Банкуудын “толгой”-г илээд өнгөрөх юм биш биз

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Банкуудын “толгой”-г илээд өнгөрөх юм биш биз

Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны да­гуу Монголбанкны Хяналт шалгалтын газраас арил­жааны банкууд санхүүгийн тай­лан, бусад мэдээллээ ний­тэд ил тод мэдээлэх тухай заалтын хэрэгжилтийг шал­гаж, өн­гөрсөн долоо хо­ногт энэ талаар мэдээлсэн би­лээ. Шал­галтаар Мон­голд үйл ажил­лагаа явуулж буй 14 банкнаас ердөө ганцхан нь зөрчилгүй, бусад нь 1-3 зөр­чилтэй нь тодорхой бол­сон. Зөрчил гаргаагүй ганц банк нь 100 хувь дотоодын аж ахуйн нэгж, ир­гэдийн эзэм­шилд байдаг Капитал банк юм. Тус банкны 99.9 хувийг “Бишрэлт хол­динг” ХХК, 0.1 ху­вийг нь “Та­ван-Эрдэнэ” ХХК эзэмш­­дэг. Харин зөрчилтэй 13 банк­­ны гурав нь /Чингис хаан, Хадгаламж, Кредит/ 100 хувь гадаадын аж ахуйн нэг­жийн, дөрөв нь /ХААН, Ху­далдаа хөгжил, Үндэсний хө­­рөнгө оруу­лалтын банк/ га­даад, до­тоо­дын хамтарсан, тав нь /Го­ломт, Капитрон, Улаан­баа­тар, ЭРЭЛ, Хас/ 100 хувь дотоодын байгууллага, иргэ­дийн эзэмшилд байдаг аж.

Банкууд дээрх хуу­лийн 38.2.3, 38.2.6 дахь заалтуудыг ихэвчлэн зөрчжээ. Тод­руул­бал, Капиталаас бусад 13 банк 38.26-г зөрч­сөн бол, Голомт, Капитал, Тээ­вэр хөгжлийн банкнаас бусад нь 38.2.3 дахь заалтыг биелүүлээгүй байна. Энэ хоёр заалт нь санхүү, бүртгэлийн тооцоо, дотоод хяналтын та­лаар болон банкны хол­бог­дох этгээдэд олгосон зээл, гаргасан аккредитив, бу­сад үйлчилгээний тухай мэ­дээллийг ил тод болгох ту­хай заалт юм. Харин бусад заал­тын тухайд банкны Тө­лөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга, гүйцэтгэх удирд­лагын гарын үсгээр батал­гаажуулсан ажлын тай­лан, хуулийн этгээдийн зо­хион байгуулалт, эрх зүйн хэл­бэр, хувь нийлүүлэгчдийн бү­тэц, бүрэлдэхүүний талаар мэ­дээлэх учиртай. Мөн нөлөө бү­хий хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирд­лага, түүний орлогч, ерөн­хий нягтлан бодогч, банк­ны нэгжийн удирдлага, Хянал­тын зөвлөлийн гишүү­дийн нэрийг ч зарлах ёстой. Үүнээс гадна Монголбанкнаас банкны эрс­дэлийг тодорхойлоход шаард­лагатай гэж үзсэн бусад мэдээллийг нийт­лэх, цахим хуудастаа байрлуулах зэргээр шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор нийтэд мэдээлнэ гэж хуульд заажээ. Энэ бүх­нийг үнэн зөв эсэхийг Мон­голбанк хяналт тавьж, зохих журмыг баримтлаагүй, буруу, алдаатай нийтэлсэн бол залруулахыг шаардаж, бие­лэлтэд хяналт тавьж ажил­лах нь хуулиар хүлээсэн үүрэг юм. 

Банкны тухай хуульд энэ оны нэгдүгээр сарын 28-нд өөрч­лөлт оруулж, өнгөр­сөн долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөх учиртай бай­сан юм. Энэ хугацаанд “Банкууд хуулиа биелүүлэхгүй байна, Монголбанк хариуц­ла­га тооцохгүй байна” гэ­сэн шүүмжлэл их гарсан. Ха­рин өдгөө албан ёсны шал­галтаар алдаа дутагдал нь нэгэнт тодорхой болсон уч­раас төв банк хүссэн, хүсээгүй зөрчилтэй банкуудад хариуц­лага тооцохоос өөр аргагүйд хүрч байгаа юм. Гэхдээ Мон­голбанкны Хяналт шалгалтын газрынхан алдаа гаргасан бан­куудад захиргааны арга хэм­жээ авах уу, үгүй юү гэдэг дээр бага зэрэг зөрчилдөөд авсан. Эцэст нь “Хуулийг да­гаж мөрдөхгүй байгаа бан­куудыг ямар ч байсан эх­лээд зарлая. Дараа нь ар­га хэмжээгээ авъя” гэж ший­дээд зарласан нь тэр. Хуу­лийн хэрэгжилтэд хяналт та­вих үүргээ ийн биелүүлсэн нь сайн хэрэг. Гэхдээ зөрчил гаргасныг нь зарлах төдий өнгөрөөвөл утгагүй. Хуульд юу гэж заасан байна, тэр дагуу л авах ёстой арга хэмжээгээ авах учиртай. Гэтэл энэ үйл явдалтай холбоотой бас нэг сонирхолтой юм болоод бай­на. Монголбанкныхан дээрх шалгалтын тухай тайландаа “Зөрчилтэй банкуудад Банк­ны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.8 дахь заалтын дагуу захиргааны арга хэмжээ авсан” хэмээн бичжээ. Хэрэв энэ үнэн бол дээрх банк, банкны нэгдэлд оролцогчдыг хө­дөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-150 дахин нэмэг­дүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.4-16.2 сая хүртэл төг­рөг, ажилтан, албан ту­шаал­тын хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэн­цэх хэмжээний төгрөгөөр тор­госон гэсэн үг. Гэтэл төв банкныхан захиргааны ха­риуц­лага тооцохоо түр азнах болсноо хэвлэлийнхэнд зар­ласан шүү дээ. Тэгээд ажлын тай­ландаа “Торгосон” гэж бичсэн нь анхаарал татаж бай­на. Магадгүй энэ мэтээр төө­рөлдүүлж байгаад хууль сахидаггүй “сахилгагүй” бан­куудаа зүгээр өнгөрөөчих юм биш биз гэсэн хар төрөхгүй байх аргагүй юм.

Уг нь Монголбанкныхан арил­жааны банкуудад алдаа­гаа засч залруулах хангалт­тай хугацаа өгсөн. Гэвч тэд төрийн хуулийг үл тоон “Яавал ч яаг” гэсэн байдлаар ханд­саар өдий хүрсэн. Шударга бус ямар ч зүйлийг хараад дуу­гүй суух эрхгүй хэвлэл мэ­дээллийнхэн үүнд байнга шүүмжлэлтэй хандаж байсан учраас төв банкнаас тэдний хэн нь ямар буруутайг арга буюу зарласан гэхэд болно. Харин одоо л нэг асуудал цэгцрэх нь үү гэтэл бас л үгүй бололтой. Ер нь банкуудын энэ хэнэггүй байдал зөвхөн салбарынхандаа төдийгүй бусад аж ахуйн нэгжүүдэд ч муу үлгэр дуурайл үзүүлж байгаа юм. “Дараа нь торгуу­лиа төлчих юм чинь хууль зөр­чиж болно” гэсэн жишиг тогт­вол яана. Бас арга саам хийж байгаад төлөхгүй өнгөр­вөл яах юм. Яагаад гэвэл ха­риуцлага тооцох учиртай газар нь аваагүй арга хэм­жээгээ авсан гэж бичээд бай­на шүү дээ. Гэхдээ хууль зөрч­сөн этгээдийг нэг удаа тор­гоод өнгөрөх нь хамгийн шал­гарсан арга яавч биш. Тийм алдаа дутагдал гаргуу­лах­гүйн төлөө л хууль баталж, шинэчилэн сайжруулсан гэ­дэг нь хэнд ч ойлгомжтой. Тэр ажлыг хийх гэж хүмүүс оюу­наа ширгээж, өч төчнөөн хөрөнгө зардаг. Ингэлээ гээд үр дүн гарахгүй бол УИХ-ын эрхэм гишүүд хуралдаж, хэ­рэлдэж, цагаа барж суух хэрэг байна уу. Ер нь манайд хууль зөрчсөн үйлдэлтэй хол­боотой шуугиан байнга дэгддэг ч хэрхэн шийдэгдэж, ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй тэгэсхийгээд намж­даг тал бий. Арилжааны бан­куудын асуудал ч энэ жиш­гээр явах магадлал өндөр бай­гаа учраас үүнийг дахин хөнд­лөө. Хэдэн зуугаар тоо­лог­дох бус, хорь хүрэхгүй банк байгаа юм байна хэнд нь хэрхэн хариуцлага тооцож, хэнийг нь зүгээр өнгөрөөж бай­гааг нууж арай чадахгүй байлгүй дээ.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж