэлээ олохнэ

Avatar

temuujin 2025-03-21 66.181.180.120

"Дрон" нэртэй хүн а**х зориулалттай роботууд дүүрэн л байх шиг байна шд. Харагдах байдлаараа хүн төст биш ч гэсэн зориулалт нь ялгаагүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж