"Netflix"-ийн шинэхэн цуврал "When Life Gives You Tangerines" буюу "Амьдрал чамд бэрсүүт жүрж өгөх үед" кино дэлхий даяар алдаршиж байна. Тус киноны ачаар Чежү арлын зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбар эргэн сэргэх төлөвтэй байна.
Гуравдугаар сарын 7-ны өдөр дэлхийн 190 оронд нээлтээ хийсэн кино олны хүртээл болсон даруйдаа "Netflix"-ийн шилдэг ТВ шоунуудын жагсаалтын тавдугаарт оржээ. Мөн Өмнөд Солонгос, Вьетнам, Тайланд, Тайвань, Филиппин зэрэг есөн орны хамгийн алдартай цуврал болоод байна.
Цувралын гол дүрд дуучин "IU", жүжигчин Пак Бо Гум нар тоглосон.
Тэдний түүх Чежү арал дээр дөрвөн улирлын турш өрнөдөг тул тэрхүү өөрчлөлт бүрээр арлын гоо үзэсгэлэнг тольдон харах боломжтой аж. Ийнхүү нэгэн цагт Солонгосын дотоодын аялал жуулчлалын тэргүүлэгч байсан Чежү арлын сэтгэл татам байдал дахин олны анхаарлын төвд оров. Чежү арал нь 1980-аад онд бал сараа тэмдэглэж буй хосуудын зорьдог хамгийн алдартай газар байжээ. Харин 2000-аад оны эхээр аялагч, амрагчдын анхаарлын төвд орж, Covid-19 цар тахлын үед улам нэр хүндтэй болсон.
Гэвч сүүлийн жилүүдэд Чежүг зорих аялагчдын тоо тасралтгүй буурчээ. Тодруулбал, 2022 онд 13.8 сая жуулчин Чежүг зорьсон бол 2023 онд 12.66, 2024 онд 11.86 сая болж буурсан байна. Солонгосчууд өөрсдөө хөрш зэргэлдээ Япон, Хятадыг илүүд үзэх болсноор нислэгийн тоо ч багассан. Түүнчлэн үйлчилгээний чанар, өндөр үнэ, гэмт хэргийн гаралт ихэссэн зэргээс болоод хүмүүсийн Чежү рүү аялах сонирхол нь буурчээ.
К-драма бүс нутгийн аялал жуулчлалд сайнаар нөлөөлсөн тохиолдол цөөнгүй бий. Чежү арлын засаг захиргаа ч бас ийм сэргэлтэд найдаж, энэ сарын 28-наас ирэх сарын 6-ны хооронд хаврын аяллын аян эхлүүлжээ. Одоогоор Чежүг сонирхон лавлах хүмүүсийн тоо ихээхэн нэмэгдсэнийг аялал жуулчлалын салбарынхан онцолж байна.
olonloglz 3 цагийн өмнө 50.147.160.114
sosni