АНУ-ын агаарын цохилтын хариуд хуситууд халдлага үйлджээ

АНУ-ын агаарын цохилтын хариуд хуситууд халдлага үйлджээ

АНУ-ын агаарын цохилтын хариуд хуситууд халдлага үйлджээ

Хусит зэвсэгт бүлэглэл Ням гаригт (2025.03.16) Улаан тэнгисийн хойд хэсэгт "USS Harry S Truman" нисэх онгоц тээгч хөлөг болон дагалдан явж байсан байлдааны хөлөг онгоцнуудыг онилжээ. Тус бүлэглэлийн төлөөлөгч, бригадын генерал Яхья Сари энэ талаар мэдэгдэхдээ, баллистик болон далавчит пуужин, нисгэгчгүй онгоцоор нийт 18 удаа цохилт өгсөн гэв.

Мөн Йемений нийслэл Сана, Саудын Арабтай хиллэдэг Саада муж зэрэг зэвсэгт бүлэглэлийн хяналтад байдаг бүс нутгуудад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн тушаалаар 47 гаруй удаа агаарын цохилт өгсний хариуд хөлөг онгоцнуудыг онилсон гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр хэлэхдээ, "Манай улсын эсрэг түрэмгийллийн хариуд Улаан тэнгис болон Арабын тэнгис дэх Америкийн бүх байлдааны хөлөг онгоцыг бут цохихоос Йемений зэвсэгт хүчин буцахгүй" гэж онцлон тэмдэглэжээ.

Дэлхийн хамгийн завгүй усан замын нэг дэх цэргийн болон худалдааны хөлөг онгоц руу дайрахаас сэргийлэх зорилготойгоор АНУ агаарын довтолгоо хийвэл нөхцөл байдал ширүүснэ гэдгийг Вашингтон төдийгүй Хусит бүлэглэл ч анхааруулж байв. Йемений зэвсэгт Хусит бүлэглэл Улаан тэнгис дэх олон улсын усан онгоцнуудыг онилж, хоёр хөлөг онгоц живүүлсэн байдаг.

Мөн өнгөрсөн онд Газын зурваст гал зогсоох хэлэлцээр хийгдээгүй байхад Улаан тэнгист халдлага үйлдэж буйгаа Хамас бүлэглэлтэй эв санаа нэг гэдгээ илэрхийлж байна гэж хуситууд мэдэгдэж байжээ.

Дараа нь нэгдүгээр сарын 19-нд Израиль, Хамасын хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулагдсанаар бүлэглэл халдлага үйлдэхээ түр зогсоосон байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногт Израиль тус тэнгисийн замыг бүсэлж, ямар ч аргаар хамаагүй Газад хүрэх ёстой хүмүүнлэгийн тусламжийг зогсоосон. Улмаар тус бүлэглэл халдлага үйлдэж эхлэхээ, ялангуяа Израиль болон холбоотных нь бүх хөлөг онгоцыг устгахаа мэдэгдсэн юм.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ням гаригт болсон халдлагын дараа "Эдгээр хүмүүс аль хөлөг онгоц явж, явж болохгүйг заахыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хэр удаан үргэлжлэх вэ гэж асууж байна уу? Тэднийг цаашид халдлага үйлдэх чадваргүй болтол нь үргэлжлэх болно" гэж хуситуудыг буруутгажээ. Мөн тухайн цохилт нь Байдены засаг захиргааны үе шиг нэг удаа хэлэлцээд өнгөрөх асуудал биш гэдгийг мэдэгдсэн юм.

Хусит бүлэглэлийн удирддаг эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, Бямба гаригт болсон АНУ-ын агаарын цохилтод таван эмэгтэй, хоёр хүүхэд зэрэг 53 хүн амиа алдсан байна.

Сана болон Саада мужид мөн 100 гаруй хүн бэртэж гэмтсэн бол тэдний 10 орчим нь маш хүнд гэмтэл авчээ. Мөн уг цохилт нь 2023 оны аравдугаар сард Газад дайн гарснаас хойш Хусит бүлэглэлийн эсрэг явуулсан хамгийн өргөн цар хүрээтэй, ноцтой нь гэж ажиглагчид үзэв.

Ираны дэмжлэгтэй Хусит бүлэглэлийг далайн замд халдлага үйлдэхээ болих хүртэл нь үхэлд хүргэхүйц асар их хүчийг ашиглана гэдгээ Бямба гаригт Трамп амлажээ.

Мөн бүс нутгийнх нь алан хядагч байгууллагууд ямар нэгэн халдлага үйлдэх юм бол хариуцлага хүлээлгэх болно гэдгээ Тегеранд анхааруулсан байна. Гэсэн хэдий ч дараа өдөр нь хуситуудын халдлагад ямар ч оролцоогүй гэдгээ Иран мэдэгдсэн юм. Тус улсын хагас цэрэгжүүлсэн Хувьсгалт гвардын дарга генерал Хоссейн Салами төрийн мэдээллийн хэрэгслээр "Тегеранд бүс нутаг даяар холбоотон байгаа ч тэдний үндэсний болон үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох үүрэг гүйцэтгэдэггүй" гэж Трампийн мэдэгдлийг няцаажээ.

ЭХ СУРВАЛЖ: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж