Английн хөлбөмбөгийн лигийн цомын финал орон нутгийн цагаар өчигдөр/2025.03.16/ боллоо. Энэ жилийн тухайд Ньюкасл Юнайтед болон Ливерпуль багууд тунаж, цомын төлөө үнэн хүчийг үзэв. Тайн-энд-Уирийн баг дотоодын томоохон тэмцээний цом хүртээгүй 70 жил болсон байв. Тэд сүүлд 1955 онд холбооны цомд түрүүлсэн түүхтэй.
Тоглолт 2-1 гэсэн харьцаатай Ньюкаслын хожлоор өндөрлөж, Уэмблид чуулсан 32 мянган фанатаа баярлуулав. Эдди Хаугийн залуус тоглолтын эхний минутаас эцсийн шүгэл хүртэл нягт, нямбай тоглолтыг гаргаж, лигийн тэргүүн багаа буулгаж авлаа.
Шаазгайнуудаас Дан Бөрн болон Александр Исак нар гоол оруулсан бол Ливерпулийн цор ганц гоолыг тоглолтын төгсгөлд мартагдаад буй Федерико Кьеза оруулжээ.
Доод лиг рүү унах дөхсөн багийг хүлээн авч, өдийг хүртэл амжилттай удирдаж яваа Эдди Хау тоглолтын дараа "Миний сэтгэл үнэхээр хөдөлж байна. Бүх л өдрийн турш ийм байлаа. Энэ түрүү манай фанатуудад ямар утга учиртайг мэднэ. Бид тэдний бахархал болохыг, энэ цомд түрүүлэхийг хүссэн. Үр дүн болон тоглолтдоо үнэхээр сэтгэл хангалуун байна. Бид энэ хожлыг хүртэх эрхтэй. Гэхдээ Ливерпуль гоол оруулахад нөхцөл байдал хүнд болж ирсэн. Би нэмэлт цагийн талаар л бодож байлаа. Бид өөрсдийгөө хүнд байдалд оруулчихдаг талтай" гэжээ.
Харин Дан Бөрнийн тоглолтын эхний гоолын талаар Эдди Хау ярихдаа "Бид хоёр долоо хоногийн турш энэ тоглолтод зориулж, хөдөлгөөнгүй бөмбөгний хувилбаруудаа туршсан. Бэлтгэлийг маань харсан бол гоол оруулах ямар ч боломж байхгүй ээ гэж хэлэх байсан биз. Бид ч Дан Бөрнийг гоол оруулсанд итгээгүй. Тэр бэлтгэл дээр ийм байгаагүй" гэлээ.
Тэгвэл финалд гайхалтай тоглосон Дан Бөрн "Би өнгөрсөн долоо хоногуудад муу тоглосон. Одоо унтмааргүй байна. Учир нь би яг зүүдэлж байх шиг байна. Хэрэв унтвал энэ бүхэн худлаа болчих юм шиг санагдаад байна" гэжээ.
Төвийн хамгаалагч Дан Бөрн Английн шигшээ багт дуудагсан. Энэ талаараа тэрбээр "Би маргааш өглөө 08:00 цагт бэлтгэл дээр очсон хамгийн эхний хүн нь байх болно" гэж ярив.
Ньюкасл Юнайтед багийн тухайд 1998 болон 1999 онуудад холбооны цомын финалд, 2023 онд лигийн цомын финалд тус тус хожигдсон түүхтэй.
Холбоотой мэдээ