Хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очиртой ярилцлаа.
-Он гарсаар гурван сар өнгөрч байна. Та Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Оны өмнө Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэн батлахдаа 35 их наяд төгрөг байх өөдрөг төсөөлөл хийсэн шүү дээ?
-Сүүлийн дөрвөн жил буюу Covid-19-өөс хойш Монгол Улсын эдийн засаг тогтмол өсөлттэй байна. Энэ хугацаанд улстөрчид, эрх баригчид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дагаад төсвийг хэд дахин тэлсэн. Сүүлийн хоёр жилийн нөхцөл байдлыг аваад үзвэл улсын төсвийн хэмжээ хоёр дахин тэлсэн байна. Төсвөө юун дээр үндэслэж тэлээд байна гэхээр экспортын голлох түүхий эд болох нүүрс, зэс, алт, төмрийн хүдрийн үнийн өсөлт болоод экспортын биет хэмжээнд найдаж тэлсэн. Гэтэл эдийн засгийн бусад салбарынхаа бизнесийн хөгжил, бизнесийн орчин, татварын орчинг сайжруулж, жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх асуудлыг орхигдуулсан. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодит дэмжлэг талаас огт анхаараагүй. Уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспорт дээр Монгол Улсын эдийн засаг тогтож байх юм шиг төсөөлсөн. Нүүрсний экспорт жил бүр 80 гаруй сая тоннд хүрэх мэт аашилсан, бардсан. Гэтэл уул уурхайн түүхий эдийн үнэ тогтмол өсөхгүй. Монгол Улсын гол худалдан авагч БНХАУ-д коксжих нүүрсний хэрэглээ тогтмол өсөх боломжгүй. Эрэлт багасчихаар түүнийг дагаад нүүрсний экспортын хувь хэмжээ буурчихдаг шууд хамаарал бий. Үүнээс үүдээд он гарсаар эхний хоёр сарын нөхцөл байдлыг аваад үзэхээр экспортын орлого буурч, төсөв дээр ирэх дарамт нэмэгдэж байна. Энэ оны төсвөө батлахдаа өмнөх оноос даруй 20 гаруй хувиар тэлсэн, татварын орлогоо ч нэмэгдүүлж тооцсон. Энэ бол эрсдлийн маш том алдаа гэж харж байна. Нүүрснээс орж ирэх орлогоо л бодоод байхаас биш татварын орчноо сайжруулж, бааз суурийг нь нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлд ямар ч алхам хийхгүй байна.
-Энэ жил сонгуулийн дараах жил гэдгээрээ онцлог. Сонгуулийн жилийн дараа эдийн засгийн мөчлөг саарсан, төсөв буурсан үзүүлэлт ажиглагддаг. Гэтэл энэ жилийн төсөв бол эсрэгээрээ тэлсэн. Холбогдох сайд, дарга нар эдийн засаг тэлж байна, солонгорч байна, бизнес эрхлэгчдээ дэмжиж байна гэх боловч бодит байдал дээр эсрэг үзүүлэлттэй байгаагийн шалтгааныг юу гэж харж байна?
-Улстөрчид, улс төрийн намуудын төлөөлөл сонгуультай жил маш их хэмжээний мөнгө тараадаг. Улсын төсөв дээр тойрог руугаа чиглэсэн хөрөнгө оруулалтын төсвүүд суулгаж, тооцоолоогүй их зарлага гаргадаг. Тэр ч бүү хэл улсын төсөв дээр суугаагүй цоо шинэ төсөл, хөтөлбөр гэх гоё үгээр халхавчилж бэлэн мөнгийг зах зээл дээр нийлүүлдэг. Тухайлбал, Шинэ хоршоо хөдөлгөөнийг нэрлэж болно. Уг төсөл улсын төсөв дээр хаана ч тусгагдаагүй байсан. Гэнэт л 500 гаруй тэрбум төгрөг 21 аймгийн хэмжээнд зээл нэрээр тараасан. Энэ их хэмжээний мөнгө эдийн засагт хэрхэн нөлөөлж байна гэхээр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, инфляцыг хөөрөгддөг. Өнгөрсөн жилийн мөн өдийд инфляц долоон хувьд хүрч байсан бол энэ жил 9.6 хувьтай байна. Тун удахгүй инфляц хоёр оронтой тоо руу орох гэж байна. Сонгуулийн дараа эдийн засгийн хөөс хагардаг. Сонгууль өнгөртөл аргацааж, хүчээр барьж байсан цахилгаан, эрчим хүчний үнийг нэмсэн. Ганцхан уг нэмэгдлээс үүдээд иргэд болоод аж ахуйн нэгжүүдийн сарын зардал өсч байна. Бараа материал үйлдвэрлэх өртөг нь өсч байна.
Эдийн засаг өсч байгаа гэж улстөрчдийн танилцуулаад байгаа үзүүлэлт бол механик тоон үзүүлэлт юм. Энд чанарын өсөлт ердөө гараагүй.
Бидний бүтээмж огт өсөөгүй. Монгол Улсын экспортлосон нүүрсний хэмжээ өссөн, үнэ нь өндөр байсан. Өнгөрсөн гурван жилд өссөн эдийн засгийн өсөлт бол ердөө ч чанарын өсөлт биш, тоон өсөлт байсан.
Тийм учраас нүүрсний үнэ уначихаар дагаад бүх үзүүлэлт нь уначихаж байна. Эдийн засагт үнэхээр чанарын өсөлт гарсан бол нүүрсний үнэ буурсан ч түүнээс гарах нөлөөлөл бага л байх учиртай. Гэтэл он гараад хоёрхон сарын нөхцөл байдлыг аваад үзэхээр нүүрсний экспортын биет хэмжээ буураад үнэ нь хямдарчихаар төсвийн орлого тасарч, төрийн албан хаагчдынхаа цалин мөнгийг цаг тухайд нь тавьж чадах эсэх асуудалтай тулгарч байна.
-Энэ жилийн төсвийг УИХ-ын нэгдсэн чуулганаар удаа дараа хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригтой нүүр тулаад, алдагдалгүй төсөв баталсан хэмээн алга ташуулж байсан. Таны хувьд хаврын чуулганаар төсөвт тодотгол хийх ёстой гэж харж байна уу?
-Энэ онд нийт 83 сая тонн нүүрсийг тонн тутмыг нь 105 ам.доллараар зарж борлуулах тооцоо гаргаж төсвөө баталсан. Одоо биржээр худалдаалах нүүрсний үнэ тонн тутам нь 70 ам.доллар байна. Гэтэл урт хугацаагаар, тогтвортой үнээр худалдах гэрээний дагуу дээрх үнээс 20 хувиар бага үнийн дүнгээр худалдаалахаар байгаа. Энэ бүхнээс харахад нүүрсээ өндөр үнээр, төлөвлөсөн хэмжээгээрээ худалдах ямар ч боломж харагдахгүй байна. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай гэрээ хийж Гашуун сухайт боомтоор гаргаж байгаа нүүрсний талаас илүү хувийг нь худалдаж авдаг Чайна Энержи компанид Монголын нутгаас нүүрс олборлох, олборлолтоо хийчихээд тээвэрлээд авч гарах, экспортод гаргах эрхийг нь өгчихлөө. Угтаа биржийн үнээс доогуур, хөнгөлттэй үнээр нийлүүлэх гэрээ учраас биржээр зарж байгаа өндөр үнээр тэд Монголоос нүүрс авах уу. Логикийн хувьд өөрсдөө олборлолт, тээвэрлэлтээ хийгээд, хямд үнээр авч байгаа нүүрсээ цаашаа гаргах нь ойлгомжтой асуудал шүү дээ. Тиймээс нүүрсний худалдаан дээрээс олох орлогын хэмжээ буурах учраас төсвийн тодотголыг хэлэлцэх нь цаг хугацааны л асуудал байх.
-Сангийн сайд болоод Уул уурхай, аж үйлдвэрийн сайд нар бол төсөвт тодотгол оруулах шаардлага байхгүй гэж мэдэгдсэн. Түүнчлэн Б төлөвлөгөө хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулагдсан юм байна. Эрсдэлт нөхцөл байдалд цаг хугацаа алдахгүй байх нь хохирлын хувь хэмжээг бууруулах байх л даа?
-Энэ оны төсөв хэт өөдрөг төсөв болсон гэдгийг төсөв хэлэлцэх үеэр эдийн засагчид, судлаачид хэлж анхааруулахаас гадна холбогдох мэргэжлийн байгууллагууд ч сануулсан. Төсвийн төсөөлөл дээрээ татварын хувь хэмжээг өмнөх оноос даруй 20 хувиар өсгөж баталсан. Жил бүр 20 хувиар өсдөг татварын орлого гэж дэлхийд байхгүй. Эдийн засгийн өсөлттэйгөө шууд хамааралтай байдаг. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа компани аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авч татварын өрөө төлж байна. Эдийн засгийн өсөлтөөс давсан орлоготой компани хэд байна вэ. Байвал гарын таван хуруунд л багтах байх. Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ, нүүрсний орлого буурсан ч алтны орлого нэмэгдсэн гэж байна лээ. Гэхдээ алтнаас олох орлогыг нүүрсний олох орлоготой харьцуулашгүй. Экспортын нийт орлогын 40 хувийг нүүрс дангаараа бүрдүүлдэг. Нүүрснээс олох орлого 6-7 тэрбум ам.доллараар яригдаж байхад алтнаас олох орлого нэг тэрбум ам.долларын хэмжээгээр л яригдана. Тиймээс алтны орлогоор нүүрсний орлогыг нөхнө гэсэн ойлголт байхгүй. Төсвийн орлого нэгэнт тасрах нь тодорхой байхад үр ашиггүй зардлуудаа нэн тэргүүнд танах ёстой. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөл, Нийслэл Улаанбаатар хотоос хэрэгжүүлэх 24 төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх мөнгийг хаанаас гаргах, төсөв дээр хэд нь төгрөг суулгасан, эдгээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь эргээд эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар хийсэн судалгаа олж хараагүй байна.
Олон улсын нөхцөл байдлыг аваад үзсэн ч таатай бус байна. Геополитикийн хувьд олон төрлийн эрсдэлтэй орчин бий болчихоод байхад төсвийн тодотголыг цаг алдалгүй хийж хэмнэж болох зардлуудаа хэмнэх ёстой, төсвийн үргүй зардал гарахаас өмнө зогсоох ёстой. Үр ашиггүй төсөл хөтөлбөр, тендер, ТЭЗҮ-нүүдээ дахин авч үзэж эрэмбэлэх шаардлагатай
-АНУ болон БНХАУ-ын худалдааны дайнаас үүдэх эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд бид юу хийх ёстой вэ?
-АНУ-ын ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдоод Мексик, Канадад 25 хувийн татвар ногдуулсан. Мөн БНХАУ-д 10 хувийн татвар ногдуулсан. Хүссэн, хүсээгүй дэлхийн зах зээл дээр бараа материалын үнэ өсөх нь тодорхой болж байна. Түүнээс хамааралтай БНХАУ-ын үйлдвэрлэл зогсонги байдалд орох, ялангуяа төмрийн хүдрийн боловсруулалт буурах хандлага харагдаж байна. Тиймээс коксжих нүүрсний үнэ болоод хэрэглээ буурах нөхцөл байдал ажиглагдаж байна. Цаашид БНХАУ-аас импортлодог өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болоод барилгын материалын үнэ буурах магадлал алга.
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш юу үйлдвэрлэж, бүтээж чаддаг байв, одоо юу хийж байна, юун дээр алдав гэдгээ эргэж харах цаг бослон. Монгол Улсад бөөнөөр үйлдвэрлэх салбарт өрсөлдөх чадвар алга.
Бидэнтэй хил залгаа БНХАУ ямар ч төрлийн бүтээгдэхүүнийг хэдэн зуун саяар нь бусдаас хамаагүй бага үнээр үйлдвэрлэж байхад бид тэд нартай өрсөлдөх тухай ярих нь утгагүй. Дотооддоо бүгдийг хийе, үйлдвэрлэе гэх уриа ч анхнаасаа бүтэлгүй, хүрэх боломжгүй утга санаа гэдэг нь харагдаж байна. Бид аль салбарт ямар давуу талтай вэ гэдгээ оношилж, тодорхойлох ёстой. Үүн дээрээ тулгуурлаад аль аль салбараа хөгжүүлэ боломжтой вэ гэдгээ сонгох ёстой. Түүнээс биш бүх бараа, багаж, үзэг бал үйлдвэрлэх боломжгүй. Түүнийг үйлдвэрлэж байснаас худалдаад авчих нь илүү хямд тусна. Тиймээс өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг дэлхийн стандартад хэрхэн яаж нийцүүлэх вэ, эцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм уу эсвэл БНХАУ, ОХУ-ын үйлдвэрүүдийн стандартад нийцсэн баяжмал, хагас баяжуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх үү гэдэг энэ сонголтуудаа зөв хийх ёстой. Үүнд улсын бодлого чиглэж байх ёстой. Гэтэл бидний бас нэг том алдаа нь хэн нэгэн дарга сайд нар ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, төсвөөс мөнгө зараад, хүүгийн татаас төлөөд, хөнгөлөлттэй зээл олгоод байхаар л Монгол Улсад үйлдвэрлэл хөгжчихдөг юм биш.
Бүр сүүлдээ зөвхөн малчдад зориулсан зээл гаргаж байна. Ийм тэнэглэлээ зогсоох ёстой.
Мал аж ахуй, газар тариалангийн салбарт сүүлийн 30 жил хэдэн арван тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө зарцуулсан байх. Жилд 560 тэрбум төгрөгийг жижиг, дунд бизнес эрхлэгч, хөдөө аж ахуйг дэмжих нэрээр зээлийн татаасанд өгч байна. Миний мэдэхээр энэ салбарт сүүлийн 20 жил татаас өгч байна. Яасан сэргэдэггүй салбар вэ. Энэ мэт гажуудлаа засах ёстой.
-Монголбанкнаас зээлийн хүүгээ хоёр нэгж хувиар өсгөж 12 хувьд хүргэсэн. Уг шийдвэр эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?
-Засгийн газраас ахмадуудын тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг удаа дараа нэмсэн. Гэсэн хэдий ч цалн тэгтгэврийн өсөлтөөс ч илүү инфляц хурдацтай өсч байгаа болохоор энэ нэмэгдэл иргэдэд бодитой үр өгөөжөө өгөхгүй байна. Тиймээс юун дээр анхаарах ёстой вэ гэхээр инфляцыг нам дор байлгаж зорилтот бүлгээ ядуурлаас хамгаалах бодлого хэрэгжинэ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа урт хугацааны халамжийн хавтгайрсан бодлогоос үүдэж дундаж давархга маш нимгэн болчихоод байна.Халамж хүсдэг иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж, дундаж давхарга ядуурлын хонгил руу гулсан орж байна. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 28.3 хувь нь баталгаажих түвшингээс доогуур орлоготой байгаа нь тогтоогдсон нь бусад улс оронтой харьцуулахад өндөр тоо. Наад зах нь хоёр хөрштэйгээ харьцуулаад үзэхэд ч өндөр үзүүлэлт. Тухайлбал, Казахстан улсад нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг аваад үзэхэд Монгол Улс гурав дахин бага байна. Ижил гараанаас бидэнтэй хамт гарсан улс биднээс хол тасархай түрүүлж байна. Гэтэл бид байрандаа хий эргэсээр л байна. Иргэдийг халамжлах биш ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой. Ажлын байр нэмэгдүүлдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Гэтэл инфляциа бууруулахын тулд зээлийн хүү өндөр байхаас өөр аргагүй байдалд хүрлээ. Ийм өнпөр хүүтэй зээл авч бизнес эрхлэнэ гэдэг хэцүү л дээ. Бас нэг төөрөгдөл нь төр бизнес хийх биш аж ахуйн нэгжүүддээ бизнес хийх боломжийг нь олгох ёстой. Эдийн засгийн бааз суурийг дэмждэг эрчим хүч, ус, цахилгаан, дулаан хангамжийн төслүүдээ улс хариуцаад үлдсэнийг нь бизнес эрхлэгчид хийх ёстой. Гэтэл Монголын төр өнөөдөр барилга ч барьж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр иргэдээс газрыг нь худалдаж аваад дээр нь байшин барьж байна. Нийт татвар төлөгчдийн мөнгөөр 10 мянган хүнд зориулсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх биш нийт татвар төлөгч иргэддээ зориулсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөв юм. Төр сүүлийн үед эдийн засгийн маш их харилцаанд ордог болсон. Хэн нэг даргын шийдвэр дагасан мөнгө зах зээл дээр эргэлддэг болсон. Энэ нь эргээд авлига, хулгай, үргүй зардлыг л бий болгодог. Иргэдийн бүрдүүлсэн татварын нөөцийг буруу зүйлд зарцуулж байна. Хотын нийт хүн амд хамааралтай асуудлыг хотын дарга дангаараа шийдэж байна. Иргэдийн төлдөг татвар хураамж 2-3 дахин нэмэгдэж, иргэд сөхөрч байхад, төлсөн татварынх нь мөнгийг чулуун хашлага болгоод хувиргачихаж байна. Гэтэл бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, иргэд татварын дарамтаас өндийж чадахгүй байна. Даргаас хамааралтай эдийн засгийн харилцаа өөрөө эдийн засгийн хорт хавдар юм.
иргэн 2025-03-17 43.228.128.226
Эрт гэгээ ордогтой холбогдуулан нийтийн талбайн гэрэлтүүлгээ эрт унтраах горимд шилуүүлнэ үү. Өглөөний 8 цагт Драмын театрын урд талбайн тэр олон гэрэл асаалттай л байх юмаа.
сонгогч 2025-03-17 202.9.46.210
100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….
Нэргүй 2025-03-17 124.57.71.187
Иймэрхүү ухаантай хүмүүс нь ерөөсөө дээшээ албан тушаалд очихгүй юм
зочин 2025-03-17 66.181.189.153
Данх,нянбактери 2 нийлж МУ болон УБ хотыг иргэдийг татварар дарамталж сүйрүүлж дууслаа.
МАН-гарууд энэ 2 тэнэгээ огцруул.
зочин 2025-03-17 203.91.116.130
Зөв зүйтэй санал юмаа, амжилт.
sadf 2025-03-17 66.181.171.187
түүхэндээ хамгийн их нүүрсний орлоготой байсан жилүүдэд хамаг орлогыг нь данх тараачихсан, нэг ч үйлдвэр бариагүй, одоо мөнгөгүй болчихсон байхад хичнээн юм хэлээд нэмэргүй
Isee 2025-03-17 103.212.116.205
5 хуруунд багтах Лутаа, Н.энхбаяр гэх мэт эдийн засагчид бодит байдлыг яг л хэлээд л бсан, одоо ч хэлээд л бна. Даан ч тоож, ойлгох хүн энэ засагд бдаг юм уу. Гол нь ажлын байр бий болгох хүмүүс өөрөө өөрсдөө хөдөлмөрлөж орлогоороо амьдрах нөхцлийг л бүрдүүлмээр байх юм. Баахан халамж, хөнгөлөлт, татаас өгөх буруу хүмүүсд ө.х малчдад хөнгөлөлттэй зээл өгөөд яах юм санал л авах МАН ын луйврын арга ш тээ.
сад 2025-03-17 66.181.171.187
Чиний ярьсан юмыг наад данх чинь ойлгохгүй ээ
Уул 2025-03-17 202.9.46.221
уул цоолно гэж солиорхоо боль
Маркс 2025-03-17 202.9.46.221
марксизм гээч чинь наадах чинь байгаа юм
Нэргүй 2025-03-17 202.131.234.123
баячуудын хөрөнгийг хураа. тэдний өөрсдийн юм гэж энэ дэлхийд байхгүй
Нэргүй 2025-03-17 66.181.189.86
жинхэнэ люмпен үү өөрөө нэртэйгээр нь ард түмэнд тараа гэх нь үү нэмээд мянгат малчдын малыг хурааж аваад тараа гээч
Иргэн 2025-03-17 202.126.88.134
Үнэхээр лут залуу бна, зөв ч юм бичиж! Даанч манай Төрийн толгойд гарсан муу хүмүүс үүнийг ойлгож байгаа ч “хулгай-луйвар-популизм”-ын торондоо баригдчихсан, хүлэгдчихсэн болохоор юу ч хийхгүй, юу ч хийж чадахгүй!
Нэргүй 2025-03-17 188.162.254.18
санаа зоволтгуй тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!!!!
Нэргүй 2025-03-17 202.131.234.123
нэгхэн арчаатай хүн МУ-г хөгжүүлэх болого гаргад явчхаар юм байгаан. гэхдээ хятадын түлхээс их орж байгаа
зочин 2025-03-17 66.181.189.108
Монголд гадаадын сайн хөрөнгө оруулагч гэхээсээ монголын сайн эдийн засагч, бараг алган дээр багтах шахам цөөхөн хүн амаа аятайхан аваад явах тооцоо хийх хүн л яах аргагүй хэрэгтэй болчихоод байна. Энэ Лут-Очир гэдэг залуу УИХ – д суугаа, сайд хийж яваа хэдээс илүү дөмөг юм биш үү?
Нэргүй 2025-03-17 202.70.43.34
Гадаадын Сайн Хөрөнгө оруулагчидыг Монголчууд Дээр, Дооргүй 2012 оноос хойш хөөж тууж амбаардсанаас Сайн Хөрөнгө оруулагчид Монголоос дайжсан. Монголд Олигтой явж бгаа томоохон төсөл хөтөлбөр гэж байхгүй болсон оронд нь Төр Өөрөө баахан хэрэгтэй хэрэггүй Төслүүд хэрэгжүүлж тэр төсөлд нь хамаарал бүхий хүмүүс нь ажилладаг болсон