Гоо сайханд золиос хэрэгтэй гэдэг ч эрүүл мэндээ дэнчин тавин байж эхээс төрсөн биедээ өөрчлөлт хийх шаардлагатай юу? Сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүд байгаагаасаа илүү гоё, сайхан болох гэж харагдах байдалдаа мөнгө их зарцуулдаг болсон. Ингэснээр зарим эмэгтэйчүүдийн хувьд эрүүл мэндээрээ хохирч насан туршийн зовлон худалдаж авч байгаа тохиолдол цөөнгүй. Цаашлаад амь насаараа хохирсон нь ч бий. Угтаа МХЕГ гэх байгууллага байх хугацаанд жил бүр энэ салбарт хяналт шалгалт хийж зөвшөөрөлтэй эсэх, эрүүл ахуй. мэргэжлийн эмчтэй зэргийг шалгаж зөрчлийг арилгаж, арга хэмжээ авдаг байж. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр хяналт шалгалт хийсэн гэх мэдээлэл огт гарч ирэхгүй байгаагаас харвал хэн хэзээ хэрхэн хяналт тавьдаг нь тодорхойгүй юм байгаа юм.
Кэйс 1: 2019 оны гуравдугаар сард “Тод Каннам” гэх эмнэлэгт 29-хөн настай бүсгүй хэвлийн хэсгээ галбиржуулах зорилгоор хагалгаанд ороод амиа алдсан. Тодруулбал, мэс засал хийлгэж байх үед бүсгүйн зүрх нь зогсож, Нэгдүгээр эмнэлэгт хүргэгдээд нас барсан харамсалтай хэрэг гарсан бөгөөд гоо сайхны хагалгаа хийсэн эмнэлэг нь тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн эмчгүй байсан тухай мэдээлэл гарсан ч тухайн үедээ тэгсгээд өнгөрч байв. Үүгээр ч зогсоогүй тухайн эмнэлэгт давхраа оёулсан эмэгтэй, хөх сойлгох мэс ажилбар хийлгэсэн эмэгтэйчүүд мөн л эрүүл мэнд гоо сайхнаараа хохирч үлдсэн байдаг.
Тэгвэл хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бас нэгэн эмнэлэгт ийм алдаа дахин давтагдаж нэг иргэн насан туршийн хараагүй болж үлдэв.
Кэйс 2: “Миний хамар хэтэрхий намхан, үзүүр нь бага зэрэг унжуу учир мэсийн аргаар өөрчлөхөөр шийдсэн. Гэхдээ шийдээд л цэгцэрдэг асуудал биш юм билээ. Хагалгаа хийх эмнэлгээ сонгох гэж хагас сар орчим болсон. Энэ төрлийн мэс ажлаар гаршсан, алдартай эмнэлгүүдэд цаг авахад бэрх. Үнэ нь ч их өндөр санагдсан. Тиймээс боломжийн үнэтэй, цэвэрхэн орчинтой болохоор нь ….. эмнэлгийг сонгож, үйлчлүүлсэн юм. Үнэ, орчиноос гадна олон дагагчтай охид, эмэгтэйчүүд хамар, хөх хийлгэсэн зургаа цахим сүлжээнд байршуулж, тухайн эмнэлгийг хүмүүст санал болгоод байсан учир баталгаатай гэж итгэсэн. Ингээд хамар өндөрлөх, хамрын үзүүр шөвийлгөх хагалгаанд ороод, долоо хоногийн дараа оёогоо авхуулав. Гэвч оёо авхуулсны маргааш нь нүүр тэр чигтээ хавдаад сэрсэн. Мэс засал хийлгэсэн эмнэлэгтээ очоод үзүүлтэл цус хурсан байна гээд хамраас цус аваад, антибиотик уухыг зөвлөсөн. Байдал дээрдэхгүй байсан учир дахиад эмчдээ хандтал “Эдгэрэх явцдаа угаасаа ийм болдог. Чи хэтэрхий бааштай байна” гэж зандардаг юм байна. Ингэж явсаар сар орчмын дараа өөр эмнэлэгт үзүүлтэл хамрын үзүүрийн мөгөөрс үрэвсээд, үхэжсэн байна гэж хэлсэн. Энэ нь имплантаа далий суулгах зэрэг хагалгааны буруу процессоос шалтгаалдаг юм билээ. Мэс засал хийлгэсэн эмнэлэгтээ очоод учир байдлаа хэлтэл “Чи өөрөө гам бариагүй байна. Дархлаа чинь сул байж” зэрэг тайлбар хэлээд халгаагаагүй. Мөнгөө буцааж авах боломжгүй, дахиж тэр эмнэлэгт эмчилгээ хийлгэх хүсэлгүй байсан учир заргалдаагүй орхисон” гэж 30 гаруй насны эмэгтэй ярив. Тэрээр сайхан болох гэсэндээ сайн дурынхнаар “тоглуулж” эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон тухайгаа учирлаж байхдаа өөртэй нь ижилхэн байдалд орсон олон эмэгтэйтэй таарсан талаараа онцолсон юм.
Хамгийн сүүлд гэхэд бидний мэдэж байгаагаар, олны танил хүмүүсийн байнга сурталчилдаг Монголд томоохонд тооцогддог Синдерелла гэх гоо сайхны эмнэлэгт дух буюу нүдний гол хэсэгт филлер тарилга тариулах явцад эмчийн хариуцлагагүй алдаанаас болж тухайн эмэгтэйн баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас бөглөрч, баруун нүд нь хараагүй болсон явдал аль 2022 онд болсон талаар хохирогч эмэгтэй өөрийн цахим хуудаст нийтэлжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл тус эмнэлэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд тэр ч битгий хэл манай эмнэлгийг гүтгэж байна, гурван шатны шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлбөрийг төлж барагдуулсан тиймээс эмнэлгийн нэр хүндэд халдахгүй байхыг хүсье гэх утга бүхий мэдэгдэл гаргасан байв.
Энэ бүгдээс харахад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад хэрхэн хяналт шалгалт тавьдаг нь тодорхойгүй. Алдаа гарсан ч хариуцлага хүлээдэггүй нь харагдаж байгаа юм.
Мөн Орбита гэх эмнэлэгт нүдний хагалгаанд орсон иргэний нүд мөн л муудаж шүүх, цагдаагийн байгууллагаар олон хоног явж байгаа тухайгаа иргэн ярьж байв.
Угтаа эмэгтэйчүүдийн дунд өөх, мах соруулж, үрчлээ, арьс тэнийлгэж, хамар өндөрлөж, хацар шөвийлгөх эрэлт их байгаа нь гоо сайхны эмч, эмнэлгийн салбарыг хөгжүүлэхэд нөлөөлж байгаа юм. Түүнчлэн гоо сайхны мэс заслын эмч, ажилчдын цалин Монгол Улсын дундаж цалингаас 2-3 дахин өндөр байдаг нь тухайн салбарт багагүй мөнгө эргэлдэж байгааг харуулж байна. Ялангуяа эмэгтэйчүүд төрх зүсээ өнгөлж, тодруулахын тулд өндөр өртөг зарцуулж, гаднын улсыг зорьдог цаг ард хоцорсон нь сайн хэрэг.
Гэхдээ эрэлт их байгаатай холбоотойгоор гоо сайхны хагалгаа хийх нэрийдлээр иргэдийг эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохироодог байгууллага, хувь хүн олширсон байна.
Гараад тав алхаад л орон сууцны орц хонгилд үйл ажиллагаа явуулж буй гоо сайхны салонд хүртэл хамар, уруулын филлер тарьж, давхраа оёдог болсон. Мөн тусгай зөвшөөрөлтэй эмнэлгүүд ч хагалгаа хийх явцдаа хүмүүсийн зүс, хөрөнгөөр тоглодог явдал газар авчээ. Энэ бүх борооны дараах мөөг шиг олширсон газруудад хяналт тавьж, хариуцлага тооцохгүй бол гоо сайхны хагалгааны хохирогч болсон эмэгтэйчүүдийн тоо буурахгүй байна. Мөн насан туршдаа эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч үлдэх цаашлаад амь насаараа алдсаар байна.
Нэргүй 2025-03-17 103.212.119.14
Хүн ер нь байгалиас,аав ээжээс заяасан эд эрхтэнээрээ хэзээ ч оролдож болохгүй .Тэр хүнд тэр эрхтэн яв цав нийцэж заяагдсан ба үүнийг өөрчлөх юм бол бүх эд эрхтэн даган өөрчлөгдөж хямарна . "Сайхан болох гээд салга болно гэдэг монгол ардын зүйр цэцэн үг одоогийн энэ байдалд тохирох болжээ.Жнь:Тэр хүнд заяагдсан хамар бол тэр хүнд л тохирсон байгаа, агаарын урсгалыг яаж өөрийн бие оргонизмд хүртээлтэй хүргэхээр зохицсон байсныг өөрчилбөл бие махбодь дагаж хямран өвчний үүр болох нь ойлгомжтой
Нэргүй 2025-03-17 103.57.93.155
Синдерелла эмнэлэгт хамаатны хүн давхраа оёулсан. Хараад байхад 2 нүд нь 2 өөр харагдаад бдаг юм. Том жижиг. Урмыг нь бодоод л гоё бна гэж хэлсэн бгаа. Өөрт нь их л сэтгэл хангалуун бхад нь үнэнийг нь хэлж чадахгүй бгаа ккк.
Зочин 2025-03-17 139.5.219.133
хиймлээс ориг нь илүү илүү яагаад эрүүл биеэ зүсүүлээд бгааг ойлгохгүй бна уулын мод урттай богинотой бүдүүнтэй нарийнтай байдаг шиг хүн бүр үзэсгэлэнтэй байх албагүй
Нэргүй 2025-03-17 103.57.92.12
Гоё харагдах дэндүү амархан,,,,,,Зүгээр л инээмсгэл,,,,өөрийнхөөрөө бай,,,