Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 30 дахь улирлын плей-оффын тоглолтууд онцлох үйл явдлаар дүүрэн өрнөж байна. Өчигдөр/2025.03.18/ лигийн талбайд Сэлэнгэ Бодонс болон BCH Найтс багууд цувралын тав дахь тоглолт боллоо. Тус цувралд хүчирхэг ДеМаркус Казинсыг нэгтгэсэн Бодонс 3-1 гэсэн харьцаатай илүүрхэж байсан бөгөөд цувралыг дуусгах даалгавартай талбайд гарсан юм. Харин Найтс хожил байгуулж, 1-3 гэсэн хар нүхнээс гарахыг хичээж байв.
Тоглолтын тухайд энэ хоёр багийн цуврал үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй өрнөж байгаа. Тоглолт бүрийн ялагч нь дөрөвдүгээр үеийн сүүлийн минутад тодорч байгаа гэхэд хилсдэхгүй. Өчигдөр ч ийм дүр зургаар өрнөсөн. Казинс ч үзүүлдэг тоглолтоо үзүүлж, багаа оноо авалт, самбараар тэргүүлсэн. Түүнийг зогсоох боломжгүй гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид тун сайн харж авсан биз. Нөгөө талаараа Казинст О.Тулга тун сайн тус хүргэв. Тоглолтын эхнээс л тэрбээр цувралыг дуусгах гэж талбайд гарч ирсэн гэдгээ харуулсан. Найтсын хамгаалалт Казинсаас гадна түүнд анхаарлаа хандуулах хэрэг гарав.
Ерөнхийдөө тоглолтын турш Бодонс оноогоор илүүрхэж, Найтс хөөсөөр дөрөвдүгээр үеийн төгсгөд ирсэн. Яг шийдвэрлэх үед Найтс нэг оноо илүү гарсан ч Казинс хариуг нь барьж, хэмнэлийг нь дарсан. Мөн дээр дурдсанчлан О.Тулга дээрх Найтсын хамгаалалтын хавх үнэндээ хожимдов.
Эцсийн мөчид Бодонс хоёр оноо илүү гарч, Найтс баг тоог тэнцүүлэх эсвэл илүү гарах боломж бүрдсэн ч О.Эрдэнэцогтын сүүлийн секундтай уралдан шидсэн бөмбөг цагирагт орсонгүй. Ийнхүү Бодонсын аялал үргэлжилж, Найтсын хүлээлт дүүрэн улирал нэгдүгээр шатаар өндөрлөв.
Г.Эрдэнэцогтын "MVP" хэмжээний улирал эрт дуусч байгаа нь харамсалтай ч үүнээс илүүтэйгээр Б.Мөнхболд, О.Ууганбаяр нарын сүүлийн бүжиг дэндүү даруухан, дэндүү гунигтай байлаа. Найтсыг Гарьд байхаас нь, дээд лигийн дархан аваргаас өмнө "Sprite" лигийн баг байхаас нь хамтдаа хүчин зүтгэж, өдийг хүргэсэн эрхмүүдийн үдэлт олон хүний санаанд хүрсэнгүй. Өөрөөр хэлбэл, зохих ёсны хүндлэлээ хүлээж, сүүлийн тоглолтоо утга учиртай өндөрлүүлсэнгүй. Дээд лигийн 30 жилийн түүхэнд тоглосон нийт тамирчдаас тэдэн шиг хүндлэл хүлээж, гавьяагаа үнэлүүлэх тамирчид тун цөөн. "Болдоо, Уугаа" байгаа болохоор Гарьдыг дэмжиж эхэлсэн, тоглолтыг нь үзэх гэж ордоны үүдэнд оочерлож байсан өчнөөн сагсан бөмбөг сонирхогчид бий. Тэдэнд сүүлийн тоглолт таалагдаагүй нь лавтай.
Ялангуяа Б.Мөнхболдын хувьд багтаа туслах чин сэтгэл, хүсэл, чадвар байсан ч дасгалжуулагч нь боломж олгосонгүй. Саяхан л дээд лигийн хамгийн их хайрлагдсан төдийгүй үзэн ядагдсан тоглогчийн тоонд орж, талбай дээр "буудаж" байсан юм сан. Сурсан юмыг сураар боож болохгүй ээ гэж Б.Мөнхболдын шидэлт, талбай дээрх нөлөө, харимз хаа холдох вэ дээ. Түүнийг талбай дээр гарахыг хүсэн хүлээсэн фэнүүд нь цөөнгүй байсан биз.
Нөгөө талд О.Ууганбаяр ч болоогүй гэдгээ харуулсан. Олимп, дэлхийн аварга, NBA-ийн бүх одод Казинстай таван тоглолт ноцолдож, тэмцэлдэж туллаа. Ясны тамирчин, тэмцэгч гэдгээ үйлдэл, үр ашгаараа харуулав.
Монголын сагсан бөмбөг, Гарьд багийн амьд домгуудын сүүлийн бүжиг дэндүү даруухан өндөрлөсөн нь харамсалтай.














Холбоотой мэдээ