Хятадын олон улсын хэвлэл мэдээллийн төвөөс (CIPCC) зохион байгуулж буй олон улсын хэвлэл мэдээллийн бодит эх сурвалж олгох хөтөлбөрт дэлхийн 100 гаруй орны 120 сэтгүүлчээс гадна "NEWS"-ийн орчуулагч, редактор оролцож буй. Энэ хүрээнд олон улсын сэтгүүлчид харилцан мэдлэг хуримтлуулах, улс орных нь нөхцөл байдал ямар байгаа талаар бодит мэдээллийг хуваалцаж байна. Түүнчлэн, зохион байгуулагч орны улс төр, нийгмийн бодлого, соёл урлаг болон боловсролын салбар хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг сурвалжилж байна.
Хятадын улс төрийн хамгийн дээд хоёр байгууллага энэ сарын эхээр жил бүрийн ээлжит чуулга уулзалтаа хийсэн билээ. Тодруулбал, өнгөрсөн оны үр дүнг дүгнэж, 2025 оны зорилтуудыг төлөвлөн баталсан, ялангуяа боловсролын салбартаа илүү анхаарах зорилго тавьсан юм. Уг зорилгын хүрээнд тус улсын бүхий л боловсролын байгууллага ахиц дэвшлийг эрэлхийлэхээс гадна Хятадын эртний сургаал, түүхийг танин мэдүүлэх зорилготой бүтээн байгуулалтыг босгох ажлыг эхлүүлээд байна. Олон улсын сэтгүүлчдийн зүгээс энэхүү бүтээн байгуулалттай танилцахаас гадна салбар нэгт боловсон хүчнийг бэлтгэдэг Хятадын харилцаа холбооны их сургууль (CUC)-аар Лхагва гаригт (2025.03.19) зочлов.
БОЛОВСРОЛЫН ҮНДЭС
Хятадын боловсролын тогтолцоо Күнзийн сургаалаас эхлэлтэй болохыг "CUC"-ийн профессор Вү Минсү тайлбарлав. Түүний хэлснээр, Күнзийн ёс суртахуун, нийгмийн зохицол, мэдлэгийг эрхэмлэх үзэл нь өнөөгийн Хятадын боловсролын тогтолцооны үндэс суурь болсон аж. Учир нь Хан улсын үед (МЭӨ 206-220 он) Күнзийн сургаал нь албан ёсоор төрийн албаны үзэл баримтлал болж, хааны ордны албан тушаалтныг сонгох шалгалтын тогтолцоог бий болгожээ. Энэхүү шалгалтын тогтолцоо нь мянга гаруй жил үргэлжилж, хожим Мин гүрний үед боловсролын тогтолцоо нь шинэчлэгдсэн болохыг профессор Вү Минсү сэтгүүлчдэд онцоллоо.
Ерөнхийдөө эртний Хятадын хаант засаглалын үед гарал угсаа хамаарахгүйгээр мэдлэг чадвараар нь үнэлэх нөхцөлийг бүрдүүлж, нийгмийг сайжруулах гол хүч нь мэдлэг боловсрол гэдгийг таниулсан гэж профессор Вү Минсү үзэж байна.
Энэхүү тогтолцоо нь 20-р зууны эхэн хүртэл үргэлжилсэн ч тухайн үед Хятад улс боловсролын тогтолцоогоо шинэчилж, өрнөдийн шинжлэх ухаан, техникийн мэдлэгийг нэвтрүүлсэн аж.
"CUC"-ИЙН КАМПУС
Тус сургууль нь 70 жилийн түүхтэй. Орчин нөхцөлтэй нь танилцах сэтгүүлчдийн хувьд сургуулийн дотоод зохион байгуулалт, цэвэр цэмцгэр гудамж, талбай, саруул анги танхим онцгой санагдсан гэдгээ хэлцгээж байлаа. Мөн оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх сургалт, арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд төрөл бүрийн дугуйлан, клуб бий. Жишээлбэл,багш, сурагчид хамтарч Вейфенг гонг уламжлалт бөмбөрийн хамтлаг байгуулан, үзүүлбэрээ толилуулсан юм. Тус сургуулийн олон улсын сэтгүүл зүйн магистрын оюутан Жүнгрүй Чен хэлэхдээ, энэхүү хамтлаг нь Хятадын уламжлалт ардын хөгжмийн нэгэн хэлбэрийг хойч үедээ таниулах хүсэл эрмэлзэлтэй хамт олноос бүрдсэн бөгөөд Хятадын биет бус соёлын өвд тооцогддог гэв.










"CUC"-ийн кампус нь 638 мянган метр квадрат талбайтай бөгөөд усан оргилуун, хиймэл нуур, ногоон байгууламжтай. Сүүлийн жилүүдэд Хятадын их дээд сургуульд суралцах гадаад оюутны тоо эрс нэмэгдсэн нь суралцах орчин нөхцөл нь таатай байдагтай холбоотой байж магадгүй гэх бодол төрж байв.
Тус улсын боловсролын тогтолцоо нь сурагчдын сурч, хөгжих таатай нөхцөл, боломж, орон зайг гаргаж өгөхөд нэн анхаардаг учир Хятадыг орчин үеийн дэвшилтэт техник технологийн салбарт том тоглогч болгосон аж.
Тухайлбал, барууны "ChatGPT", "OpenAI", "Tesla" зэрэг дэвшилтэт хиймэл оюун ухаан дээр суурилсан технологийн компаниудтай Хятад эн зэрэгцэн өрсөлдөж, олон улсын геополитикийн шинжээчидтэй мэтгэлцэх түвшний боловсон хүчнийг бэлтгэхэд анхаардаг нь суралцах орчин, нөхцөлийг нь бүрдүүлэхээс эхлэлтэй болов уу.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, УРАН САЙХНЫ ТҮҮХЭЭР АЯЛАХУЙ
"CUC" нь дотоодын болон гаднын хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны болон уран сайхны хувьслыг харуулсан гайхалтай музейтэй. Энэ нь кино, телевиз, дижитал мэдээллийн хэрэгслийн хөгжлийг харуулсан олон тооны түүхэн олдвор, мультимедиа үзмэр, интерактив үзүүлэнгийн эрдэнэсийн сан гэгддэг байна. Танхим бүрээр нь зочлох олон улсын сэтгүүлчдийн хувьд цаг хугацаагаар аялж буй мэт байсан гэдгээ илэрхийлсэн юм. Мөн энэхүү музей нь дотооддоо байдаг холбогдох салбарынхаа хамгийн том нь болохыг сайн дурын оюутнаас бүрдсэн баг онцолсон.
ГУАНМИНГИЙН КИНО ТЕАТР: ХҮРТЭЭМЖТЭЙ АЛСЫН ХАРАА САНААЧИЛГА
"CUC"-ийн багш, оюутнуудын хамтарсан сайн дурын санаачилга нь зочдын сэтгэлийг хөдөлгөсөн юм. Энэ нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Гуанмин кино театр гэгдэх бөгөөд кино урлагийг хүн бүрт хүртээмжтэй байлгах зорилготой. Тодруулбал, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж киноны хэсэг бүрийг харилцан яриа, дууны эффект ашиглан нарийвчлан тайлбарлаж, дэлгэцийн ямар ч төрлийн бүтээлийг сонсголоороо ойлгох боломжийг олгож байна. Хятадад 80 хүн тутмын нэг нь харааны бэрхшээлтэй гэж бүртгэгджээ. Улмаар эдгээр хүмүүст урлаг, уран сайхныг бүрэн эхээр нь мэдрэх боломжийг нийгмийн хариуцлагын хүрээнд "CUC"-ын сайн дурын хамт олон бүрдүүлэхээр хичээж байна.
Өдгөө энэхүү санаачилга нь тус улсын 32 мужийн 2244 тусгай хэрэгцээт сургуульд хүрч, нийт 800 мянган харааны бэрхшээлтэй хүн 52 дэлгэцийн уран бүтээлийг бүрэн эхээр нь мэдэж, мэдэрч авах боломжийг олгожээ.
Цаашид ч энэхүү санаачилга хүрээгээ тэлнэ гэдэгтээ сайн дурын хамт олон итгэлтэй байлаа.
Тус сургууль эрдэм шинжилгээний өндөр амжилт, соёл урлаг, хэвлэл мэдээллийн бүхий л түүх, нийгмийн хариуцлагад хэрхэн анхаарч, хүндэтгэж буйгаа олон улсын сэтгүүлчдэд харууллаа. Мөн "CUC" нь боловсон хүчнийг бүх талаар нь дэмжиж, бэлтгэх олон улсын стандартыг шинэчилж байна. Энэ мэтчилэн тус улсын дотоодын боловсон хүчиндээ анхаарал тавьж, суралцах орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгч буйгаас туршлага судлах хэрэгтэй санагднам. Учир нь ямар ч улс эх орны ирээдүйг боловсон хүчин чиглүүлдэг.
Аль нь түрүүлэх вэ 7 цагийн өмнө 103.57.92.176
Энэ айл яах нь бидэнд ямар хамаа байх вэ, гэхдээ нэг зүйл дээр санал нийлж байна. Боловсрол Шинжлэх ухаан. Харин манайд уул овоо гандан хийд бөө мөргөл…….
Ламбаард 4 цагийн өмнө 202.9.46.71
бас дээр нь бөх, морь, нийтийн дуу, найр наадам