NEWS.MN сайт "126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшин парламентад сонгогдсон Ч.Анарыг танилцуулж байна.
МАН-аас УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдийн гуравт эрэмбэлэгдэн, парламентад ногоон гэрлээр сонгогдсон гишүүн бол Ч.Анар юм. Тойрогт нэр дэвшээгүй тул “Тооноор орж ирсэн 48-ын нэг” гэх тодотгол ч дагадаг. Харин бизнесийн хүрээнийхэн Ч.Анарыг “Лэндмн" –ийн босс гэдгээр нь андахгүй.
Кибер аюулгүй байдлын инженер мэргэжилтэй ч 2016 онд "Лэндмн" банк бус санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулж, технологийн дэвшлийг ашиглан барьцаагүйгээр зээл олгох цахим үйлчилгээг нэвтрүүлсэн нь салбартаа цахиур хагалсан гэж хэлж болно.
Эхлүүлсэн бизнес нь ч амжилт олж, “Лэндмн" ББСБ нь жил бүр хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилдаг болсон. Зөвхөн 2024 оны хувьд тооцоход 11 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ тараах шийдвэр гаргаад байгаа. Эндээс “Лэндмн" хэр ашигтай ажиллаж буйг харж болно.
Ер нь Монголд банк болон банк бус санхүүгийн байгууллага л зөвхөн ашигтай ажиллаж, бусад нь татвар, шимтгэл хоёрт сөхөрч байгааг хууль тогтоогч нар өөрсдөө шүүмжлэх ч УИХ дотор “БЭТ” нь сууж буй нөхцөлд Монголд зээлийн хүү буурна гэдэгт эргэлзэх хүн олон бий.
Тэрбээр УИХ-д орж ирснээ “Улс төр гэж юу байдгийг мэдэхгүй, сайд, дарга нарыг ч танихгүй үед МАН-аас УИХ-ын 2024 оны сонгуульд жагсаалтаар нэр дэвших урилга ирүүлснийг хүлээн авсан” гэж ярьдаг. Харин угшлыг нь хөөвөл Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрж өссөн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нутаг нэгтэн болж таардаг. Гэхдээ Засгийн газрын тэргүүний үйлдэл бүрийг магтаад байдаггүй. Тухайлбал, өнгөрсөн онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Шанхай хотод болсон олон улсын экспод оролцох үеэрээ “Huawei” компанитай хамтран ажиллах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн юм. Энэ талаар тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Huawei” компанитай хамтрах санаачлага Үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын үзэл баримтлалд халдаж байна. Иргэний болон дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдал бол тусгаар тогтнолын баталгаа…" гэж мэдэгдэн шуугиан тарьж байв.
Засгийн газар мөн Франц улстай хамтран 328 сая еврогоор үндэсний хиймэл дагуул төслийг хэрэгжүүлэхээр УИХ-д асуудлыг оруулж ирэхэд УИХ-ын гишүүн Ч.Анар “Төслийн өртөг дэндүү өндөр” гэж шүүмжилсэн.
Энэ талаар тэрбээр “Гадаад нөхцөл байдал, үндэсний аюулгүй байдал талаасаа Монгол Улс хиймэл дагуултай болох шаардлагатай. Би үндэсний хиймэл дагуултай болохыг эсэргүүцээд байгаа юм биш. Гол нь өртөг өндөр байна. Төслийн 15 хувь нь Монгол Улсын төсвөөс, 85 хувийг нь хөнгөлөлттэй зээл авч энэ төслийг хэрэгжүүлнэ гэж байгаа боловч буцаад энэ мөнгийг ард түмний татвараар л төлнө. Тиймээс төсөвт өртөг дээр нь мэргэжлийн салбарынхан ороод хэлэлцээр хийж, бууруулах боломжтой. Дор хаяж хоёр дахин бууруулах боломж бий” гэж байр сууриа идэвхтэй илэрхийлж байв. Засгийн газар 2025 оны төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор үндэсний хиймэл дагуулын төсөлд тусгагдсан 211.6 тэрбум төгрөгийг хассан юм.
Одоо тэрбээр УИХ дээр байгуулагдсан Төрийн процессын дахин инженерчлэлийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг, Өндөр технологийн тусгай бүсийг үүсгэх хуулийн ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж байгаа юм.
Технологийн салбарт ажиллаж ирсэн туршлагыг нь Монголд өндөр технологийг хөгжүүлэхэд шаардлагатай бодлогыг боловсруулахад ашиглаж байна гэж хэлж болно.
Тэрбээр улс төрд орж ирэхээсээ өмнө “Лэндмн" –ээс гадна "Ондо" ХХК, "Андореан" зэрэг компаниудыг үүсгэн байгуулалцсан байдаг. Зөвхөн бизнесийн хүрээлэл дунд танигдаж байсан Ч.Анар “Шарк танк” нэвтрүүлэг олны танил болгосон гэж хэлж болно. Гэхдээ энэ нь зөвхөн олны танил болгохоос гадна улс төрд орж ирэх замналаа эхлүүлэх “нүүр хагарах” ажиллагаа байсан гэж ярих хүмүүс олон бий. Үнэндээ ч шаркууд хууль тогтоох дээд байгуулладаг орж ирсэн анхных нь тохиолдол Ч.Анар биш. Түүний өмнө шарк Г.Амартүвшин 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөөд парламентад сонгогдсон бол 2024 оны сонгуульд Ч.Анараас гадна шарк Д.Энхтүвшин МАН-аас жагсаалтаар нэр дэвшин УИХ-д сонгогдсон. "Шарк"-ын хоёр ч эрхэм жагсаалтаар УИХ-д орж ирэхэд “Шаркууд залгамж халаагаа хууль тогтоох дээд байгууллагад шургууллаа” гэж хардсан нь ч бий.
Хардах үндэслэл ч ард олонд бий. Учир нь бизнесийн салбарынхан хууль тогтоох дээд байгууллагад төлөөллүүдээ идэвхтэй "шургуулах" болсон төдийгүй төрийн байгууллагууд руу ч оруулдаг нь УИХ-аас зохион байгуулдаг нээлттэй сонсголуудын үеэр тодорхой болж буй.
Бизнесийн салбарт идэвхтэй ажиллаж ирсэн тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ Авлигатай тэмцэх газарт өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 421 сая төгрөг, 160 сая төгрөгөөр үнэлэгдэх авто зогсоол, зуслангийн байшинтай. 1.6 тэрбумаар үнэлэгдэх долоон тээврийн хэрэгсэлтэй, 187 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 10 сая төгрөгтэй, 568 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.
Ироконсалтинг ХХК /20%/, Андэкс ХХК /100%/, Зочил технологи ХХК /8%/, Ондо холдинг ХХК /48.97%/ , ироконсалтинг пи-ти-и ХХК /20%/, Андореан пи-ти-и ХХК /50%/ -д хувь оруулсан гэж мэдүүлсэн байдаг юм.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1995 онд Хэнтий Бэрх ЕБС, суурь боловсрол
- 1998 онд Өвөрхангай аймгийн 2-р Арван жил, бүрэн дунд боловсрол
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2001-2005 онд "Монголын Цахилгаан Холбоо" ХК-нд Систем инженер
- 2004-2006 онд "Нэтсофт" ХХК – Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
- 2006-2009 онд "Жи-Мобайл" ХХК- Үүсгэн байгуулагч, Техникийн газрын захирал, Бизнес хөгжлийн захирал
- 2009-2011 онд "СисТелком" ХХК-нд Захирал
- 2009-2011 онд "Иромакс" ХХК-нд Захирал
- 2011-2015 онд "АПГО Лимитед" (ХонгКонг) Төслийн удирдагч
- 2015-2017 онд "АНД Системс" ХХК- Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх Захирал
- 2016 оноос "Лэндмн" ББСБ ХК, Үүсгэн байгуулагч
- 2018-2024 онд "Ирбис Венчурс Пти" ЛTД- Үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч
- 2017-2019 онд "Анд Глобал Пти" ЛTД – Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
- 2020-2022 онд Монголын Математикийн Олимпиадын Хороо НҮТББ- Ерөнхийлөгч
- 2022 оноос Монголын Математикийн Олимпиадын Хороо НҮТББ Дэд ерөнхийлөгч
- 2022 оноос "Ондо спэйс" ХХК Үүсгэн байгуулагч
- 2023-2024 онд "Ондо" ХХК Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга
- 2021-2024 онд "Андореан" ХХК Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
- 2024 оноос "Ондо спэйс академи" ТББ Үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга
- 2022-2024 онд "Ондо Холдинг" ХХК Үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос
Г.ХОРОЛ
Нэргүй 24 минутын өмнө 139.5.216.106
Харваас х***а … Энэ Бэрх чинь тэр чигээрээ урд зүгийхэн юи уу… ххх
Иргэн 37 минутын өмнө 202.179.2.134
Шилдэг мөнгө хүүлэгч хүн Шулуухан хэлэхэд Нийгмийн паразит.
уншигч 54 минутын өмнө 66.181.176.56
ЛЭНД,МН бол ЦЭВЭР МӨНГӨ ХҮҮҮЛЭХ ПЛАТФОРМ ШҮҮҮ….. Мөнгө хүүлэгчидээ тархиндаа гаргаад гоё бна өөө бид хэд кккк
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.166.134
хүүгүй гэсэн мөртлөө аймшигтай их хураамж авдаг мөлжлөг хийдэг газар шүү!!!
Нэргүй 2 цагийн өмнө 202.131.234.123
төрөөс наймачдыг зайлуулж төрийг бэлтгэгэдсэн улс төрчид удирдаг.
Нэргүй 8 минутын өмнө 124.158.123.244
Тэгдэг хөг өнгөрчээ…Энэ байдал олон жил үргэлжилнэ