АНУ-ын зүүн өмнөд хэсгийн хэд хэдэн мужийг хүчтэй хар салхинууд дайран өнгөрсний улмаас дор хаяж 31 хүн нас бараад байна. Тухайлбал, Миссури мужид 12, Техаст гурван хүн нас баржээ. Миссуригийн онцгой байдлын агентлагийн мэдээлснээр, 25 мужид 19 хар салхи дэгдсэн байна.
Хар салхи машинуудыг хөмрүүлж, байшингуудыг газартай тэгшлээд байна. "PowerOutage" цахим хуудсанд мэдээлснээр Бямба гаригийн байдлаар Техас, Миссури, Иллинойс зэрэг зургаан мужид 240 мянга гаруй байшин, барилга цахилгаангүй болжээ.
Цаашид бүс нутагт цаг агаарын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна. Миссисипигийн төв, Луизианагийн зүүн хэсэг, Теннессигийн баруун хэсэгт хар салхи шуурсаар байгаа бол Алабама, Арканзасын зарим хэсэгт үер усны аюулаас сэрэмжлүүлжээ. Хар салхины хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлгийг Бямба гаригийн өглөө Миссисипид зарласан.
Хар салхины нөлөөллийн бүсэд амьдардаг иргэдийг хамгийн бат бөх байгууламжид яаралтай хоргодохыг АНУ-ын Цаг уурын агентлаг зөвлөж байна.
Хар салхинд өдөөгдөн ой хээрийн түймэр хүртэл гарчээ. Тодруулбал, Техас, Оклахома мужуудад хүчтэй шуурганы улмаас 100 гаруй ой хээрийн түймэр гараад байна.
Хар салхины оргил үе нь 5-6 дугаар сар хүртэл байдаг ч жилийн аль ч үед тохиолдож болзошгүйг цаг уурчид анхааруулж байна. 2024 онд хар салхитай холбоотой ослоор 54 хүн амиа алджээ.
Монгол 2025-03-16 66.181.184.120
Сэтгүүлчээ "дор хаяж " гэдэг чинь болхидуу үг шүү