Хойд Македонийн Кокани хотод байрлах "Pulse" шөнийн цэнгээний газарт гал гарч, тоглолт үзэхээр цугласан олны дотроос 59 хүн амь үрэгдсэн билээ. Шөнийн цэнгээний газарт алдартай хип хоп хамтлаг "DNK"-ийн тоглолтыг үзэхээр олон зуун залуус цугласан байсан. Энэхүү харамсалтай хэргийн дараа шударга ёсийг нэхэж, авлигын эсрэг тэмцэхийг уриалан олон мянган иргэн жагсав. Жагсагчдын олонх нь өсвөр насныхан байжээ.
Тэдний төлөөлөл хэвлэлд ярилцлага өгөхдөө "Хэн ч ийм байдлаар үхэж болохгүй. Тэр хүүхдүүдэд ирээдүй, авъяас байсан шүү дээ" гэжээ. Мөн амиа алдсан 19 настай залуугийн авга ах "Ийм зүйл дахин тохиолдох ёсгүй. Тэнд дайн байлдаан болж байсан бол хамаа алга. Өчнөөн олон залуу хүн амиа алдлаа" гэв.
Жагсагчид "Бид шударга ёсыг шаардаж байна" гэж хашгиралдах аж. Мөн тэд лаа асаах, хоорондоо тэврэлдэн уйлах, харууслын захидал бичих зэргээр гашуудлаа илэрхийлцгээж байна. Зарим өсвөр насныхан цэнгээний газрыг онилон, цонхыг нь хагалжээ.
Барилгын аюулгүй байдал хангалтгүй байхад авлигын улмаас үйл ажиллагааг нь үргэлжлүүлсээр байсан гэж иргэд үзэж байна. Цэнгээний газарт ганцхан гарц байснаас гадна хоёрхон гал унтраагчтай, галын дохиоллын системгүй байжээ. Тиймээс энэ хэрэгтэй холбоотойгоор цэнгээний газрын эзэмшигч, засгийн газрын албан тушаалтан зэрэг 20 орчим хүнийг баривчилжээ.
Сураггүй байгаа хүүхдүүдийн ар гэрийнхэн цагдаагийнхны ажилд туслахын тулд ДНХ-ийн шинжилгээ өгөхөөр эмнэлгийн гадаа дугаарлаж байна.
Түймэрт өртөж шархадсан 160 гаруй хүний 45-ынх нь биеийн байдал хүнд байна. Тэднийг олонхийг нь хөрш Болгар, Грек, Серби, Туркийн эмнэлэгт тусгайлан эмчилж байгаа аж.
Яагий 2 цагийн өмнө 202.9.46.221
Ягаан дэнлүүний газар би бээз ?