"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор "Турин-2025" тусгай олимпийн өвлийн наадмаас уулын цанын төрөлд хошой алт, мөнгөн медаль хүртсэн А.Азжаргал охиныг онцолж байна. Тусгай олимпийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болсон бөгөөд дэлхийн 103 орны 1500 гаруй тамирчин өвлийн спортын найман төрлөөр өрсөлдсөн юм. Тус наадамд А.Азжаргал өөрийн оролцох ёстой гурван төрөлд амжилт гарган олимпийн наадмын үнэмлэхүй аварга болсон билээ. Ингээд түүнтэй танилцъя.
АЛТАНЗУЛ АЗЖАРГАЛ: 2009.03.30
Төгссөн сургууль:
Нийслэлийн ерөнхий боловсролын 7-р сургууль
Одоо суралцаж буй сургууль:
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв
Мэргэжил:
Тогооч
Сошиал хуудас:
-ЮУНЫ ӨМНӨ "ТУРИН-2025" ТУСГАЙ ОЛИМПИЙН АВАРГААР ТОДОРЧ, ЭХ ОРОНДОО ХОШОЙ АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬ АВЧИРСАНД БАЯР ХҮРГЭЕ. ӨӨРТӨӨ ХЭР ИТГЭЛТЭЙ БАЙВ. СЭТГЭГДЛЭЭСЭЭ ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?
-Баярлалаа. Би алтан медаль аваад маш их баярласан. Яагаад гэвэл өөр орноос ирсэн өрсөлдөгчдөө хараад маш их сандарч, айж байсан. Учир нь бүгдээрээ надаас өндөр, том биетэй байсан. Гэхдээ заавал медаль авна гэж бодоод маш их хичээсэн. Тийм учраас үнэхээр их баярласан, уйлсан.
–ТУСГАЙ ОЛИМПООС АЛТАН МЕДАЛЬ АВСНЫ ДАРАА МАШ ОЛОН ХҮМҮҮС ЧАМААР БАХАРХАЖ, ЦАХИМ ОРЧИНД СЭТГЭГДЛЭЭ БИЧИЖ БАЙСНЫГ ХАРСАН УУ? ЯМАР САНАГДСАН БЭ?
-Тэмцээний үеэр бол харж чадаагүй. Гэхдээ хүмүүс надад хэлж байсан. Харин Монголд ирээд фейсбүүк орсон чинь миний тухай маш их пост, мэдээ байсан. Сургуулийнхан маань чи од болчхож гэж хэлсэн. Намайг дэмжиж, баяр хүргэсэн хүмүүст маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-ЭНЭ АМЖИЛТЫГ ТОГТООХЫН ТУЛД ХЭР ИХ БЭЛТГЭЛ ХИЙСЭН БЭ? ЧАМАЙГ БЭЛТГЭЛЭЭ ХИЙХИЙН ТУЛД ИХ ХОЛ ЗАМ ТУУЛДАГ БАЙСАН ГЭЖ ЭЭЖЭЭС ЧИНЬ СОНСЛОО.
-Нэг жил гаруйн хугацаанд бараг л өдөр бүр бэлтгэл хийсэн. Манай гэр Баруун салаанд байдаг. Харин бэлтгэлээ Скай ресорт дээр очиж хийдэг. Тийм болохоор өглөө эрт гараад хоёр автобус дамжиж явдаг байсан. Бэлтгэлээ тараад бас л энэ замаараа явна.
-ШАНТРАХ ЗҮЙЛ БАЙВ УУ?
-Заримдаа шантармаар санагддаг байсан. Ялангуяа тэмцээндээ явахын өмнө их ядарч, шантарсан. Гэхдээ удахгүй тэмцээндээ явна гэж бодоод тэвчсэн.
-ХЭНД ХАМГИЙН ИХ БАЯРЛАЖ БАЙНА ВЭ?
-Хамгийн түрүүнд ээждээ маш их баярлаж байна. Тэгээд багшдаа, найзууддаа, Тусгай олимпийн хорооныхондоо баярлаа гэж хэлмээр байна.
-ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?
-Би ээж, эгч, хоёр дүүтэйгээ амьдардаг. Ээж маань дүү нарыг минь хараад гэртээ байдаг. Намайг бүх зүйлд минь дэмждэг.
-АНХ СПОРТТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ
-Би анх 11 настай байхдаа гүйлтийн спортоор хичээллэдэг байсан. Тэгээд олон улсын тэмцээнд оролцож үзсэн. Түүний дараа 7-р сургуулийн багш маань тусгай хэрэгцээт хүүхдүүдийг шалгаруулж авч байна, очоод үзээч гэж санал тавьсан. Үүний дагуу очиж, шалгуулаад тэнцэж байсан. Тэгээд л уулын цанын спортоор хичээллэж эхэлсэн дээ. Уулын цанын спортоор хичээллэх надад маш гоё мэдрэмж төрүүлдэг. Цаашид өвлийн спортын бусад төрлүүдээр хичээллэж үзэхийг хүсдэг.
-ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ ТАМИРЧИН
-Миний хувьд үлгэр жишээ авдаг хамгийн мундаг тамирчин бол миний найз М.Энхзаяа. "Турин-2025" тусгай олимпийн дэлхийн өвлийн наадамд сноубордын төрөлд хүрэл медаль авсан. Үнэхээр тэвчээртэй, мундаг учраас найзаараа бахархдаг.
-ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ЮУ ХИЙХ ДУРТАЙ ВЭ?
-Чөлөөт цагаараа найзуудтайгаа уулзаж, кино үзэх дуртай.
-АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ?
-Миний хамгийн том мөрөөдөл бол гэр бүлдээ тустай хүн болох. Би том болоод ээж, дүү нартаа тусалсан, хэрэгтэй хүн болохыг мөрөөддөг.






Гэрэл зургийг О.Болорсувд
ИРГЭН 2025-03-21 66.181.182.26
Монголчууд бүх медалийг нь авчихдаг энэ яг ямар олимп юм болоо мэддэг хүмүүс нь нийгэмд ойлгуулаад!!! Сүүлийн үед Монголчууд гадагшаа явж машин машинаар нь медаль авчирдаг боллоо учирыг нь олохоо болилоо!!!
Зочин 2025-03-21 103.145.234.48
Амжилт хүсье
Нэргүй 2025-03-21 122.201.31.6
Гайхалтай!
Zochin 2025-03-21 92.209.2.197
баяр хүргэе. Төр засаг мөнгөн шагналаа ихээр хайрлаарай энэ охинд
Нэргүй 2025-03-21 43.242.242.59
Мундаг охин байна. Олон тэмцээнд орж амжилт гаргаарай. нэг төрлөөр хичээллэсэн нь зөв байхаа
Зочин 2025-03-21 43.242.241.151
Гайхамшигтай
Баяраа 2025-03-21 202.131.251.98
Баяр хүргэе, Мундаг охинд
Нэргүй 2025-03-21 66.181.188.186
mash tom bayar xvrgie
tor zasag shagnalaa ogch uramshuulj taniltsuulax xeregtei
Нэргүй 2025-03-21 45.42.101.232
Мундаг охин. Баяр хүргэе. Цаашид улам их хичээгээрэй