"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, дуучин "IU" буюу И Жи-ыныг онцолж байна. Түүний гол дүрд нь тоглосон "Netflix"-ийн уянгын цуврал болох "When Life Gives You Tangerines" яг одоо дэлхий нийтийг байлдан дагуулж буй. Ийнхүү өнөө цагийн к-поп болон к-драмагийн тод одтой танилцъя.
ХААНЫ УДМЫН ХҮН
И Жи-ын нь 1993 оны тавдугаар сарын 16-ны өдөр Сөүл хотноо мэндэлжээ. Түүний гэр бүл Солонгосын хааны удмын Жёонжү Ы овгийнх аж. Бяцхан охин байхаасаа л И Жи-ын нь урлагийн хүн болохоор шийдэж, жүжигчний ангид суралцаж эхлэв. Бага сургуулийн сурагч байхад нь түүний гэр бүл санхүүгийн хувьд хэцүү нөхцөл байдалд орж, эмээгийнх рүүгээ нүүсэн гэнэ.
И Жи-ын охин дүү болон эмээгийнхээ хамтаар нэг жил орчим жоом дүүрэн жижиг өрөөнд амьдардаг байсан тухайгаа хожим дурсчээ. Удалгүй тэд хамаатныдаа амьдрахаар нүүж, нөхцөл байдал нь улам доройдсон гэх дурсамж бий. Дэлгэрүүлбэл, хамаатан нь архи уусан үедээ И Жи-ын охиныг хэзээ ч урлагийн хүн, дуучин болж чадахгүй гэж агсам тавьж, бэлтгэл хийхийн оронд хичээлээ хий гэдэг байв. Ирээдүйн од маань ч энэ бүхнийг үл хайхран, дуучин болохоор улам шаргуу бэлдэж эхэлжээ.
Дунд сургуульдаа И Жи-ын дуучин болохоор бүрмөсөн шийдэж, сургуулийнхаа спортын тэмцээний үеэр тайзан дээр дуулж, олны анхаарлыг татсан түүхтэй.
ХАСАГДАЖ, ЛУЙВАРДУУЛСАН Ч БУУЖ ӨГӨӨГҮЙ
Дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн И Жи-ын анх 20 гаруй сонгон шалгаруулалтад оролцсон ч тэнцээгүй. Хамгийн харамсалтай нь, дуучин болгож өгнө гэсэн нэгэн компанид их хэмжээний мөнгө өгөөд луйвардуулжээ. Түүнийг бэлдэж, телевизийн нэвтрүүлэгт оруулна гэсэн аж.
Эмээ нь гоёл, чимэглэлийн зүйлс зарж, бага багаар хуримтлуулсан мөнгөө охиныхоо мөрөөдлийг биелүүлэхээр өгсөн нь ийнхүү луйварчдын гарт оржээ.
Гэхдээ тэрбээр бууж өгсөнгүй. "Good Entertainment" компанид бэлтгэл хийж, 2007 онд "LOEN Entertainment" компанитай гэрээ байгуулсанаар эргэн Сөүлийг зорьсон гэнэ. 2008 онд түүний дуулсан дебют дуунууд болох "Boo" болон "Marshmallow" нар хит болж, нэр алдар нь Солонгос даяар түгэв.
"IU" гэх тайзны нэрийг "LOEN Entertainment"-ийн зүгээс өгсөн бөгөөд утга нь "I and You become one through music." буюу "Чи бид хоёр хөгжмөөр дамжуулан нэг болгоно" гэсэн утгатай.
Солонгосын урлагт цахиур хагалж эхэлсэн "IU" 2009 онд аавдаа мөрөөдлийн автомашиныг нь бэлэглэж, гэр бүлийнхээ санхүүд дэмжлэг үзүүлэх хэмжээний болжээ. Тэрбээр гэр бүлийнхээ зургийг ч олон нийтийн цахим сүлжээнд нийтэлдэггүй нууцлаг байлгахыг хүсдэг. Мөн дүүтэйгээ харилцсан зурвасуудаа дэлгэсэн нь нэг хэсэг олны анхаарлыг татсан билээ.
"IU" БАЙХААР НЭГЭНТ ШИЙДСЭН НЬ
Мөрөөдлөө биелүүлэхээр өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байсан И Жи-ын охин дебютээ хийсэнээс хойш албан ёсоор "IU" болов. Анхны цомог нь бүтэлгүйтсэн талаар "IU" ярихдаа "Миний эхний цомог бүтэлгүйтсэн. Гэхдээ үүнд нь би баярладаг. Хэрэв би дебютээ хиймэгцээ амжилтад хүрсэн бол одоогийнх шигээ арын алба, алдар нэрдээ талархахгүй байх байсан биз" гэжээ.
Алдар нэрд хүрэхийн хирээр "IU" зар сурталчилгааны хэрэгсэл болж ирлээ. Их сургуулиуд хүртэл түүнийг элсүүлэхийг хүсч, урилга явуулж байсан удаатай. "IU" ч "Healing Camp" нэвтрүүлэгт орохдоо энэ талаар ярьдаг бөгөөд их сургуульд сурах хэмжээний дүн байгаагүй гэх. Гэвч Солонгосын их сургуулиуд түүнийг элсүүлэх хүсэлтэйгээ илэрхийлэхэд дуучин бүсгүй бүгдээс нь татгалзжээ. Фэнүүд нь ч түүний энэхүү шийдвэрт талархаж, бусад одууд шиг биш гэж үнэлдэг.
"IU" энэ талаар "Коллежийн элсэлт бол шаргуу хөдөлмөрлөсөн нэгэнд зориулагдсан зүйл. Надад коллежийн амьдралд зарцуулах ч цаг зав байхгүй. Тиймээс би коллежийн боловсролд анхаарахгүй" гжэж байв.
ЖҮЖИГЛЭЖ ЧАДНА
"IU"-ийн дуулсан дуу бүхэн хит болж, алдар нэр нь оргилд хүрэв. Дуучин бүр л түүнтэй хамт дуу гарахыг хүсч, бүтээл болгон нь чартуудыг тэргүүлж эхэлсэн. "Billboard" ч түүний "Good Day" дууг 2010-аад оны хамгийн шилдэг к-поп 100 дууны нэгээр тодруулжээ.
Дуулахын хажуугаар "IU" телевизийн реалити шоуны багт багтаж, камертай ажиллах чадвараа нэмэгдүүлж байлаа. Улмаар өсвөр насныханд зориулсан алдартай драма болох "Dream High" цувралын дүрийн сонгон шалгаруулалтад орж, анхны дүр Ким Пил-сукээ амилуулжээ. Ичимхий, илүүдэл жинтэй охин хэрхэн мэргэжлийн дуучин болохоор хичээж байгаа талаар тун сайн харуулсан билээ.
"IU"-ийн анхны гол дүр нь "You Are the Best!" цуврал.
"Dream High" цувралд зориулан дуулсан "Someday" дуу нь Солонгосын хөгжмийн чартыг тэргүүлж, хоёр гаруй сая дижитал хуулбар нь зарагджээ.
Гэхдээ энэ алдар нэр, олны анхаарал "IU"-ийн сэтгэл зүй, биемахбодьд дарамт авчрав. Үүний улмаас нойр, хоолны асуудалтай болж, өөрийгөө үзэн ядах, өөртөө дургүй болох зэрэг асуудлууд гарч ирэв. Жингээ хасахын төлөө, цэвэрхэн арьстай байхын төлөө гээд бусдад таалагдахын тулд олон зүйлийг золиосолж, эцэст нь эрүүл мэндээрээ хохирчээ. Харин одоо йогаар хичээллэж, хоолны дэглэмтэй болсон гэнэ.
НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН
"IU" нийгэмд чиглэсэн олны сайн үйлсийн аян хийдгээрээ алдартай. Тэрбээр 2015 онд 100 мянган ам.долларыг хүүхдийн үйлст хандивлаж, сурч байсан ахлах сургуулийнхаа сурагчдад коллежийн тэтгэлэг олгодог. Мөн сургуулийнхаа номын санд ном хандивлаж, сургалтын хэрэгцээт материалаар нь тусалдаг гэнэ.
Сүүлд 2024 оны арванхоёрдугаар сард солонгосчууд ерөнхийлөгч Юн Сүк Ёлд хариуцлага тооцохоор жагсах үед "IU" тэдэнд зориулан хоол хүнсээр тусалжээ. Үүний улмаас Юн Сүк Ёлын дэмжигчид "IU"-г заналхийлсэн утгатай сэтгэгдлүүдийг цахим хуудсанд нь үлдээжээ.
2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар "IU" дебют хийсэнээсээ хойш зургаан тэрбум воны тусламжийг үзүүлжээ. 2022 онд л гэхэд 1.5 тэрбум воноор тусалсан тооцоо бий.
Гус 4 цагийн өмнө 202.9.46.71
нэг гусуул