Дэлхийн үзэсгэлэн-Экспо

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн үзэсгэлэн-Экспо

Дэлхийн өнцөг булан бүрээс байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцдог томоохон хэмжээний үзэсгэлэнг Олон улсын үзэсгэлэн, Дэлхийн яармаг, Үзэсгэлэн яармаг, Экспо гээд улс орнууд янз бүрээр л нэрлэдэг. Ямартай ч анхны экспо “Бүх нийтийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийн их яармаг” нэртэйгээр 1851 онд Лондон хотод зохион байгуулагдаж байсан хэмээн түүхэн баримтуудад тэмдэглэсэн байдаг. Олон улсын үзэсгэлэн худалдааг “Их яармаг” хэмээн нэрлэх санааг анх Хатан хаан Викториягийн нөхөр Альберт гаргаж байсан бөгөөд анхны “Их яармаг”-ийн үеэр үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нийтэд танилцуулан, сурталчилж, борлуулж байсан гэдэг.




Хожим нь “Дэлхийн яармаг” хэмээн овгоо өөрчилсөн “Их яармаг” олон олон үзэсгэлэнгийн анхдагч болсон төдийгүй олон улсын худалдаа, харилцаа, аялал жуулчлал төдийгүй урлаг, дизайны салбарын хөгжилд нэлээд түлхэц болдог гэдгийг мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.

Дэлхийн яармагийг зохион байгуулагчид улс үндэстнүүдийн үзэсгэлэнгийн танхимын онцлог, хэв маягт ихээхэн ач холбогдол өгөх болсон. “Ханновер 2000” экспогийн үеэр улс орон бүр өөрсдийн улс орны хэв маяг, зан заншлыг илтгэсэн барилгын бүтээлийн тухай мэдээлэл, макетыг танхимдаа байрлуулж байсан. Тухайн үед танхим түрээслэх өртөг 13 сая евро хүрч, Германд 350 сая еврогийн орлого орж байж. 1928 онд мэргэжилтнүүд яармаг зохион байгуулахтай холбоотой конвенц баталж, Олон улсын үзэсгэлэнгийн хороо буюу BIE-г байгуулсан байдаг. Ингэснээр тус байгууллага үзэсгэлэн байгуулах зөвшөөрөл олгох, дэлхийн эсвэл олон улсын, мэргэжлийн гэх тодотголыг өгөх зэрэг “Дэлхийн яармаг”-тай холбоотой бүхий л асуудлыг хариуцах болжээ. BIE–аас олгосон зөвшөөрлийн дагуу олон улсын чанартай үзэсгэлэнгүүд ихэвчлэн 3-6 сарын зайтай зохион байгуулагддаг.

Түүх

Хэдийгээр анхны үзэсгэлэн Лондонд зохион байгуулагдсан ч Дэлхийн яармаг Францаас үүдэлтэй. Францад бүс нутгуудынхаа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор үзэсгэлэн хийдэг байсан нь ийн Европод тархаж, удалгүй Олон улсын чанартай болон Лондонд 1851 оны тавдугаар сарын 1-нд зохиогджээ. Үүнээс хойш Экспогийн хөгжлийн түүх гурван эринийг дамжин өнөөг хүрсэн байдаг.

Үйлдвэржүүлэлтийн үе (1851–1938)

Эхний үе нь мэдээж үйлдвэржүүлэлтийнх. Энэ төрлийн үзэсгэлэнгээр эхлэлээ тавьж, дэлхий нийт үйлдвэржүүлэлтэд анхаарлаа хандуулаад байсан гээд энэ эриний онцлогт нөлөөлөх хүчин зүйл олон. 1938 он хүртэл зохиогдож байсан Экспо ихэвчлэн худалдаа, технологийн ололт, дэвшилтийг түлхүү сурталчилж, нийтийн хүртээл болгохыг гол зорилгоо болгож байжээ. Хэдийгээр 1851-1938 оныг үйлдвэржүүлэлтийн үе хэмээн нэрийддэг ч өнгөрсөн хугацаанд урлаг, шинжлэх ухаан, технологийн асуудал экспогоос хэзээ ч гээгдэж байгаагүй. Хүн төрөлхтөн тэднийг экспотой хамтад нь хөгжүүлж авч ирсэн байдаг.

Соёлын солилцооны үе (1939–1987)

Үүнээс хойш Дэлхийн яармаг соёлын салбарт илүүтэй анхаарал хандуулах болж. Өнөө маргаашийн хэрэглээгээ хангаж чадахуйц болсон улс гүрнүүд бодит ертөнцөөс хөндийрч, хийсвэр сэтгэлгээ, ирээдүйг зөгнөсөн бүтээлүүдээр танхимаа дүүргэх сонирхолтой болж. Технологи, зохион бүтээгчдийн шинэ ололт, нээлтэд тулгуурласан энэ үе төдийлэн удаан үргэлжилсэнгүй. Гэлээ ч “Ирээдүйн барилга” (Нью-Йорк, 1939 он), “Спорт” (Стокгольм, 1949 он) зэрэг үзэсгэлэнгүүд өдгөө ч дурсагдсаар буй. Соёлын солилцоо үзэсгэлэнд эрчимтэй нөлөөлөх болсон 1960-аад онд BIE-ийн гишүүд Дэлхийн яармагт “Экспо” хэмээх шинэ нэр хайрласан байдаг.

Үндэсний брэндийн үе (1988–одоо хүртэл)

Австралийн Брисбан хотноо 1988 онд болсон Экспогоос эхлэн улс гүрнүүд үзэсгэлэнгийн танхимдаа өөрийн улсын соёл, зан заншилтай холбоотой зүйлсийг байрлуулах чиг хандлагатай болсон. Энэ моодыг Финланд, Япон, Канад, Франц, Испани тэргүүтэй улс орнууд эхлүүлсэн гэдэг.

Удалгүй энэ үзэл хүчтэй тархаж Ханноверийн Экспогийн үеэр оролцогчдын 73 хувь нь танхимаа бяцхан эзэнт гүрэн мэт тохижуулсныг судалгаагаар тогтоосон байдаг. Үндэс язгуураа үнэд оруулах үзэл дэлгэрч, үндэсний брэндийн үе эхэлсэн байна. Өөрсдийн давуу тал онцлогоо илэрхийлсэн танхим өдгөө ч Экспогийн өнгө төрх болсоор буй.

Төрөл

Саяхнаас Экспог бүртгэлтэй болон зөвшөөрөгдсөн гэх хоёр төрөлд ангилан ялгах болсон. Нэгэн цагт “Дэлхийн яармаг” хэмээгддэг байсан бүртгэлтэй Экспо далайцынхаа хувьд хамгийн том нь. Оролцож байгаа улс орнууд өөрсдийн танхимыг түрээслэн, өөрийн улсынхаа жижиг загварыг бүтээчихдэг тул багагүй зарлага гардаг, түрээсийн талбай нь үнийнхээ хувьд үзэсгэлэн, яармагуудаас хамгийн өндөрт тооцогддог гээд “Бүртгэлтэй Экспо”-г чанар чансааг тодорхойлох зүйл тоймгүй олон. Өмнө нь Дэлхийн яармаг хоорондын зайг хагас жил хэмээн тогтоодог байсан бол 1995 оноос энэ тоо нэмэгдэж, таван жил болсон. Энэ оны арваннэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх “Шанхай Экспо 2010” энэ төрөлд хамаарагдана.

Харин “Зөвшөөрөгдсөн Экспо” хоорондын зай хамгийн багадаа гурван долоо хоног байдаг бөгөөд тэр хэрээр далайц багатай. Өмнө нь энэ төрлийн үзэсгэлэнг “Олон улсын эсвэл мэргэжлийн үзэсгэлэн” хэмээн нэрлэдэг байсан. Гэхдээ ярианы хэлэнд энэ хэллэг өнөөг хэр байсаар байгааг онцлох нь зүйтэй. “Бүртгэлтэй” болон “Зөвшөөрөгдсөн” гэх нэр томъёонд иргэд дасахгүй байгаа тул албан ёсны арга хэмжээ, тайланд ч энэ тодотголыг хэрэглэдэг.

“Бүртгэлтэй” буюу Дэлхийн яармаг

Үзэсгэлэнгийн танхимаа тохижуулахад багагүй хугацаа ордог, цар хүрээ хувьд өргөн, үнийн хувьд ч өндөр зэрэг шалтгаан нь “Дэлхийн яармаг”-ийн давтамжийг цөөн болоход нөлөөлдөг. Тиймээс оролцогч улс гүрнүүд сэтгэлд хоногшсон байгууламж босгож, түүгээрээ дамжуулан дэлхий нийтийн анхаарлыг улсынхаа зүг татах гэж багагүй хүчин чармайлт гаргадаг нь нууц биш. 1992 оны Экспогийн үеэр Япон, Франц, Морокко, Испанийн танхим олны анхаарлыг татаж одоо ч ярианы сэдэв болсоор буй.  Заримдаа угсардаг байгууламжууд амжилт олдог бол хөгжиж буй орнуудыг жижиг макет үзэгчдийн сонирхлыг татах нь ч бий. BIE-ээс зөвшөөрөл аваагүй цорын ганц Экспо байдаг. Тэр нь 1964 онд Нью-Йорк хотноо болсон Дэлхийн яармаг. Хоёр үзэсгэлэнгийн хоорондын зай 5 жил байх ёстой гэсэн BIE-ийн дүрмийг зөрчиж байгаа тул Парис дахь комисс Нью-Йоркийн Экспог огт хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. Хэдийгээр багагүй эсэргүүцэлтэй тулгарч байсан ч оролцогч улс орнуудын Засгийн газрын тусламжтайгаар аялал жуулчлал, худалдаа гэсэн сэдвээр амжилттай зохион байгуулсан байдаг.

“Зөвшөөрөгдсөн” буюу Олон улсын, Мэргэжлийн үзэсгэлэн

Олон улсын үзэсгэлэн ихэвчлэн нийгмийн чиглэлээр өрнөдөг. “Ванкувер экспо 1986” тээврийн хэрэгсэл гэсэн сэдвээр болж байсан бол 1988 онд болсон Брисбаных “Чөлөөт цаг ба технологи” гэсэн сэдвээр болсон байдаг. Мэргэжлийн болон олон улсын үзэсгэлэн талбай, үнийн хувьд ч харьцангуй бага тул барилга байгууламжийн салбарыг төдийлэн сонгодоггүй онцлогтой. Энэ төрлийн Экспогийн түүхэнд цөөн удаа барилгын сэдвээр үзэсгэлэн зохион байгуулагдаж байсан хэмээн тэмдэглэсэн байдаг ч оролцогчид угсардаг байгууламж авчран түүнийгээ өөрийн улс үндэстний зан заншил, сэтгэхүйн онцлогт тохируулан будаж, чимэглэн зассан байдаг. Зөвшөөрөгдсөн үзэсгэлэнгийн саяхны жишээг дурвал 2008 онд Испанийн Зарагоза дахь “Ус болон амьдралыг тэтгэгчид”. Харин 2012 онд  Өмнөд Солонгосын Йосу хотноо “Далай ба түүний эрэг: Байгалийн баялаг” сэдвээр болох аж.  

Бэлтгэсэн: О.Ундармаа

Зохиогчийн эрх: "Үндэсний тойм" сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж