
Тэгээд ч намын дарга, генсек хоёр нь өөр, өөр тийш хараад суучихсан байхад тийм гарц яаж байх юм бэ. Тиймээс тус намынхан стресс тестийг амжилттай давахгүй нь тодорхой.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Бусдын шидсэн чулууг өөдөөс нь шидмээргүй байна” гэх юм. Намынхаа гишүүдийг нэгтгэн зангидах үүрэгтэй түүний хувьд “Бусад нь” гэж хэн юм бэ. Мүднякийнхантайгаа хамт Ардчилсан хүчний холбоонд дагаар орсноос нь дүгнэвэл, тэрбээр зорилго нэгт Н.Алтанхуяг руу овоо хараагаа хэдийнэ онилсон. Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нарын хамтын зорилго бол ирэх сонгуульд намаа үнэмлэхүй ялуулдаггүй юм гэхэд парламент дахь суудлаа хадгалах. Мөн намын үзэл баримтлалаа тууштай хадгалах билээ. Мэдээж хэрэг, намын эв нэгдэл тэдний хяналтаас гарах ёсгүй. Гэвч мань хоёрын зөрчилдөөнөөс болж, Ардчилсан нам нэгмөсөн баларлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 26 гишүүн нь Н.Алтанхуяг, З.Энхболд гэсэн хоёр том бүлэглэлд хуваагдаж, намрын чуулган эхэлмэгц МАХН-ынхантай биш, хоорондоо толхилцож “нүд” болно. Түргэн зантай зарим нь хамтарсан Засгийн газрын танхимыг сайн дураар орхиж, нөгөө хэсэг нь шазуур заан үлдэнэ. Энэ бол нэгэнт тодорхой болчихсон зүйл. Тэгэхээр УИХ-д МАХН, Ардчилсан нам, Иргэний зориг намаас гадна өөр нэгэн нам мэндэлж болзошгүй. “Ардчилсан намаас аль олон нам мэндэлснийг тэр гэх вэ” гэдэг юм гэхэд УИХ-д “зөвшөөрөлгүй” орж ирсэн шинэ намыг яах болж байна вэ. Ардчилсан нам дахь хагарлын үр дагавар эцэстээ хууль тогтоох дээд байгууллагыг ийм хөгийн байдалд хүргэж байна.
Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нарын дэвэргэсэн Ардчилсан нам дахь их хямрал цаашид ч мөлхөө хэлбэрээр үргэлжилнэ. Ардчилсан нам дотроо хоёр өөр “нам” болсон бол энэ нь цаашид задарч, “Алтангадас”, МҮДН, соцдекүүд, МоАХ гэхмэтчилэн фракциуд өөр хоорондоо тулалдаж эхлэх нь тодорхой боллоо. Ардчилсан хүчний холбооны гол гишүүдийн нэг гэгддэг С.Эрдэнэ “МоАХ байхгүй боллоо” гэснээс үүдэж, Н.Алтанхуяг нар МоАХ-ны партизануудын сэтгэл зүй дээр тоглож байгаа. МоАХ гэдэг бол Ардчилсан намд том хүч. Гэвч эрхэм гишүүний хэлсэн үгнээс болж, Ардчилсан хүчний холбооныхон том алдлаа. Харин энэ нь Н.Алтанхуягт хүчээ зузаатгах боломж юм. Ямартай ч тус нам ҮЗХ-ны хурлаа зарлаг. МАХН-ынхан Бага хурлын XII хуралдаанаасаа ямар шийд гаргахыг Ардчилсан намынхан хүссэн ч, эс хүссэн ч харзнаж л байна. Гэхдээ Ардчилсан нам дахь хоёр “толгой” буюу Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нарын толхилцооныг яах ч аргагүй. Угтаа тэд стресс тест хэмээгчийг хамтдаа санаачилж, намдаа “халууны шил” зүүх байсан юм. Гэвч хожимджээ. С.БАТТУЛГА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин