Айвенхоу Хятадыг нүүрсээр хангах уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Айвенхоу Хятадыг нүүрсээр хангах уу?

“Financial times” байсхийгээд л Монголын байгалийн баялгийн тухай сонирхолтой мэдээлэл дэлхийд түгээх болсон. Саяхан гэхэд л “South Gobi Resources” компанийн талаар “Торонто болон ХонКонгийн Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “South Gobi Resources” компани Канадын “Айвенхоу майнз” компанийг хянадаг. Тус компани нь Хятадын хилээс 40 км-ын зайнд орших Овоот толгойн уурхайг ажиллуулдаг бөгөөд сард 200 мянган тонн нүүрс олборлож, ихэнх хэсгийг нь Хятадын гангийн үйлдвэр хийгээд эрчим хүчний үйлдвэрт нийлүүлдэг юм” гэсэн мэдээлэл гарсан байна билээ.

Тэгвэл сарын хугацаанд 200 мянган тонн нүүрс олборлож, урд хөршийн гангийн үйлдвэрүүдийн итгэлтэй түншээр тодроод байгаа “South Gobi Resources” компани “Айвенхоу майнз”-тай ямар холбоотой вэ. Энэ талаарх мэдээлэл нууцын зэрэглэлд орохгүй. Интернэтээс харахад “Саусгоби сэндс” компани “Айвенхоу майнз” компанийн 57 хувийг нь эзэмшдэг. Түүнчлэн Монгол Улсад “Айвенхоу майнз” үйл ажиллагаа явуулж эхлэхтэйгээ зэрэгцээд нүүрсний салбарт ажиллах том компанийг дэмжсэн нь “Саусгоби сэндс” байлаа.

Иймээс  ч Роберт Фрийдланд Австралийн хэвлэлд нэгэн удаа “Монгол Улс Австралийн нүүрсийг хэрэгцээгүй болгож магадгүй. Учир нь Австралийн нүүрсний салбарын татвар 30 хувьтай тэнцэж байхад Монголын уул уурхайн ашгийн татвар 25 хувь байдаг. Тэгээд ч тэд Хятадад хамаагүй ойрхон” хэмээн ярьж байсан удаатай. Энэ үгийг нь “Саусгоби сэндс” компанийн Хятад руу өнгөрсөн жилд экспортолсон 1,3 сая тонн нүүрс батална. Дээр нь Өмнөговь аймгийн найман суманд нүүрсний чиглэлээр эрэл хайгуул хийж, гурван ч том ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болсон гэж бодохоор зөвхөн Оюутолгой бус тус аймгийн нүүрсний бүс ч “Айвенхоу майнз”-ын удирдлагад орсон гэсэн үг.

Дээр нь 2012 оноос тэрхүү 1,3 сая тонн нүүрсийг найман сая тоннд хүргэх боломжтой гэсэн тооцоо байх бөгөөд энэ нь Монголын төрийн мэдэлд байгаа Тавантолгойн ордын нүүрсээс урьтаж, эдийн засагт өөрийн гэсэн томоохон зах зээлтэй болох өрсөлдөөн байж болох. Нэг ёсны унтаж буй хэрнээ зүүдэлж сэрээд байдаг, зүүдлэхээрээ айж сандарч, эс бол хий хоосон баярлаж дэвхцээд байдаг манай төрийн түшээдийн шийдвэрээс тэдний бизнесийн хурд хавьгүй хурдан байгаа нь илэрхий. Дээр нь Монгол Улсын зам тээврийн стандартыг шинэчилж, 60 тонн нүүрсний тээврийг 100 тоннд хүргэх шаардлага тус компанид бий. Зөвхөн тус компанид бус Засгийн газарт ч иймэрхүү шинэ стандартын тухай яриа эрчимтэй өрнөх болсон.

Үүний зэрэгцээ өнгөрсөн жил Монгол дахь нүүрсний олборлолтоо эрчимжүүлэхийн тулд Хятадын санхүүгийн корпорацитай 500 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулсан нь тухайн цаг үедээ дэлхий нийтэд “Хятадууд “Саусгоби сэндс”-ийг эзэмших бололтой” гэдэг хардлага да­гуулж байсан. Хэдийгээр өдгөө энэ тухай дүг­нэлт хийх нь илүүц ч ямар ч тохиолдолд тус компанийн хам­гийн ойрын, бас хамгийн итгэлтэй түнш нь Хятад бай­на гэдэг нь ойлгомжтой. Үүний дээр “Айвен­хоу майнз”-ыг Хя­та­даас хол байх ямар ч боломж­гүй гэдэг нь то­дор­хой. Тэ­гэ­хээр нэг нь нөгөөгөөсөө сал­бар­ласан дээрх хоёр компани алт, зэс болоод нүүрсний чиг­лэлээр Мон­голын уул уурхайд мо­но­поль болох цаг ойрхон байна гэж дүгнэхэд буруудахгүй болов уу.

Монголын бизнес эрхлэгчидтэй монополь байдлын талаар 250 мян­ган төгрөгийн торгууль, шийтгэлээр ярьдаг төр засаг ойрхон байгаа ирээдүйг хэрхэн хянахыг нь та бидэнд цаг хугацаа харуулах биз ээ. Мөн “Айвенхоу майнз” өнгөрсөн жил “Энтрий гоулд”-ын эзэмшиж байсан Оюутолгой ордтой зэргэлдээ байралдаг талбайг ч бас л худалдаж авсан байгаа. Ингэснээр уг компанийн эзэмшлийн ордын 600 орчим метрээр сунгаж, ордын эдийн засгийн үр өгөөж улам бүр нэмэгдэх нь дамжиггүй. Гагцхүү энэ бүхнийг үнэ цэнэтэй мэдээлэл хэмээн хүлээн авч, төрийн бодлогоор өөрийн хяналтыг хүчирхэгжүүлэх эсэхээ мэднэ гэж найдъя. Найдварын ард найзархаг түншлэлийг давсан улсын эрх ашиг гэж байх нь зүй ёсны шаардлага гэдгийг эсэргүүцэх хүн үгүй гэдэгт ч итгэлтэй байна.

ОВООТ ТОЛГОЙ

Овоот толгойн уурхай нь “Саусгоби сэндс” компанийн ажлын гол төв нь юм. Овоот толгой нүүрсний орд газар нь Өмнөговь аймгийн баруун өмнөд хэсэгт Гурвантэс сумын нутаг дэвсгэрт, Даланзадгад хотоос 320 орчим км, нийслэл Улаанбаатар хотоос 950 км зайд оршдог. Овоот толгой нүүрсний орд газрын хайгуулын ажлаа 2005 онд эхэлж, 2007 оны есдүгээр сард ашиглалтын лиценз  авсан бөгөөд 2008 оны есдүгээр сард анх нүүрс экспортолж эхэлсэн. 2007 оны хайгуулын анхны дүнгээр уг орд газарт бодитой батогтоогдсон ангиллаар 168 сая тонн нүүрсний баялаг байгааг харуулсан. Түүнчлэн баттай ба боломжит нөөцийн нийт хэмжээ нь 114.1 сая тонноор хэмжигдэж байна.  Энэхүү нөөцийн 92 орчим хувь нь баттай, үлдсэн найман хувь нь боломжит ангилалд хамаарагдаж байна.

ЦАГААНТОЛГОЙ

ЦагаанТолгой нь Улаанбаатар хотоос 570 км, Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас зүүн урагшаа 113 км зайд оршдог. Оюутолгойн алт-зэсийн ордыг эзэмшихтэй холбогдуулж түүний эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Цагаантолгойн нүүрсний ордод 2004, 2006 онд нүүрсний эрэл, хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн.  Ддээр дурьдсан нөөц талбайгаас зүүн тийш синклиналын өмнөд болон хойд жигүүрт А ба Б хэмээн тэмдэглэсэн хэсгүүдэд гадаргуугаас  200м хүртэлх гүнд нийтдээ 120 сая орчим тонн нүүрсний нөөц байгаа гэсэн таамагласан тооцоо хийсэн.       

Цагаантолгойн нүүрсний ордод дээд Пермийн настай хурдаст 50-80 хэмийн уналтай 1,0-40,0 м зузаантай  нүүрсний найман давхаргаас илрүүлж хайгуул хийсэн. Нүүрсний үнслэгийн хэмжээ Овоотын ордынхоос их ба дунджаар 15,0-35,0 хувь. СҮМБЭРИЙН ОРД

Сүмбэрийн орд газар нь Монголын өмнөд хэсэгт Овоот толгой уурхайгаас зүүн зүгт 16 км-ын зайд байрших бөгөөд баттай ба бодитой зэргээр 21,4 сая тонн, нэмээд боломжтой зэргээр 55.5 сая тонн нөөцтэй хэмээн эхний байдлаар тогтоогдоод байна.

Сүмбэр бол шинээр нээсэн орд бөгөөд  үүнд түшиглэн шинэ уурхай байгуулах боломжтой, өндөр чанарын нүүрс агуулсан чухал ач холбогдолтой орд юм. Нүүрсний чанарын хувьд 5,172-6,728 ккал илчлэгтэй, дунд ба өндөр дэгдэмхийтэй чулуун нүүрс илрүүлээд байна.

Сүмбэрийн орд газрыг төв, зүүн, баруун гэсэн гурван хэсэгт хувааж болох ба одоогоор Төвийн хэсэгт тогтоосон баялаг нь Канадын NI 43-101 стандартын шаардлагыг хангаж байна. Ирээдүйд зүүн, баруун хэсэгт түлхүү хайгуул хийхээр төлөвлөж байгаа.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж