Парисын загварын долоо хоногийн үеэр “Vivienne Westwood” брэнд нэгэн онцгой хэв маягийг эргүүлэн авчирчээ. Тухайлбал, эрэгтэй загвар өмсөгчид түрийтэй өсгийтэй гутал өмссөн байх нь тэр. Мөн реппер Жаден Смит “Louis Vuitton”-ны шоунд оролцож байхдаа мөн адил бүдүүн өсгийтэй гутал өмссөн байлаа. Хэдийгээр эрэгтэй хүн өсгийтэй гутал өмсөх нь загварын гоц шийдэл мэт санагдаж болох ч хэдэн зууны өмнө хэвийн үзэгдэл байжээ. Энэ талаар “FASHION” буландаа онцолж байна.
Өсгийтэй гутал өмсөх нь жижигхэн хөлтэй, нарийн шилбэтэй мэт харагдуулахаас гадна цэгцтэй алхахад тусална гэж үздэг. Гэхдээ 17 зууны үеэс л эмэгтэйчүүд өмсөж эхэлсэн гэх бөгөөд анх эрэгтэй хүнд зориулагдан бүтээгджээ. Тодруулбал, зэрэг дэв өндөртэй, угсаатан гаралтай эрчүүд өндөр өсгийт өмсдөг байсан аж.
Өнөө цагт төрөлх хүйсийн хэвшмэл ойлголтоос улбаалан өсгийтэй гутал нь зөвхөн эмэгтэй хүнд зориулагдсан мэт үзэгдэх боловч 1970, 1980-аад онд барууны эрэгтэй рок хамтлагийнхан бүдүүн өсгийтэй гутал өмсдөг байсан удаатай.
Мөн эрэгтэй хүн өндөр нуруутай байх нь хэдэн мянган жил өнгөрсөн ч хамаагүй гаднах дүр төрхт тавигдах шаардлага байсан тул тухайн үед зарим эрчүүд өсгийтэй гутал өмсөж, өргөн өмдөөрөө халхалдаг байжээ. Эрэгтэй хүн өндөр байх нь харц булаам гэж үзэгддэг хэвээр байгаа тул жинхэнэ өндрөө худал хэлэх эсвэл хөлийн үе сунгах мэс ажилбарт ордог хүн цөөнгүй болов уу. Улмаар заавал өндөр харагдах гэж хичээх бус зүгээр л өсгийтэй гутлыг ичиж, сандралгүйгээр аль ч хүйстэй хүн өмсөж болно гэдгийг орчин цагийн загварын ертөнц ойлгуулахыг эрмэлзэж байна гэж салбарын мэргэжилтнүүд үзжээ. Тэгвэл эрэгтэй хүнд зориулагдан бүтээгдсэн өсгийтэй гутлыг хэзээнээс эмэгтэйчүүд өмсөж эхлэх болсон бэ?
Дэлхийн хамгийн том гутлын цуглуулгатай Торонтогийн Бата гутлын музейн ахлах эрхлэгч Элизабет Семмелхак хэлэхдээ, барууны үзэл бодол эрс өөрчлөгдсөн үе буюу 17-18 зууны үед эмэгтэй хүн өсгийт өмсөх эхлэл тавигдсан гэв.
Учир нь тухайн үед баруун, Европын философи, эдийн засаг, нийгмийн чиг хандлага өөрчлөгдөхийн хэрээр хүйсийн ялгаа ч нэмэгдсэн байна. Өмнө нь дурдсанчлан, өсгийтэй гутал өмссөн эрэгтэй өндөр хэргэм зэрэгтэй гэгддэг байсан бол эмэгтэйчүүд зөвхөн гоёл чимэглэл мэт тооцогддог байжээ. Семмелхак CNN-тэй утсаар ярихдаа "Энэ бол маш кодлогдсон, гүн гүнзгий шингэсэн жендерийн үзэл баримтлалыг бид өнөөг хүртэл мэдэрч байна" гэж тайлбарлав. Түүнчлэн, “Энэ нь нийгмийн байр суурийг илэрхийлдэг байсан бол хүйсийн хэвшмэл ойлголт цар хүрээгээ тэлж эхэлснээр эмэгтэйчүүдийнх л байх ёстой гэж үзэгддэг болсон” гэж Семмелхак тайлбарлав.
ӨНДӨР ӨСГИЙТИЙН ИМПОРТ

Семмелхакийн судалснаар өсгийтэй гутал нь 10 зууны үед Баруун Азид бий болжээ. Гэхдээ бүр ч өмнө үүссэн байх боломжтой бөгөөд өсгийтэй гутал нь морь унахад зориулагдсан байжээ. Мөн 10 зууны тухай өгүүлэх уран зураг, сийлбэр зэрэгт өсгийтэй гутал нь анх бий болсон цагаасаа л жирийн ардын хэрэглэх зүйл биш байсныг илтгэсэн байв.
Хожим 16-р зууны үед Баруун Азийн улс орнууд Перстэй наймаа хийдэг болсноор өсгийтэй гутал нь Европ, баруунд танигдаж эхэлсэн гэж тооцогддог.
Семмелхак хэлэхдээ, “Өсгийт гэдэг ойлголт нь Европын сэтгэлгээгээр морин спорт, эрэгтэй хүний шинж чанар, үзэл санаатай холбоотой байсан тул үүнийг барууны гутал гэж тайлбарлагддаг. Тухайлбал, хэдэн зууны өмнө мориноосоо унахгүй байхын тулд л өсгийтэй гутлыг өмсөж байсан” гэжээ.

17-р зуунд Европын чинээлэг эрчүүд хоёр төрлийн өсгийтэй гутал өмсдөг байжээ. Тодруулбал, хааны ордонд ноёд тансаг чамин хийцтэй арьсан өсгийтэй гутал өсдөг байсан бол бусад үед давхарласан арьсан өсгийт өмсдөг байжээ. Харин эмэгтэйчүүд өсгийтэй гутал өмсдөг болж эхэлснээр орчин үеийн нарийн өндөр өсгийтэй гутал шиг болж хувирсан байна. Давхарласан арьсан өсгийтэй гутал нь ковбой гутал болж өөрчлөгдсөн бол чамин тансаг арьсан өсгийт нь богино, урт хоншоортой болж хувирсан.
Ерөнхийдөө, эрэгтэй хүнд зориулагдан бүтээгдэхдээ өргөн өсгийтэй байхаар бүтээгдсэн төдийгүй хэргэм зэрэг өндөр байхын хэрээр өсгий нь өндөр байсан аж.
Эрэгтэйчүүдэд зориулагдаж өсгийтэй гутлыг бүтээсэн гэдгийг батлах нэг бүтээл нь 1701 онд Гиацинт Ригаудын XIV Людовикийн хөрөг зураг юм. Францын хаан уг зурагт алтлаг, цэнхэр өнгийн нөмрөгтэй, улаан өсгийтэй гоёмсог цагаан гутал өмссөнөөр дүрслэгджээ.
“Les talons rouges” гэж нэрлэгддэг улаан өсгийт нь хааны хэргэм зэргийг бэлгэддэг байв.
Тухайн үеийн бусад бүтээлүүдэд язгууртан эмэгтэйчүүдийн гутал төдийлөн сайн дүрслэгдээгүй байдаг. Харин язгууртан, ноёдын зурагт өсгийтэй гутал өмссөн гэдгээ тодотгох гэж хөлөө сунган зогссон байх бөгөөд уг гутлаар нь ямар хэргэм зэрэгтэй байсныг нь мэдэж болдог байна.
ГОО САЙХНЫ ХЭМЖҮҮР НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛӨӨР
Семмелхакийн үзэж буйгаар, 17-18 зууны үед эмэгтэйчүүд урт даашинзаар хөлөө халхалдаг байсан тул гоо сайхны хэмжүүрт ордоггүй байв. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улс төр, нийгмийн өөрчлөлт нь гоо зүйн үзэл баримтлал, хэм хэмжээнд нөлөөлөх болжээ.
Тухайлбал, даашинзны загвар, улс орны нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр жижигхэн, нарийн хөлтэй байх нь эмэгтэйчүүдэд тавигдах гоо зүйн шаардлага болж хувирсан байна.
Мөн адил арьсан өсгийтэй гутал нь тухайн үеийн эрэгтэй загварын чиг хандлагад тооцогдохоо больж, 18 зууны төгсгөл гэхэд эмэгтэйчүүд л зөвхөн өсгийтэй өмсдөг болсон байна. Гэсэн хэдий ч гутлаараа ямар хэргэм зэрэгтэй гэдгээ илэрхийлдэг байсан ноёд илүү тод, гэгээлэг өнгөөр хувцаслаж, үсний засалт, энгэрийн тэмдгээр гоёх болжээ.
Холбоотой мэдээ