УИХ: ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсч байна

УИХ: ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсч байна

УИХ: ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсч байна

НЭМЭЛТ: 

УИХ-ын хаврын чуулганыг нээсний дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. Учир нь УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсч буй юм. Энэхүү мэдээллийг хаалттай горимоор сонсч байна.  Одоогоор УИХ хаврын чуулганы эхэнд ямар асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж эхлэв гэдэг нь тодорхойгүй байна.

УИХ-ын хувьд хаврын чуулганаараа олон чухал хууль, тогтоолын төслийг хэлэлцэн батлах шаардлага бий. Тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг цаг алдалгүй хэлэлцэн батлах ёстой. Засгийн газар энэхүү хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Хятадын талаас хил холболтын төмөр зам болон бусад холбоотой асуудлыг нууцлахыг хүссэн байдаг. Иймээс эл асуудал нууцаар хэлэлцэгдэх шаардлага үүсэж болзошгүй.

Мөн Засгийн газар Ухаахудаг ордыг УИХ-аар хэлэлцүүлэлгүй, тухайн үеийн Засгийн газар нь тэмдэглэлээр "Энержи ресурс" компанид эзэмшүүлсэн нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн. Иймээс эл асуудлыг хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэн, УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болсон. Энэ мэтчлэн олон "гал" дуудсан төслүүд УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ.

УИХ-ын өнөөдрийн чуулганы эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсч эхэлсэн нь дээрх асуудлуудтай холбогдож байж мэдэх юм.

 

Д.Амарбаясгалан: Мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч, Засгийн газрыг дэмжиж ажиллана

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2025.03.17/ 10.00 цагт нээлээ.

Хаврын ээлжит чуулганы нээлтэд Ерөнхий сайд, Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, мөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцож байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хаврын чуулганы нээж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ард иргэд ээ,  эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, УИХ-ын эрхэм гишүүд, зочид оо. Монгол түмэн өнтэй өвлийг давж, урин хавартай золгосон энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд иргэд сонгогчидтой уулзах, ажлын хэсэг хэлэлцүүлэг зохион байгуулах, туршлага судлах зэрэг олон ажил өрнөлөө. Төлөөлөл өргөжиж 126 гишүүнтэй болсон парламентын энэ танхимд гишүүд та бүхнээр дамжин, иргэдийн дуу хоолой илүү өргөн хүрээнд  тогтмол сонсогдож байгаасай гэж хүсэж байна.

Албан өрөөний цонохоор асуудлыг харж шийдэх, бодит нөхцлийг таньж мэдэх, шийдэл олохын ялгаа их. Мөн олон түмний нэр баривч цөөн хэдэн хүний хүсэл далд шургалсан цахим сүлжээгээр Монголын өнөөдрийн амьдрал хөгжил хэмжигдэх учиргүй.

УИХ-ын гишүүд завсарлагын хугацаанд иргэд байгууллагуудтай нүүр тулан уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, асуудлын гүн рүү орж, санаа оноогоо хуваалцсан нь хууль тогтоомжийн төслүүдэд хэлэлцүүлэг, ажил хэрэгч бүтээлч өрнөхөд нөлөөлөх нь гарцаагүй.  УИХ-ын намрын чуулганы завсарлагааны хугацанд миний бие хангай, баруун, зүүн, говь, төвийн бүсэд ажиллаж, хуульчид, малчид хоршоологчид, бизнес эрхлэгчид, ахлах ангийн сурагчид зэрэг 25 мянга гаруй иргэдтэй уулзлаа.

Иргэд биднээс бүрэн эрхийн хүрээ хязгаар боломжоос хальж давсан зүйл хүсэхээс илүү парламент нь парламент шиг ажиллахыг хэлж сануулж байна.

Иргэдээ ажил орлоготой байлгах, үр хүүхдээ орчин нөхцөл хангагдсан сургууль цэцэрлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөн үгээ дайж байна.

Энэ бол та бдиний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой гэсэн үг юм.

… Бидэнд хэлэлцэн шийдэх ёстой асуудал их байна. Нэгдүгээрт, мега төслүүд хэрэгжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй.

Геополитик эдийн засгийн харилцааны эгзэгтэй энэ цаг үед УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд төрийн бодлогын тогтвортой байдал, тууштай хэрэгжилтийн зарчмыг баримталж үндэсний эв нэгдэл, гадаад бодлогын тогтвортой байдал, институци хоорондын үйл ажиллагаа уялдаа холбоог дэмжиж, төрийн үйл ажиллагааны салаа мөчир бүрд зөв хандлагыг харуулах шаардлагатай байна.

УИХ-ын энэ бүрэлдэхүүн баталсан анхны чухал  шийдвэрүүдийн нэг бол Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөр. Засгийн газар юунд төвлөрч, ямар үр дүнд зорьж, яаж ажиллахыг батлаад ердөө зургаан сар болж байна. Улстөружилт, намчирхал, талцал хуваагдал гэхээс илүү шинэ тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламент улс орны хөгжлийг хурдасгах шийдвэр гаргах нь түүхэн үүрэг байна. Парламент хоорондын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гадаад улсын төрийн удирдлага, Элчин сайд нартай хийсэн уулзалтаар Монгол Улсын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт  тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Тиймээс алсын замд дөрөө нийлэх хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхэд  илүү хариуцлагатай цаг үе ирснийг тэмдэглэн хэлье.

Хэрэглэгчийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнэ тодорхойлоход цахилгаан, дулааны тариф чухал нөлөөтэй. Цахилгааны үнийг хэрэглээний түвшингээр нэмэхдээ халаалтаа цахилгаанаар шийдсэн иргэдэд төлбөрийн их дарамт үүсгэснийг иргэдийн зүгээс эргэн харах хүсэлт гаргаснаар Засгийн газар иргэдийн санал, гомдолд шуурхай хандаж шөнийн халаалтын хөнгөлөлтийг илүү өргөжүүлсэн арга хэмжээ аваад байна.

Цаашид эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэлийн ажил хаврын чуулганы чухал хэсэг байх болно.

Өнөөдөр дулаан, цахилгаан гэсэн хоёр том салбарын харилцааг Эрчим хүчний тухай нэг хуулиар зохицуулсны зэрэгцээ, тухайн хууль нь хэт товч, ерөнхий учраас энэ салбар хуулиар биш, харин 800 гаруй дүрэм, журмаар зохицуулагдаж байгаа нь жинхэнэ гажуудал мөн.

Иймд хууль иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой байх бодлогын хүрээнд цахилгаан, дулааны иж бүрэн, бие даасан зохицуулалттай хуультай болох шаардлагатай.

Ингэхдээ цахилгааны салбарт өрсөлдөөнт зах зээлийн загварыг нэвтрүүлж, салбар дахь төрийн оролцоог зохист түвшинд барих, өрсөлдөөн нь цахилгааны үнэ тариф, өртөг зардал бууруулах болон инновац, шинэ технологи нэвтрүүлэхэд чиглэдэг байх нь чухал юм. Эрчим хүчний салбарын өрсөлдөөнт тогтолцоо нэвтрүүлэх нь дотоодын аж ахуй эрхлэгчид цаашид цахилгаан экспортлох боломж бүрдүүлэх эерэг суурь болох ёстой.

Ээлжит чуулганы завсарлагын хугацаанд Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг холбогдох яам, байгууллагуудтай хамтран оролцогч талуудыг хамруулан олон хэлэлцүүлэг зохион байгуулж ажилласан.

Хөрөнгө оруулагчдын зүгээс улс төрийн тогтворгүй байдал, таамаглах боломжгүй татварын орчин, өндөр татвар нь хөрөнгө оруулалт хийх сонирхол төрүүлэхгүй байгааг шүүмжилдэг. Татварын тогтвортой орчныг зохицуулсан хуулиуд хэрэгжихгүйгээс тодорхойгүй байдал үүсдэг, жишиг үнэлгээнд суурилсан, давхар ногдуулдаг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд гарсан худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгодоггүй, татвар хураах, маргаан шийдвэрлэх явцад гардаг үл ойлголцол зэрэг зохион байгуулалтын шинжтэй асуудлаас болж хөрөнгө оруулагчид үргэх учиргүй.

Одоо үйлчилж байгаа татварын шатлалыг өнөөгийн эдийн засаг, бизнесийн харилцааны онцлог, нөхцөл байдалд уялдуулах, жижиг, дунд, том бизнес хамтдаа, зэрэгцэн өргөжин тэлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд анхаарч татварын эрх зүйн шинэчлэл хийх нь чухал юм.

Мөн хэт өндөр байгаа зарим төрлийн татварын хувь хэмжээг олон улсын түвшинд хүртэл бууруулах хэрэгтэй. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт үүсч, өсөж хөгжихөд саад болж буй хуулийн хийдлийг нэн даруй судалж, иргэд, аж ахуйн нэгжид ээлтэй шийдвэрүүдийг гаргах нь Та бидний үүрэг юм.

Ер нь салбарын хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал нэгэнт шийдвэрлэсэн хөрөнгө оруулалтын асуудлыг эргэн харах шаардлага үүсэх тохиолдолд салбарын хууль тогтоомжийн суурь, нийтлэг тулгамдсан асуудлыг цогцоор харж боловсронгуй болгосны үндсэн дээр хэлэлцэх нь ирээдүйд тогтвортой хэрэгжих үндэс болно.

Ойрын ирээдүйд их бүтээн байгуулалт, мега төслүүдийг эрчимтэй эхлүүлж, хувийн хэвшлийг тэлэх бодлого барьж буй энэ цаг үед нэн тэргүүнд стандартын орчныг ойлгомжтой, тодорхой болгож, цаашид стандартыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хяналт тавих талуудын харилцаа, хариуцлагын механизм дутмаг, тодорхойгүй байдал, ойлголтын зөрүү их байна. Монгол Улсын хэмжээнд буй 6689 стандартын хэрэгжилт санасан түвшин, хүлээлтэд нийцэхгүй байна. Иймд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй.

Энэ хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, хөгжлийн төлөвлөгөө, 2027-2028 оны төсвийн төсөөлөл, Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг зэрэг улс орны төсөв, санхүүгийн чухал хууль тогтоомжийг хэлэлцэн батална. Уг хууль тогтоомжийг тогтоосон хугацаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах талаар Байнгын хороод, холбогдох байгууллага анхаарч ажиллах ёстой" хэмээлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нүүрс 2 минутын өмнө 202.9.46.221

Өмхий хулгайчууд үхэр ард түмний улсыг сайхан сөнөөж байна дөө

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 59.153.115.173

"Сахил хүртээд шал дордов" гэгчээр УИХ 126 гишүүнтэй болсны ашиггүй, харин ч бүр ганц хүний хараат тоглоомын төр бий болов!!!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 139.5.218.26

Том хулгайчаар хууль тогтоох дээд байгууллагаа удирдуулцан , төрийн нэр хүнд гэж хог болж дээ

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.70.43.34

xaxaxax Парлемантын Засаглалтай Орон шиг л баймаар бгаан дааа….ЁӨК нь ёөк шиг байгаад ЗГ-ын ажлыг заахгүй, ажилтай нь хутгалдахгүй байвал болох н тэр

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 188.162.254.18

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая, эсвэл гурван сая гишуунтэй болгоё, дахин гурван сая тусгай элчин сайд томилж ажиллуулая !!!!!!!!

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.131.234.123

өөрөө хэдэн гүүгээ хурааж чадахгүй бол заазанд орж хуушуур бол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж