Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл Лос Анджелес-д болох 2028 оны олимпод боксын төрлийг нэмэх тал дээр зөвлөмж гаргаад байна. Энэхүү шийдвэрийг энэ долоо хоногт Грект болох ОУОХ-ны чуулганаар эцэслэн шийдвэрлэх юм.
Хэрэв ОУОХ-ны чуулганаар энэ зөвлөмжийг баталбал бокс олимпийн хөтөлбөрт цаашдаа багтаад явах боломжтой болно. Олон улсын олимпийн хороо нь олон улсын боксын холбоог удирдлага болон санхүү мөнгөний асуудлуудаас нь болж хүлээн зөвшөөрөхөө больсон.
Үүний дараагаар Дэлхийн боксын холбоо гэх байгууллага 2023 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө 78 орны гишүүнчлэлтэй болон өргөжсөн байна.
Дэлхийн боксын холбоо нь үйл ажиллагаагаа эхлээд хоёр жилийн дараа буюу энэ оны хоёрдугаар сараас ОУОХ-нд түр хүлээн зөвшөөрөгдөж эхлээд байгаа юм. Энэ талаар дэлхийн боксын холбооны Ерөнхийлөгч Борис Ван Де Хорст боксын спортыг 2028 оны олимпийн төрөлд үлдээх тухай шийдвэрийг талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд "Энэ бол олимпийн боксын хувьд маш чухал шийдвэр бөгөөд боксыг олимпийн хөтөлбөрт үлдээхэд нэг алхам ойртуулж өглөө. Дэлхийн боксын холбооны нэрийн өмнөөс ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлд манай байгууллагад итгэл хүлээлгэсэнд талархал илэрхийлье. Жинхэнэ ажил одоо л эхэлж байна. Хийх зүйл маш их байгаа. Дэлхийн боксын холбооны бүх гишүүд хамтран ажиллаж энэ спортын ирээдүйг илүү гэрэлтэй болгохын төлөө чадах бүхнээ хийж өндөр хариуцлагтай хандана.
Бас бокс олимпийн хөдөлгөөний гол цөм хэвээр үлдэх ёстой гэдэгт бид итгэлтэй байдаг.
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа боксын клуб бүрийн олимпийн мөрөөдлийг амьд байлгах нь бидний нэн тэргүүний зорилго. Тиймээс энэ долоо хоногт болох ОУОХ-ны чуулганаас эерэг үр дүн гарна гэдэгт найдаж байна” гэв.
Мөн ОУОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж буй Томас Бах: "Дэлхийн боксыг түр хүлээн зөвшөөрсний дараа бид ийм шийдвэр гаргах боломжтой болсон. ОУОХ-ны чуулганаар шийдвэрийг баталгаажуулна. Дэлхийн бүх боксчид Лос Анжелест болох Олимпийн наадамд оролцох бүрэн боломжтой болно гэдэгт би итгэлтэй байна" хэмээн мэдэгджээ.
зочин 5 цагийн өмнө 66.181.166.196
Манайх аль холбоонд нь байна, олимпод оролцоно гэвэл энэ Дэлхийн Боксын Холбоонд орох л болох байх даа