Саарал бүсийн "амар амгалан"

ШИНЭ НОМ

Саарал бүсийн "амар амгалан"

Саарал бүсийн "амар амгалан"

Дайнд нэрвэгдсэн зүүн Украины улс төрийн нөхцөл байдлыг энгийн хөнгөн хэлбэрээр тэнд оршин суугаа иргэдийн аж амьдралаар дамжуулан хүүрнэсэн "Саарал зөгийнүүд" романыг Украины нэрт зохиолч Андрей Курков туурвижээ. Романы үйл явдал ОХУ Крымийн хойгийг эзэлсэн 2014 он ба түүнээс хойших цаг үед өрнөнө. Андрей Курковын бүтээлүүд ихэвчлэн нийгмийн болж бүтэхгүй зүйлийг элэглэн хошигносон, улс төрийн шүүмжлэлийн элементүүдийг агуулсан байдгаараа онцлог. Орос, Украины дайн цаашид хэрхэх бол гэдгийг дэлхий нийт амьсгаа даран ажиж буй энэ өдрүүдэд бид "Шинэ ном" буландаа "Саарал зөгийнүүд" романыг онцоллоо.


Дайны саарал бүс Донбаст амьдардаг Сергей Сергеич ба түүний зөгийнүүд. Саарал бүсийн амьдрал гурван жил тоггүй, хажуу хөршгүй, хэн ч үгүй үргэлжилж. Сергеич энэ хугацаанд нэг ч удаа зурагт үзсэнгүй, суртал ухуулга сонссонгүй, утсаар ярьсангүй. Зүгээр л нүдэнд харагдсанаараа, зүрхэндээ мэдэрснээрээ өдөр хоногийг ойлгож, туулж барах аж. 

Түүнд юм юмнаас илүү элбэг байгаа нь цаг хугацаа, бас зөгийн бал. Эдгээрээс бусад бүх зүйл ховор сонин, арааны шүлс асгарам, ангайж гайхам.

Цай уусан ч, архи уусан ч тэр нь зөвхөн зөгийн балтай, ийм байдал гурван жил үргэлжлэхэд хэн ч л байсан сайхан борш зүүдэлнэ. Хажуудаа хөршгүй, утас цэнэггүй гурван жил болсон хойно гэнэтхэн гаднаас дуудлага ирэхэд таньдаг ч бай үгүй ч бай таван үг сольж, гутлын размераа хүртэл цаад хүндээ хуваалцмаар санагдаж мэдэх юм шүү. Тог цахилгаангүй харанхуй, хоног хугацаагаа алдчихаад явахад айлуудын цонхны цаадах ажин түжинтэй амьдрал амттай санагдана. 

Саарал зөгийнүүд дайны тухай өгүүлэх атлаа яагаад ч юм амар амгаланг мэдрүүллээ. Сергей Сергеич өөрөө толгой дээр нь хэн нэгэн сүх далайтал нүдээ аниад налайж суух төлөв төвшин нэгэн болохоор тэр юм болов уу. Өөрийг нь олоод ирсэн тавиланг тэр өөрчилшгүй, эх орноо больж солиод явья гэх нь татлаа түтлээ ихтэй хүн шүү дээ. Түүний амь амьдрал, “төрүүлсэн” хэдэн үр нь энэ зөгийнүүд юм. Хажууханд нь буун дуу тасхийж, бөмбөг дэлбэрч байхад ч, согтуу галзуу нөхөр машиныг нь сүхдэж сүйд хийж байхад ч, үхлийн аюултай гар бөмбөгийг өөрөөсөө нууж орхичихоод ололгүй өчнөөн удахдаа ч тэр намба алдсангүй. Гэтэл тэр гар бөмбөг эцэстээ нэг юм олдож, хэргээ гарган дэлбэрсэн нь бас нэгэн тайлал, учиг ч юм шиг. Юм бүхэн учиртай гэдэг. Гар бөмбөг тэр л цаг хугацаанд тэнд л дэлбэрэх зураг төөрөгтэй байж. 

2014 онд Крым, Донбасын бүсээс эхэлсэн мөргөлдөөн өнөөдөр бүрэн хэмжээний дайн болж өргөжөөд дөрөв дэх онтойгоо золгосон байна.

Саарал зөгийнүүдийн зохиогч Андрей Курков романыхаа оршил хэсэгт таньж мэдэхгүй улс орны тухай ном, зохиол дэлгэх бүртээ зүрхшээдэг гэж бичжээ. Арилж баларшгүй хувь тавилангаар Украины дайн миний амьдралын тодорхой нэг хэсгийг хөдөлшгүй эзлэх болж. Бахархмаар ч юм шиг. Эсрэгээрээ үйлийн үр ч юм шиг. Тийм ч учраас Саарал зөгийнүүдийг хэвлэгдэх сургаар нь сонирхож, чих тависаар, хайрлан, амтархан уншиж дүүргэв. Яг л энэ номд бичсэнчлэн “Амар амгалан, эгэл жир, ер хэн чиг дунд нь нэг орчихвол шүд зуугаад тэсээд байхаас аргагүй болдог, хүний л борог амьдрал”-ын зах зухаас нь мэдэрснээ хуваалцлаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-21 47.227.179.89

укруудад 3 зам байна.
1.Цэрэгт явж байлдах ( барууны орнуудаас өгч байгаа мөнгийг дуустал)
2.Украйнаас зугтаж гарах!
3.Дайныг эсэргүүцэж Кремлийн тагнуул болж Бандеруудын гарт амьтан болох тэгээд Торгуулийн батальонд орох.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж