Монгол цэргийн өдөр жил бүрийн гуравдугаар сарын 18-нд тохиодог. Олон нийтийн дунд эрчүүдийн баяр хэмээх тодотголтой энэ өдөр л зөвхөн эрчүүдэд чиглэсэн сэдэв, асуудлыг монголчууд хөнддөг гэхэд хилсдэхгүй. Эр хүн уйлах эрхтэй, эрэгтэйчүүдэд цэцэг бэлэглэж болно, хөвгүүдийг хайрлаж, охидыг хүмүүжүүлэх хэрэгтэй гэхчлэн өчнөөн сэдвүүд нийгмийн сүлжээнд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаг. Үүний зэрэгцээ эрчүүд эрүүл мэнддээ хайнга ханддагаас өвчлөл, нас баралт эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр гэх статистик ч жил бүр улиг болтлоо яригддаг билээ. Тэгвэл бид эрчүүд мэнддээ анхаарч чаддааг уу, хэрэв чаддаагүй бол яагаад гэдэг асуултын хүрээнд өнөөдрийн сурвалжлагаа бэлтгэж байна.
Ц.АРИУНБАЯР: ЭРЧҮҮДЭД БАГААС НЬ БОЛОВСОЛ ОЛГООГҮЙГЭЭС ЭЦЭГ БОЛОХДОО БЭЛТГЭЛГҮЙ БАЙНА
Эрэгтэйчүүдийн “Цэ-Пү” эмнэлгийн эмч Ц.АРИУНБАЯР:
-Би бол эрчүүд эрүүл мэнддээ анхаарч байна уу? гэвэл "үгүй" гэж хэлнэ. Хэрэв анзаарсан бол Монгол Улсын төрөлт буурсан статистик гарсан. Төрөлт буурсан ч хүн ам бол цөөрөөгүй, тогтмол өссөөр л байгаа. Тэгвэл юунаас шалтгаалж төрөлт буурч байна вэ гэдэг асуудал. Өнөөдөр үзүүлсэн нэг залуугийн кэйсийг авч үзье. Тэр залуугийн хувьд эхнэр нь жирэмсэлсэн ч ураг амьгүй болж, төрөхгүй байна гэх асуудлаар эмнэлэгт хандаж байгаа юм. Жирэмсэн болохдоо төлөвлөж, бэлдсэн үү гэхээр бэлдсэн гэлээ. Өөрийгөө бэлдэж юу хийсэн бэ? гэхээр би юу ч хийгээгүй, эхнэр л бэлдсэн гэж байгаа. Тэгэхээр эхнэр нь нөхөргүйгээр жирэмслэх бэлтгэл хийгээд байсан гэсэн үг. Энэ бол буруу.
Гэр бүл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа тохиолдолд эрэгтэй, эмэгтэй аль аль нь бэлдэх ёстой. Гэтэл монголчууд эцэг болоход бэлдэх ёстойгоо мэддэггүйгээс гадна ойлгодоггүй. Тиймээс эрчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай.
Эрэгтэйчүүдийн эмнэлэг бол нөхөн үржихүйн эмнэлэг. Түүнээс бэлгийн замын өвчнөөр өвдчихөөд очиж эмчлүүлдэг арьс өнгөний эмнэлэг биш. Энэ төрлийн боловсрол мэдлэг байхгүйгээс эрчүүд халдварт өвчнөөр өвдсөн үедээ л эмнэлэгт хандаж байна. Хамгийн сүүлийн жишээ бол 16 настай хүү, ээжтэйгээ манай эмнэлэгт ирсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард найз охинтойгоо бэлгэвчгүй бэлгийн хавьталд ороод гурван сарын дараа шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандаж байгаа юм. Ээж нь яагаад өөрт нь хэлээгүйг асуухаар айсан гэж хариулсан. Эмнэлэгт очихдоо ч мөн айсан гэж хэлж байгаа.
20-оос доош насны эрчүүдийн хувьд ихэвчлэн айгаад эмнэлэгт ханддаггүй.
Угтаа бол өвдсөн, биед нь ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илэрсэн бол тэр айж, эмээх зүйл биш гэдгийг бид хүүхдүүддээ ойлгуулж сураагүй л байна гэсэн үг. Ямар нэгэн зүйл болсон тохиолдолд айснаасаа болж асуудлаа хэнд ч хэлэхгүй нууж, дарж, хүндрүүлдэг зарчим Монголын боловсрол эсвэл гэр бүлийн хүмүүжлийн харилцаанд яваад байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн боловсролыг ой тоонд нь суутал ойлгуулдаг, ярилцдаг, хичээлээр дамжуулж мэдлэг олгодог болох нь чухал. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамрагдах хүний тоо олширлоо гээд эрчүүд эрүүл мэндээ анхаараад байна гэсэн үг биш. Эрт илрүүлэгт хамрагдах эсэх хүний ухамсрын л асуудал. Мэдээж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь зүйтэй. Асуудал хүндрэхээс сэргийлэх сайн талтай. Гэхдээ эрүүл мэнддээ тогтмол анхаарна гэдэг өөр зүйл.
Зөвхөн монгол эрчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй биш. Дэлхий нийтээр статистик адил байдаг. Америк, Орос болон бусад орнуудад эрэгтэйчүүд өвдөхөөс нааш эмнэлэгт ханддаггүй нь судалгаагаар тогтоогдсон. Яагаад гэвэл энэ нь эрэгтэй хүний сэтгэл зүйн онцлогтой хамаатай.
Тодруулбал, би өвдлөө гээд ажилдаа явахгүй гэж эрчүүд хэлдэггүй сэтгэл зүйн хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, өөрийгөө дандаа хойш тавьж, ажил, гэр бүлийг нэгдүгээрт тавьдаг. Үүнийг өөрчлөхөд соёл хэрэгтэй. Япончуудын тухайд эрчүүдийн өвчлөлөө бууруулаад байгаа гол дэвшилтэт арга нь өөрсдийгөө урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах соёлыг төлөвшүүлсэн явдал. Хүүхэд байхаас нь жилд 13 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, шинжилгээ өгөх ёстой гэдгийг ойлгуулж байгаа. Мөн ямар нэгэн өвчтэй гэж оношлогдсон тохиолдолд энэ нь 100 хувь өөрөөс хамаарсан зүйл гэдгийг ухамсарлаж, хариуцлагаа хүлээн зөвшөөрдөг соёлыг япончууд хүүхдэдээ багаас нь төлөвшүүлдэг. Харин Монголд эрэгтэйчүүд эмнэлэгт хандаад өвчтэй гэж оношлогдсон тохиолдолд эмч, эмнэлэг буруутай гэсэн хандлага гаргадаг. Энэ бүхнээс үзэхэд бид хүүхэдтэй болсон цагаас хамгийн түрүүнд гэр бүл, дараа нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд хувь хүний эрүүл мэндийн асуудал зөвхөн тухайн хүнээс хамааралтай гэдгийг ойлгуулах нь чухал. Түүнээс улсаас төлбөрийг нь дааж байна, та эмнэлэгт очоод ганц удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад өгөөч гээд эрчүүдийн ухамсар дээшлэхгүй. Тамхи татах нь муу гэж мянга яриад тамхинаас хамааралтай нас баралт жилд 4000-5000 буурахгүй хэвээр л байна. Архи ч мөн ялгаагүй. Энэ бол бага наснаас нь ухамсарт нь суулгаагүй зүйлийг төлөвшсөн хойно нь 1000 аргаар сурталчлаад нэмэргүй.
Монгол Улсад өвчлөл нэмэгдээд байгаа нь эрүүл мэндийн тогтолцоо муу ажиллаж байгаад биш боловсролын тогтолцоо муу байгаад л бий.
Хэрэв хүний ойд суутал зөвлөгөө мэдээллийг, мэдлэгийг бага насанд нь олгож чадсан бол тэр хүн насан туршдаа түүнийг мартдаггүй. Бид эрчүүдийг эрүүл мэндээ анхаардаг, эцэг болохдоо бэлддэг, халдварт болон бусад өвчлөлөөр өвдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлье гэвэл бага наснаас нь боловсролоор дамжуулж л олгох ёстой.
"ӨВДӨХӨӨСӨӨ ӨМНӨ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХЫГ ЗОРЬДОГ"
Эрчүүдээс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаг, эрүүл мэнддээ анхаардаг эсэх талаар асуухад ихэнх хүн "тийм, чаддаг" гэж хэлэв. Ийн асуухдаа бид бүхий л насны эрчүүдийн төлөөллөөс асуух зорилгоор МУИС, ШУТИС, АШУИС-ийн оюутнуудаас гадна, Нэгдүгээрт эмнэлэг, шинжилгээний хэд хэдэн лаборатори болон гудамжинд алхаж яваа хүмүүсээс асуусан юм. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад эрүүл мэндээ анхаардаг эрчүүдийн тоо хариултаас харахад ихэсчээ. Тэд сар, улирал тутамд эмнэлэгт очиж үзүүлж чаддаггүй ч өвдсөн хойно оо биш зургаан сар эсвэл жилдээ нэг удаа эмнэлэгт заавал үзүүлдэг болсон гэв.
Энэ нь улс даяар өрнөсөн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ болон албан байгууллагуудын дотоод соёлтой холбоотой гэдгийг хэлж байлаа. Томоохон компаниуд жилдээ нэг удаа ажилчдаа бүрэн шинжилгээнд заавал хамруулдаг бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлдэг эсвэл малчдын тухайд эхнэр, хүүхдүүд нь эрт илрүүлгийн хугацааг нь сануулсаар байгаад ордог болж.
Энэ бол сайн мэдээ. Эрчүүдийн эмнэлэг, эрчүүдэд чиглэсэн сэтгэл санаа, бие махбодийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэдхэн жилийн өмнө ховор байсан Монгол Улсад өнөөдөр шаардлагатай үйлчилгээг улсын болон хувийн эмнэлгээр эрүүл мэндийн даатгалаар хөнгөлүүлж авах боломжтой болсонд баяртай байгаа гэдгээ ч эрчүүд хэлэв. Мөн массын дунд үүссэн эрчүүд эрүүл мэнддээ хойрог ханддаг гэдэг ойлголт ард хоцорсон. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй өөртөө хайртай, арчаатай хүн бүр үзлэг, шинжилгээнд хамрагддаг гэдгийг онцолсон юм.
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 695 МЯНГАН ЭРЭГТЭЙ ХАМРАГДЖЭЭ
Өмнө нь хүнээр хөтлүүлэхээс нааш эмнэлэгт очдоггүй байсан эрчүүд одоо эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авахдаа төвөгшөөдөггүй болсон нь нэг талаар урьдчилан сэргийлэх үзлэгтэй холбоотой. Угтаа бол өөртөө хайртай хүн бүр хүйсээс үл хамаарч эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамрагдаж, эмнэлгийн байгууллагаас ЭМД-аар болон төлбөрөөрөө үйлчилгээ авах эрхтэй. Гэхдээ гүндүүгүй гэх тодотголтой монгол эрчүүд өвчин гэдэг үгнээс бараг харшилтай. Харин эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагддаг болсноор эрүүл мэнддээ анхаардаг эрчүүдийн тоо бага ч болов өсчээ.
2025 оны нэгдүгээр сары 23-ны статистик мэдээллээр эрт илрүүлэгт улсын хэмжээнд 1.5 сая хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 47.1 хувь болж байгаа аж. Тэдний 695 мянга буюу 43.6 хувь нь эрчүүд, 898 мянга буюу 56.4 хувь нь эмэгтэйчүүд, 753 мянга буюу 47.3 хувь нь 0-17 насны хүүхэд байна.
Насанд хүрэгчдийн 40 хүртэлх хувь нь архи тамхи хэрэглэдэг, хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог зохистой хэмжээгээр хэрэглэдэггүй, 20.4 хувь нь таргалалттай, 36.4 хувь нь жингийн илүүдэлтэй, 73.7 хувь нь халдварт бус өвчний 3-5 хүчин зүйл хавсарсан өндөр эрсдэлтэй нь тогтоогджээ. Эдгээр нь артерийн гипертензи, зүрхний ишеми, чихрийн шижин, ходоодны архаг үрэвслийн тархалтад нөлөөлөх гол хүчин зүйлс болж буй аж.
Монгол Улсын хүн амын 49 хувь нь эрчүүд бөгөөд ажлын байранд дээрх нийт хүмүүсийн 53 орчим хувийг эрчүүд эзэлж байна. Гэвч харамсалтай нь хөдөлмөрийн насан дээрээ амиа алдаж байгаа эрчүүд эмэгтэйчүүддэй харьцуулахад гурав дахин өндөр байгаа юм. Энэ бол харамсалтай тоо. Өвдсөн, золгүй явдлаар өөд болсон аль нь ч бай эрчүүдэд өөрийгөө анхаардаг ухарсар төлөвшүүлэх нь чухал болохыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.
ХӨВГҮҮДИЙГ БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДЭЭС ТУСГААРЛАХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА
Хөвгүүдийг багаас нь сэтгэлийн хат, ажлын дөртэй болгохоор хичээл номоос нь завсардуулж, хурдан морь унуулах, мал дээр гаргах зэрэг тохиолдлууд цөөнгүй.
Эрчүүдийн эрүүл мэнд гэдэгт зөвхөн биеийн эрүүл мэнд биш сэтгэл санаа, ажил хөдөлмөр, гэр бүл, улс орон цаашлаад өрхийн болоод эх орны эдийн засаг гэхчлэн олон сэдэв хамаарна. Тиймээс эрчүүддээ дэмтэй, хөвгүүддээ хайртай байж, амьдарч байгаа нийгэмдээ эрчүүдийн асуудлыг жендерийн тэгш мэдрэмжтэй авч үзэхийг уриалж байна. Эр амгалан бол гэр амгалан гэдэг ардын үг бий. Нийгмийн хамгийн бага нэгж болох гэр бүлээс улс орны хөгжил эхэлдэг учир өрх гэрийн ноён нуруу болох эрчүүдээ бага, идэр наснаас нь боловсрол, төлөвшилтэй эрүүл, саруул иргэн бологоход эцэг, эх бүр анхаарах нь зүйтэй бизээ.










Нэргүй 1 минутын өмнө 103.212.116.177
ANUSDI80955877BOOW XXNO
Нэргүй 28 минутын өмнө 122.201.31.175
Хүрэлээ цохиж явнауу даа! Эрчүүд яахав дээ, байж л байна. Гол нь эмэгтэйчүүдээс ирдэг дарамт, сэтгэл зүйн хүчирхийллийг л багасгамаар байна. Тэгсэн цагт аяндаа насны зөрүү арилна.
М 1 цагийн өмнө 202.9.41.13
Ядаж ЕБС-д Эрүүл мэндийн хичээл оруулаач, хасчихсан байсан
зочин 1 цагийн өмнө 202.21.107.32
Боловсрол гэдэг бол амьдралд хэрэгтэй мэдлэг олгох газар баймаар. Гэтэл өнөөдрийн дунд сургуулийн багш нар , даалгавраар дарж, шалгалтаар шаналгаж, дүнгээр эрэмбэлж, насан туршийн ялгаварлан гадуурхах, зиндаархах, үзлийн үндэсийг тавьж байх шиг ээ.
Хүүхдүүдэд юм ярьж өг, үзүүл, харуул, ойлгуулахыг оролд , тэрнээс биш дүн тавихыг зорилгоо болгох нь зөв биш
Нэргүй 2 цагийн өмнө 202.131.234.123
тэр худлаа л даа: өлөн тэвчээргүй гарууд архи гударч тамхиа баагуулж х****л идэж байгаа юм чинь эрт үхэж л таараа.
Haha 2 цагийн өмнө 103.168.34.114
UAG UNEN