Хотод энэ хавар нөөцийн маш харьцангуй эрт худалдаанд гарсан. Жил бүр гуравдугаар сарын дундуур худалдаанд гардаг нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ноос зарж эхэлсэн юм. Шалтгаан нь орон нутгаас махны нийлүүлэлт эрс багасч, зах бөөний төвүүдэд махны үнэ өндөр байгаатай холбоотой. "Хүчит шонхор" зах дээр үхрийн мах нэг килограмм нь 20-25 мянган төгрөг хүрч байна.
Харин нөөцийн махны үнийн хувьд үхэр, хонь гэсэн сонголттойгоор 13.800-11.800 төгрөгөөр зарж байгаа юм.
Зах зээлийн үнээс 10 орчим мянган төгрөгөөр хямд үнэтэй зарж байгаа ч нөөцийн махны борлуулалт тааруухан байна. Одоогийн байдлаар нийт махны 240 орчим тонн буюу 2.8 хувьтай борлуулаад байгаа аж. "Одоогоор иргэд цагаан сараар бэлтгэсэн махаа хэрэглэж дуусаагүй байгаа учраас хүнсний дэлгүүрийн худалдан авалт өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад арай бага байна.
Энэ жил нөөц хангалттай байгаа учраас зургадугаар сар дуустал нөөцийн махыг худалдан борлуулна" гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын мэргэжилтэн Н.Бумцэнд хэлсэн юм.
ХУДАЛДАГЧ: ҮХРИЙН МАХ НЬ ИРСЭН ДАРУЙДАА ШИЛЭГДЭЭД ДУУСЧИХДАГ

Хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байгаа иргэдийн олонх нь нөөцийн мах худалдан авч амжаагүй гэдэг хариултыг өгч байв. Тэдний нэг болох ахмад настан Х.Аюуш "Манайх нөөцийн мах авч хэрэглэдэг. Гэхдээ энэ жилийн нөөцийн махнаас худалдан авч амжаагүй байна. Өмнөх жилүүдэд хавар цагт нөөцийн мах хэрэглэж байсан. Амт чанар нь дажгүй юм билээ.
Энэ жилийн тухайд сар шинийн баяр оройхон болсон учраас хэрэгцээний махаа идэж, дуусаагүй байна" гэв.
"Нөөцийн махны худалдан авалт сайн байна. Сард 2-3 удаа нөөцийн махаа захиалж, татан авдаг. Хүнсний дэлгүүртээ долоо хоногтоо хоёр шуудай үхрийн мах захиалбал заавал хоёр шуудай хонины мах дагалдуулдаг. Тэгээд үхрийн мах нь ирсэн даруйдаа дуусчихна. Хонины мах шилэгдэж үлдсэн ч үнэ хямд учраас борлуулчихдаг юм" гэдгийг дэлгүүрийн худалдагч О.Мөнхцэцэг хэлж байв.
Мөн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байгаа иргэд "Нөөцийн мах бэлтгэж байгаа компаниудад хөнгөлөлттэй зээл олгодог гэдэг ч түүндээ тохирсон хэмжээний чанартай мах нийлүүлдэггүй. Ихэнхдээ яс голдуу мах байдаг. Яс ихтэй нөөцийн мах авснаас хүнсний захад худалдаалагдаж байгаа мах авч хэрэглэх нь илүү хэмнэлттэй санагддаг. Цаашдаа нөөцийн мах бэлтгэх нэрээр компаниудад хөнгөлөлт өгдөг энэ байдлаа зогсоох хэрэгтэй. Нэг их махны үнэд нөлөөлж гавьдаггүй" гэх иргэд ч таарсан юм.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр мах, махан бүтээгдэхүүний үнэ 2025 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 18.9 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 19.3 хувиар, адууны махны үнэ 8.3 хувь, хонь, ямааны махны үнэ 22.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэдгийг онцолсон. Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул нэг кг махны дундаж үнэ 2025 оны хоёрдугаар сард 22.507 төгрөг болж, 2023 оны хоёрдугаар сараас 35.6 хувиар, 2024 оны хоёрдугаар сараас 17.2 хувиар, өмнөх сараас дөрвөн хувиар буюу 874 төгрөгөөр өссөн байна.
НӨӨЦИЙН МАХНЫ ЧАНАРЫН ТАЛААР ГОМДОЛ ИРЭЭГҮЙ ГЭВ

Нийслэлийн хэмжээнд энэ жил 10 аж ахуй нэгж нөөцөлсөн мах бэлтгэн, иргэдэд харьцангуй хямд үнээр нийлүүлж байна. Нийт махны 40 хувь нь үхрийн мах, 60 хувь нь хонины мах эзэлж байгаа аж. Нөөцийн махыг 2.5-3 кг байхаар савласан бөгөөд иргэд ихэвчлэн 1-3 уутаар худалдан авдаг гэнэ.
Нийслэлийн хэмжээнд 2025 онд арван аж ахуйн нэгж 8713 тонн нөөцийн мах бэлтгэн, 446 хүнсний дэлгүүрээр зах зээлийн жижиглэнгийн үнээс 30 орчим хувиар хямдаар зарж байна.
Мах боловсруулж, үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд тодорхой шаардлагуудыг хангаж, сонгон шалгаруулалтад ордог гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Иргэдийн зүгээс нөөцийн махыг хатуу, яс ихтэй гэх мэт гомдлыг хэлдэг. Энэ жилийн хувьд махны чанарын талаар гомдол ирээгүй гэдгийг холбогдох мэргэжилтэн нь хэлсэн юм.
- Булган мах маркет ХХК
- Агро нэтгэл трейд ХХК
- Баатарууд тэнгэр ХХК
- Стандарт мах ХХК
- ХКҮ ХХК
- Мах эмпикс ХК
- Чойбалсан групп ХХК
- Эрдэнэт мах маркет ХХК
- Дархан меат фүүдс ХХК
- Жаргалант мах импекс ХХК

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын мэргэжилтэн Н.Бумцэнд:
-Нөөцийн махны үнийг тогтоохдоо тухайн мах бэлтгэн нийлүүлж буй ажилчдын цалин хөлс, тээвэрлэлт, хадгалалт гэх мэт үйл ажиллагааны бусад зардлыг тооцож тогтоодог. Мах боловсруулж, бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдийн дунд 2024 оны наймдугаар сард сонгон шалгаруулалт зарлаж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх, барьцаа хөрөнгөөрөө арилжааны банкнаас зээл авах боломжтой, агуулахтай байх зэрэг шалгуурыг тавьдаг. Уг шалгуурт тэнцсэн аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлддэг.
Аж ахуйн нэгжүүд нээлттэй материалаа ирүүлнэ. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг материалыг нь хянаж үзээд, тэнцсэн бол арилжааны банк руу хүргэж, зээлийн хүүгийн хөнгөлөлтийг нийслэлээс олгодог юм.
Энэ жил аж ахуйн нэгжүүдэд 11 хувийн хөнгөлөлт олгож байна. Тухайн аж ахуйн нэгжээсээ шалтгаалан 17-18 хувийн хөнгөлөлттэй зээл олгодгоос 11 хувийг нь нийслэлээс олгодог гэсэн үг. Аж ахуйн нэгжүүдийн хувьд мах бэлтгэж боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол явуулж, бүтээгдэхүүнээ хүнсний дэлгүүрээр дамжуулан худалдан борлуулж байна гээд тодорхой хэмжээнд бага зэргийн ашиг олдог. Өндөр ашигтай ажилладаггүй гэсэн юм.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
3,595.72






















































Холбоотой мэдээ