УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.03.17/ 10.00 цагт нээлээ. Хуралдаанд УИХ-ын долоон гишүүн оролцоогүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Батлут, Ж.Золжаргал, Ж.Баясгалан, Д.Бум-Очир, Ж.Ганбаатар нар гадаад томилолттой бол Шадар сайд С.Амарсайхан чөлөө авч, Э.Одбаяр эрүүл мэндийн шалтгаанаар чуулганы хуралдаанд суугаагүй байна.
УИХ намрын чуулганаараа олон жил гацсан мега төслүүд хөдлөх боломж олгож, холбогдох хууль, тогтоолын төслүүдийг баталсан ч зарим нэг гэрээ зэрэг яаралтай батлах шаардлагатай асуудлууд бий. Тодруулбал, хил холболтын төмөр замтай холбогдох гэрээг УИХ-аар баталж байж, гурван асуудал цогцоороо хөдлөх юм.
Мөн төрийн өмчит компаниудыг цомхон болгох зэрэг хууль эрх зүйн хүрээнд шийдлээ хүлээсэн асуудлууд энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэн батлагдах юм.
Хаврын ээлжит чуулганы нээлтэд Ерөнхий сайд, Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, мөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцов.
Холбоотой мэдээ