FIBA 3×3 Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-30 ны хооронд Сингапур улсад болно. Ингэснээрээ тус улсад энэхүү тэмцээн найм дахь удаагаа буюу сүүлийн дөрвөн жил дараалан болж байгаа аж. Уг тэмцээнд Монгол Улсын шигшээ баг тамирчид оролцохоор бэлтгэлдээ аль хэдийнэ гарсан. Дөрөв хоног үргэлжлэх энэ тэмцээнд эх орноо төлөөлж эрэгтэй шигшээ багт Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар, Г.Дөлгөөн, Г.Отгонжаргал гэсэн тамирчид оролцохоор бэлтгэлээ базааж байна. Өнөөдрийн байдлаар/2025.03.20/ А.Ананд, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Ц.Отгонжаргал нарын нэрс урьдчилсан байдлаар бүртгэгджээ. Магадгүй тэмцээн эхлэхийн өмнө багийн мэдүүлэгт өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. 2023 онд Ц.Отгонжаргалын оронд О.Энхбаатар оролцож, Азийн аварга болж байсан түүхтэй.
Харин эмэгтэй шигшээ багаас Б.Ариунцэцэг, О.Хулан, Н.Номин-Эрдэнэ, М.Цэрэнлхам, М.Булбул, Ц.Болорцэцэг, Э.Нарангоо нар бэлтгэлдээ хамрагдаад байна. Харин багийн урьдчилсан мэдүүлэгт Б.Ариунцэцэг, Э.Нарангоо, М.Булбул, О.Хулан нар багтжээ.
Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар канад мэргэжилтэн Стив Сир ажиллана. Монголын эрэгтэй шигшээ баг чансаагаараа тэргүүлж А хэсэгт эзэн орон Сингапуртай нэг хэсэгт орсон. Энэхүү хэсгийн үлдсэн нэг баг нь урьдчилсан шатанд өрсөлдөх Малайз, Индонез, Бахрайн, Хонконг, Гуамын нэг нь байх болно. Тэгвэл Монголын эмэгтэй шигшээ баг чансаагаараа Хятадын ард бичигдэж, “В” хэсгийг толгойлжээ. Тус хэсэгт Тайланд багтсан. Харин үлдсэн нэг баг нь Тайвань, Энэтхэг, Хонконг, Гуамын нэг нь байх аж.

Энэхүү тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг 2017 онд анхны аваргаа авч байжээ. Тухайн тэмцээний үеэр Австрали, Шинэ Зеаланд зэрэг хүчирхэг багуудыг хожсон түүхтэй. Түүнчлэн, шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн тэмцээний “MVP” буюу “Хамгийн үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарч байв. Дараа улиралд нь ч мөн сайн тоглолтоо үзүүлж Монголын эрэгтэй шигшээ баг Австралитай аваргын төлөө тоглож, үндсэн цагт 15:15 харьцаатай тэнцэн, нэмэлт үед хожигдож мөнгөн медаль хүртсэн. Харин 2023 оны Сингапурт болсон Азийн аваргаар хоёр дахь аваргын цомоо гардан авсан.
Өнгөрсөн жил Монголын эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртсэн билээ.
Тэгвэл энэ удаагийн тэмцээнд Монголын Улсын шигшээ багтай гол өрсөлдөөнийг үзүүлэх багууд бол өнгөрсөн жилийн аварга болох Австралийн шигшээ. Тэдний хувьд цоо шинэ бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн Азийн аваргад оролцож байгаа юм. Энэхүү багийг хамгийн аюултай болгож буй зүйл нь Жон Чарльз Диллон Стит болон Алекс Хиггинс-Титша гэх хоёр тоглогч. Уг хоёр тоглогч нь довтолгоо нь дээр маш олон давуу талуудыг бий болгодог, тэсрэлттэйгээс гадна хамгаалалтад дээр ч өөлөх зүйлгүй ажилладаг учир бусад багуудыг сандаргах хэмжээний сайн баг бүрдсэн гэж хэлж болно.Саяхан Тайландад болсон Аваргуудын цомоор эдгээр залуус Сербийн хүчирхэг багт эцсийн мөчид хожигдож, АНУ-ын шигшээ хоёр ч тоглолтод хожин хүрэл медаль хүртсэн.
Чансааны хоёрт Хятадын шигшээ баг бий. Тэдний хувьд 2024 оны олимпийн багаасаа тэс өөр бүрэлдэхүүнийг илгээх магадлалтай. Энэхүү тоглогчид нь Хятадын чансаандаа дээгүүр нэрлэгддэгээс гадна маш нуруулаг бүрэлдэхүүн юм. Мөн өрсөлдөөнөөс яав ч хасаж болохгүй чансааны дөрөвт эрэмбэлэгдэж буй Шинэ Зеаландын баг. Тэдний хувьд хамгийн туршлагатай тоглогч нь улсынхаа чансааг тэргүүлж буй өдгөө 22 настай Айдан Тонге гэхээр ямар хурд хүчтэй залуу бүрэлдэхүүн гэдэг нь ойлгомжтой. Бас Рёо Озавагаар удирдуулсан шинэ бүрэлдэхүүнтэй Японы шигшээ багийг мартаж болохгүй.
Э.Ариунтөгс
3,569.17






















































Холбоотой мэдээ