Хэцүүхэн улирлыг туулж буй Даллас Мавериксын тоглолт цуцлагдаж болзошгүй байна. "NBA"-ийн нэг багт дээд тал нь 15 тоглогч байдаг.
Лигийн дүрэм ёсоор тухайн баг тоглолтод оролцох боломжтой байхын тулд багадаа найман тоглогчтой байх шаардлагатай аж. Хэрэв тоглогчдын тоо найм хүрэхгүй бол тухайн тоглолтыг автоматаар цуцалж, өрсөлдөгч баг хожил авна.
Хараал хүрсэн мэт энэ баг улирлын дунд хэсгээс авхуулаад аль хэдийнэ есөн тоглогчоо гэмтэл бэртэлд алдаад байгаа юм. Одоогоор үндсэн бүрэлдэхүүнд Дуайт Пауэлл, Клэй Томпсон, Наджи Маршалл, Макс Кристи, П.Ж.Вашингтон, Спенсер Динвидди гэсэн зургаан тоглогч л тоглох боломжтой. Уг зургаан тоглогч дээр хоёр талт гэрээгээр орж ирсэн Кесслер Эдвардс, Брэндон Уильямс нар бий. Тэгвэл хоёр талт гэрээтэй тоглогч улиралд нийт 50 тоглолтод л оролцох боломжтой. Эдгээр хоёр тоглогч аль хэдийнэ 47 болон 44 тоглолтод оролцсон учир одоо тэд гурваас зургаан тоглолтод л орох эрхтэй үлдэж байгаа юм.
Тиймдээ ч гурваас зургаан тоглолтын дараагаас Даллас Маверикс багийн тоглох боломжтой тоглогчдын тоо зургаа болох эрсдэлтэй. Гэтэл гэмтэлтэй тоглогчид нь ирэх болоогүй хэвээр. Мөн тэдэнд шинээр тоглогч авах боломжтой 51 мянган ам.доллар байгаа бөгөөд энэ нь улирлын сүүлийн хоёр тоглолтод л хүн авахад хүрэх мөнгөн дүн юм.
Гэмтэл бэртэлтэй тоглогчид хурдан ирэхгүй бол энэ багийн тоглолт цуцлагдах эрсдэл хаяанд тулж ирлээ. Мөн гэмтэл бэртлээс үүдсэн таагүй үр дүн хэдий ч ийм тохиолдол өмнө нь "NBA"-д болж байгаагүй аж.
Холбоотой мэдээ