
Улсын хэмжээнд өнгөрөгч өвөл нэлээд хатуухан болж өнгөрсөн. Ирэх өвөл ч энэ хэмжээний хүйтрэлийг амсах нь тодорхой болоод байна. Өвөлд бэлтгэх ажлын явцыг ярилцах зорилгоор өчигдөр ЭБЭХЯ-ны сайдын зөвлөл хуралдаж, харьяа үйлдвэрүүдийн өвөлжилтийн бэлтгэлийн асуудлаар нэгдсэн зөвлөлгөөн хийлээ. Одоогоор өвөлжилтийн бэлтгэл ажил салбарын хэмжээнд 70-80 хувьтай байгаа аж. Зөвлөлгөөний үеэр ЭБЭХЯ-ны сайд Д.Зоригт ДЦС-уудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, өвөлжилтийн асуудал бүрэн шийдэгдээгүй зарим орон нутагт тулгараад байгаа асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Мөн манай улсын хувьд эрчим хүч импортолдог байдлыг халах хэрэгтэй байгааг зөвлөлгөөний үеэр мэргэжилтнүүд ярьж байлаа. Ингэхийн тулд түлшний хэрэглээгээ нэмэгдүүлж, хэрэглээний өсөлтөө хянаж ажиллах хэрэгтэй байгаа аж. Энэ онд хэрэглээний өсөлт 160 сая киловатаар нэмэгдсэн байна. Энэ нь нүүрсээр тооцвол 70 мянган гаруй тонн болж байгаа юм. Тиймээс энэ асуудалд илүү нухацтай хандаж хэрэглээ нийлүүлэлтээ тэнцвэржүүлэн ажиллах хэрэгтэй болоод байна. Нийслэлийн хувьд өнгөрсөн өвлийг элдэв бэрхшээлгүй давжээ. Тиймээс станцууд болон уурхай нүүрснийхээ балансыг барьж төлөвлөгөөний дагуу ажиллавал асуудалгүй аж. Үүнийг Багануурын нүүрс, “Улаанбаатар төмөр зам”-ын тэвш хоёр бүрэн шийдчих боломжтой. Тиймээс энэ сард багтаан Багануурын уурхайн ажлыг түргэвчлэх зорилгоор техникийн үйлчилгээг сайжруулж, зарим шаардлагатай техникийг түрээсээр авах аж. Мөн Улаанбаатар төмөр зам компани ч эргэлтийн графикаа зөв тооцвол тэвшнийхээ тоог нэмж хоногтоо 150-180 тонн нүүрс зөөх боломжтойгоо илэрхийлжээ. Гэхдээ түлш эрчим хүчний асуудлыг нийслэлд л шийдчихвэл бүгд болсон гэсэн үг биш. Тиймээс орон нутгийн дулаан, цахилгааны асуудлыг хариуцлагатай анхаарах хэрэгтэй. Орон нутагт үүнтэй холбоотой асуудал цөөн биш үүсээд байна. Тухайлбал, Дархан, Эрдэнэтэд ашиглаж байгаа хоёр станц Шарын голын уурхайгаас түлшээ авдаг. Харин тус уурхай нь хувийн хэвшлийнх учир нүүрснийхээ үнийг тонн тутамд 4-5 мянган төгрөгөөр нэмж зарах сонирхолтой байгаа аж. Хэрвээ Дархан, Эрдэнэт хотынхон тус компанийн санал болгосон үнийг хүлээн авахгүй гэвэл нүүрснийхээ хэрэгцээг Багануураас хангана гэсэн үг. Гэхдээ энэ нь тээвэрлэх зардал өндөр гарч их хэмжээний алдагдалд орох гээд байгаа аж. Тэгээд ч Багануурын нүүрс нийслэл дэх аварга станцуудаа арайхийн хангадаг гэсэн. Мөн техник тоног төхөөрөмж нь муудаж байгаа аж. Тиймээс Дархан, Эрдэнэтийнхэн Шарын голынхны санал болгосон үнийг хүлээн авахаас аргагүй болж байгаа бололтой. Мөн эрчим хүчний асуудал Увс, Ховд, Баян-Өлгий гээд алслагдсан аймгуудад тулгамдаад байна. Өнгөрсөн жил арай л хөлдөөгүй даваад гарсан аж. Гэтэл арайхийн давсан өвөл нь ийм хурдан дахин ирж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчээр холбогдсон аймаг сумдад ч дээрх нөхцөл байдал үүсээд байгаа аж. Тухайлбал Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сум энэ өвөл нэлээд хүнд байдалд орж болзошгүй байна. Энд сэргээгдэх эрчим хүч нийлүүлдэг компаниудын тоног төхөөрөмж нь баталгаат хугацаандаа гэмтсэн аж. Үүнийг шийдэхээр ЭБЭХЯ-ны мэргэжилтнүүд болон УИХ-ын зарим гишүүн нөхцөл байдалтай нь танилцаж холбогдох үүргүүдийг өгсөн байна. Энэ сарын дундуур дуусгахыг хичээж байгаа ч хүйтэн өвөл хүн ард хоёр урьтах, урьтуулахын хооронд л байгаа бололтой. Ялангуяа Баянхонгор аймгийн Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст суманд энэ асуудал нэлээд хурцаар тавигдаж байгаа аж. Мөн Говь-Алтай аймагт дизель станцын тендер зарлаж өнгөрсөн долдугаар сард ашиглалтад оруулах байсан ч чадаагүй аж. Гүйцэтгэгч компанийн ажлаа хожуу эхэлсний үр дүнд ажлаа хангалтгүй хийжээ. Тиймээс Говь-Алтайчууд ашиглах хугацаа хэтэрч, элэгдэлд орсон хуучин дизелиэ ашиглаж байгаа аж. Уг дизелийн асуудал аль 2004 оноос яригдаж байгаа бөгөөд үүнийг өнөө хүртэл шийдээгүй байгаад Д.Зоригт сайд нэлээд бухимдалтай хандаж байлаа. Одоо ч тус аймгийн зарим суманд иргэншлийг илэрхийлэгч гайхал гэрэл, цахилгааны асуудал үүссээр байгаа аж.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин