Перу улсын иргэн Максимо Напа Кастро Номхон далайд 95 хоногийг өнгөрүүлсний эцэст эсэн мэнд эргэн иржээ. 61 настай загасчин тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Перугийн эрэг дэх Маркона тосгоноос хоёр долоо хоногийн аялалд гарсан байна. Гэвч аяллын 10 дахь өдөр хүчтэй салхи завийг замаас нь хазайлгаснаар багахан хэмжээний хүнс хоолтойгоо төөрч орхижээ.
Гэр бүлийнхэн болон Перугийн тэнгисийн эргүүлүүд түүнийг хайж эхэлсэн ч байрлалыг нь тогтоож чадаагүй. Эцэст нь түүнийг өнгөрсөн Лхагва гаригт Эквадорын эргүүлийн хөлөг "Дон Ф" эргээс 1094 км зайд олжээ. Энэ үед загасчин шингэний дутагдалд орж, бие нь муудсан байв.
Максимо Напа Кастро 95 хоногийн хугацаанд завь дотор нь тогтсон борооны усыг уух, яст мэлхий, шувуу, шавж гээд аль олдсон болгоноо идэх замаар амьд гарчээ. Гэхдээ аяллын сүүлийн 15 өдрөө тэр юу ч идээгүй аж.
Баасан гаригт Эквадорын хилийн ойролцоо ахтайгаа эргэн уулзсан тэрбээр гэр бүлээ, ялангуяа хоёр сартай ач охиноо бодон амьд явах хүч тэнхээг олж авч байсан гэдгээ хуваалцжээ. Гэр бүлийнхэн нь түүнийг баяртайгаар угтан авчээ. Далайд байх хугацаанд түүний төрсөн өдөр болоод өнгөрсөн тул гэр бүлийнхэн нь нөхөн тэмдэглэх болсон байна.
Далай тэнгист удаан хугацаагаар амь дүйсэн “аялал” хийсэн түүх ганц үүгээр тогтохгүй билээ. Тухайлбал, өнгөрсөн онд орос эр Михаил Пичугин Агнуурын тэнгист хоёр сар гаруй хугацааг жижиг завь дээр өнгөрүүлсний эцэст аврагдаж байв. Мөн Сальвадорын загасчин Хосе Сальвадор Альваренга Номхон далайд 14 сарыг өнгөрөөж байсан удаатай. Мексикийн эргээс 2012 оны сүүлээр хөдөлсөн тэрбээр 2014 оны эхэн үед Маршаллын арлуудын орчмоос олдсон юм. Тэр ч бас борооны ус, яст мэлхийхнээр амь зогоож байжээ.
0 сэтгэгдэл