Амьдрал нойр дээр тогтдог

Амьдрал нойр дээр тогтдог

Амьдрал нойр дээр тогтдог

Нойр бол хүний бие махбод, оюун санаа, сэтгэлзүйн эрүүл мэндийн үндэс суурь бөгөөд хангалттай нойр авах нь бидний амьдралын чанарт асар их нөлөө үзүүлдэг. Унтах явцад тархи амарч, мэдрэлийн эсүүдийн хоорондын холболтууд бэхжиж, ой санамж сайжирдаг. Мөн биеийн эсүүд сэргээгдэж, дархлааны систем бэхждэг. Нойр нь стрессийн түвшинг бууруулж, сэтгэлзүйн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй.

Хангалттай нойр авсан хүн анхаарал төвлөрөл сайтай, бүтээлч байж, аливаа асуудлыг хурдан шийдвэрлэх чадвартай болдог.

Нойргүйдэл буюу хангалттай нойр авч чадахгүй байх нь эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар дагуулдаг. Судалгаагаар нойр дутагдал нь тархины үйл ажиллагааг доройтуулж, анхаарал сарнилт, ой санамжийн алдагдал үүсгэдэг болохыг тогтоосон. Мөн зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт зэрэг архаг өвчнүүдийн эрсдлийг нэмэгдүүлдэг.

Нойргүйдэл нь сэтгэлзүйн асуудлуудыг ч өдөөж болзошгүй. Жишээлбэл, сэтгэл гутрал, түгшүүрийн эмгэг, стрессийн түвшин нэмэгдэх нь нойргүйдлийн шууд үр дагавар юм. Түүнчлэн, удаан хугацаанд нойргүй явах нь дархлааны системийг сулруулж, бие махбодыг халдварт өвчинд өртөмтгий болгодог.

1959 онд Америкийн сурагч Рэнди Гарднер өөр дээрээ нэгэн туршилт хийж, 264 цаг буюу 11 хоног нойргүй явсан нь дэлхийн дээд амжилтад тооцогддог. Энэхүү туршилтын явцад тэрээр анхаарал төвлөрөл алдагдах, ой санамжийн гажиг, зан төлөвийн өөрчлөлт, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал зэрэг олон сөрөг үр дагаварыг мэдэрчээ. Энэ туршилт нь нойргүйдлийн сөрөг нөлөөг шууд харуулсан бодит жишээ болж, нойрны ач холбогдлыг шинжлэх ухаанд гүнзгийрүүлэн судлахад түлхэц өгсөн юм.

Нойр нь тархины хорт бодисыг цэвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгаагаар нойрны гүн үе шатанд тархины глимфатик систем идэвхжиж, тархинд хуримтлагдсан хорт бодис, хаягдал уургийг зайлуулдаг болохыг тогтоосон. Энэ үйл явц хангалттай нойр авч чадахгүй үед доголдож, мэдрэлийн эмгэгүүд үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Мөн нойр нь сэтгэл хөдлөлийн зохицуулалтад чухал үүрэгтэй. Нойр хангалтгүй үед сэтгэл хөдлөлийг хянах тархины хэсгүүдийн үйл ажиллагаа суларч, уур уцаартай, сөрөг сэтгэл хөдлөл давамгайлах хандлагатай болдог. Тиймээс нойр нь сэтгэлзүйн тогтвортой байдалд шууд нөлөөлдөг.

Цаашлаад, хангалттай нойр авах нь биеийн жинг хянахад ч чухал. Нойр дутагдал нь өлсгөлтийг зохицуулдаг гормон болох грелин болон цадсан мэдрэмжийг хариуцдаг лептин гормоны тэнцвэрийг алдагдуулж, хэт их идэхэд хүргэдэг. Энэ нь таргалалт, бодисын солилцооны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймд өдөр бүр тогтмол, хангалттай нойр авах нь эрүүл мэнд, оюун санааны тогтвортой байдал, амьдралын чанарыг сайжруулах чухал хүчин зүйл юм. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 7-9 цаг унтах шаардлагатай байдаг. Нойрны хэмнэл алдагдахаас сэргийлэхийн тулд орчны тайван байдал, зөв хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь чухал.

Тиймээс "амьдрал нойрон дээр тогтдог" гэдэг нь хоосон үг биш бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй бодит үнэн юм. Нойр бол бидний эрүүл мэнд, урт удаан амьдралын түлхүүр гэдгийг ухамсарлаж, нойроо дээдлэх нь амьдралын чанарыг дээшлүүлэх гол алхам юм.

Нийтлэлч Г.Эрдэнэбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.119.129

нойр хоол бол санааны л зүйл

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.168.34.191

насаараа л 2-4 цаг л унтлаа муудсан юм алга хүн хэдэн цаг яаж унтах нь хүн хүнд өөр байхөө

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.131.234.123

хагас үхдэл донор болж задарч алга болох байлгүй

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.131.234.123

шөнө унтуулдаггүй 24 цаг хогоор үйлчлэгч ТВ. БААР архины газараа хаагаач.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 14.1.81.31

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж