Загварын "Snag" брэндийн эзэн Бриджит Рид өдөрт 100 гаруй гомдол хүлээн авдаг байна. Учир нь тэрбээр төрөл бүрийн бие галбиртай загвар өмсөгчдийг сурталчилгаандаа ажиллуулдгаас болж "Хэтэрхий тарган загвар өмсөгчтэй" гэх гомдлыг хүлээн авдаг аж. Өмнө нь "Next" брэнд сурталчилгаандаа туранхай загвар өмсөгч тоглуулснаас болж эрүүл бус бие бялдрыг сурталчилж байна гэх хэргээр сурталчилгааг нь хориглож байжээ. Гэсэн хэдий ч махлаг загвар өмсөгчдийг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байх нийгмийн хандлага эрчээ авч буйг Бриджит Рид буруутгав. Үүний улмаас цахим орчинд загвар өмсөгчдийн бие галбир, жин ямар байх ёстой, ёсгүй гэдгээр мэтгэлцээн үүсчээ.
Нийгэм нь туранхай байдлыг шүтэн биширдэг тул Их Британийн Зар сурталчилгааны стандартын газар (ASA) эрүүл бус туранхай загвар өмсөгчдийг харуулсан зар сурталчилгааг хориглодог.
Харин махлаг загвар өмсөгч тоглосон сурталчилгааг тоотой хэдэн удаа хориглож байсан. 2024 онд тус байгууллага загвар өмсөгчдийн биеийн жингийн талаар 61 гомдол хүлээн авсан бөгөөд талаас илүү хувь нь загвар өмсөгч нь хэт туранхай гэсэн гомдол ирсэн байв. Эдгээр гомдлоос найман гомдлыг нь мөрдөн шалгасан боловч өдөрт 100 гаруй гомдол авдаг "Snag" брэндийн эсрэг нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байлаа.
Зарим цахим хэрэглэгчдийн үзэж буйгаар, туранхай загвар өмсөгч тоглосон зар сурталчилгааг хориглож, махлаг загвар өмсөгчтэй сурталчилгааг хүлээн зөвшөөрч байгаа нь шударга бус явдал аж.
Мөн аливаа эрүүл бус жин, галбирыг хэвийн норм мэт сурталчлах нь хор хөнөөлтэй гэжээ. "Snag"-ийн гүйцэтгэх захирал Брижит Ридийн хувьд хүнийг галбираар нь доромжилж, шүүмжлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж мэдэгдсэн бөгөөд тэр дундаа махлаг, их жинтэй хүнийг гаж мэт ярих нь "Fatphobia" гэх өвчнөөс ялгаагүй гэсэн юм. Мөн "Snag" олон талт байдлыг дэмжиж, ямар ч хүн өөртөө сэтгэл хангалуун бус мэдрэх ёсгүй гэж үздэг тул хувцаснуудаа бодит байдлаар сурталчилдаг гэж онцлон тэмдэглэжээ.
Зар сурталчилгаанд биеийн янз бүрийн хэлбэрийг харуулах уу, эсвэл зөвхөн "хамгийн тохиромжтой" хэлбэрийг харуулах уу гэсэн мэтгэлцээн анх цахим орчинд дэлгэрч байсан ч сүүлдээ дээрэлхэх, хүчирхийлэл үйлдэх гэх мэт хэргийн гол шалтгаан болжээ. Улмаар Бриджит Рид цахим хуудаснаа ямар ч хүнийг галбираар нь шүүмжлэхгүй байх аяныг эхлүүлж, цаашид ч "Snag" махлаг загвар өмсөгчдийг ажиллуулахаа мэдэгджээ.
Холбоотой мэдээ