Дэлхийн хаана ч хүртээмжтэй цахим худалдааны бизнес улам бүр цэцэглэж, бидний үйлчлүүлж дассан уламжлалт зах, худалдааны төвүүд үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүйд хүрчээ. Хэдий зах зээлийнхээ зарчмаар худалдаа, үйлчилгээний төвүүд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа боловч цаашид хэрхэн оршин тогтнох нь эргэлзээ дагуулж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар цахим худалдааны гол хэрэглэгчид нь "Millennials", "Gen Z" үеийнхэн байгаа бол, ирээдүйд "Gen Z", "Gen Alpha" үеийнхний хувьд цахим худалдаа өдөр тутмын амьдралынх нь хэсэг болно. Тэд цахим худалдааг ингэж тодорхойлж байна.
ЗАРДАЛ БАГАТАЙ, ХЯЛБАР
"Бага байхдаа ээжийгээ дагаад Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлдэг байсан нь сайхан дурсамж болж үлдсэн. Үүднээсээ эхлээд төрөл бүрийн юмс зардаг. Хүүхэд байсан учраас бүхий л зүйл сонирхолтой санагддаг байж. Харин олон хүн бужигнасан захаас хэрэгтэй зүйлээ олж, худалдан авна гэдэг насанд хүрсэн ээжийн минь хувьд хүндрэлтэй байсныг өөрөө том болоод л ойлгосон. Намайг авах зүйлээ удаан сонгож байгаад бухимддаг байсан нь ч аргагүй. Хамгийн багадаа хоёр цагийг зах дотор өнгөрөөнө. Ирж, буцах цагаа тооцоолбол хагас өдөр болдог байлаа. Заавал зах гэлтгүй, томоохон худалдааны төвүүд ч гэсэн адилхан шүү дээ. Үнийн хувьд л ялгаатай байх. Би их сургуулиа төгсөөд Япон улсад үргэлжлүүлэн сурсан. Ажил, хичээлийнхээ хажуугаар өөртөө чөлөөт цаг гаргах гэж их хичээдэг байлаа. Тийм болохоор ойр зуурын хувцас, хүнснээс бусад хэрэгтэй зүйлсээ ихэвчлэн цахимаар худалдан авч эхэлсэн. Эхэндээ захиалж байгаа барааныхаа чанарын ялгааг мэдэхгүй буруу худалдан хийж байсан. Гэхдээ яваандаа учрыг нь олоод эхлэхээр, зардал багатай, хамгийн гол нь цаг их хэмнэдэг. Өөрийнхөө хэрэглээнд тохируулаад цахим худалдаа хийгээд сурчихвал, үнэхээр хялбар санагдана. Би яваандаа өөрөө Японд байгаа ч гэсэн Монголд байгаа гэр лүүгээ цахимаар захиалга их хийдэг болсон. Гэрийнхэн маань ямар нэг зүйл худалдан авах гэж байгаа гэвэл, "би захиалаад өгье, битгий дэлгүүрээс үнэтэй худалдаж аваарай" гэж хэлдэг. Цахим худалдааны маш олон платформ, түүн дотор маш олон бараа бий. Хамгийн гол нь эдгээрийг зөв ашиглаж, энгийн хэрэглээ болгон хэвшүүлэх нь чухал."
Б.Хулан, 27 настай
Цахим худалдаагаар дамжуулан нийгмийн бүх давхаргын хүмүүс дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлж байдаг. Харин эсрэгээрээ цахим худалдааны платформууд шинэ үеийнхний зан байдал, сонголтод гүнзгий нөлөөлж байгаа гэх судалгаа гарчээ.
ХҮРТЭЭМЖ, ТАВ ТУХТАЙ БАЙДАЛ
Тухайлбал, цахим худалдааны платформуудын хамгийн чухал нөлөөллийн нэг бол тэдний санал болгож буй хүртээмж, тав тухтай байдал гэж тодорхойлжээ. Учир нь энгийн худалдааны төвөөр үйлчлүүлэхэд тухайн хүн заавал биечлэн очих шаардлагатай байдгаас гадна өөрийн хүсээгүй зарим үйлдлийг хийх ёстой болдог. Харин цахим платформ нь хэрэглэгчдэд хэдхэн товч дараад хүссэн худалдан авалтаа хийх боломж олгодог. Энэхүү хүртээмжтэй байдал нь дижитал хэрэглээнд дассан залуу үеийнхэнд саад болж байсан олон бэрхшээлийг арилгахад тусалсан гэж үзэж байна. Хамгийн гол нь дэлхийн бусад улстай харьцуулахад Монгол Улс цаашид ачаа тээвэр, логистик, төлбөр тооцоо зэрэг дэд бүтцийн асуудлаа сайжруулах шаардлагатай байгаа юм.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад цахим худалдаатай холбоотой,
- "Бараа худалдах, худалдан авах олон улсын гэрээний тухай" Венийн конвенц
- "Иргэний болон арилжааны асуудлаарх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх тухай" Брюселлийн конвенц
- Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенц
- Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр зэрэг хууль эрх зүйн орчин үйлчилж байна.
"Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээ, хүртээмжийн судалгаа"-нд дурдсанаар, Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн 29.9 хувь нь цахим худалдааг түлхүү ашигладаг байна. Эдгээр иргэдийн,
- 55.7 хувь нь гутал, хувцас, спортын бараа бүтээгдэхүүн
- 46.2 хувь нь гэр ахуйн бараа, тавилга
- 7.2 хувь нь ном, бичиг хэргийн бараа
- 28.2 хувь нь гоо сайхны бүтээгдэхүүн
- 13.9 хувь нь хүнсний бүтээгдэхүүн, хоол захиалга
- 10.9 хувь нь техник, технологийн бараа, үйлчилгээг цахимаар худалдан авдаг гэж хариулжээ.
Харин цахим худалдаа хийж буй сувгийг ангилж үзвэл 49 хувь нь сошиалаар, 35 хувь нь "Аmazon", "Taobao" зэрэг платформоос, 16 хувь нь хосолсон хэлбэрээр дамжуулан бараа бүтээгдэхүүнийг цахимаар худалдан авдаг аж.
СОРИЛТ БА ЭРСДЭЛ
Цахим худалдааны платформуудын өөр нэг чухал тал нь хэрэглэгчдийн боловсролыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэнэ. Тухайлбал, хэрэглэгчдэд санхүүгийн мэдлэг, бие даасан байдлын соёлыг төлөвшүүлдэг аж. Гэхдээ энэ мэт олон тооны ашиг тустай хэдий ч цахим худалдааны платформууд туршлагагүй хэрэглэгчдэд сорилт, эрсдэл дагуулдаг. Жишээлбэл, худалдан авагчид бодит үр дагаврыг тооцохгүйгээр өндөр эрсдэлтэй худалдан авалт хийх нь түгээмэл байдаг. Үүнээс шалтгаалан сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хохирол амсах тохиолдол цөөнгүй. Түүнчлэн цахим худалдааны платформ бизнес эрхлэгчдийн хувьд ашигтай байгаагаас шалтгаалан зах зээлд шаардлага хангахгүй олон тооны үйлдвэрлэгчид гарч ирэн иргэдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэл үүсч байна. Учир нь иргэд цахим худалдааны платформ ашиглахдаа, ихэвчлэн фейсбүүк хаягаараа нэвтрэн бүртгэлээ баталгаажуулдаг. Тиймээс цаашид кибер аюулгүй байдлыг онцгой анхааран хөгжих хэрэгцээ шаардлага үүссэн гэдгийг олон улсын технологийн мэргэжилтнүүд онцолдог.
Үүнээс гадна цахим худалдааны бизнесээс болж, үйлчилгээний төвүүд ашиг орлогоо алдах эрсдэл нүүрлэсэн. Тухайлбал, Монгол Улсад ДНБ-ний 21 орчим хувьтай тэнцэх хэмжээний далд эдийн засаг байна гэсэн тооцоолол бий.
Энэ нь ДНБ-ний 5.2 орчим хувьтай тэнцэх татварын орлогын алдагдлыг үүсгэж байна гэжээ.
Далд эдийн засгийн хэмжээ өндөр байх нь шударга татвар төлөгч бизнес эрхлэгч аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн татварын дарамтыг нэмэгдүүлэг. Мөн татварын тогтолцоо болон эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөг үзүүлсээр байна.
Түүнчлэн Монгол Улсад НӨАТ 10 хувь, НДШ 14 хувь, ААНОАТ 10 хувь, нэмэх нь бусад төрлийн татвар, хураамж, төлбөр, торгууль, алданги төлж байгаагийн улмаас ихэнх компаниуд зах зээлд удаан оршин тогтож чадалгүй, татварын дарамтад орсноор үүд хаалгаа барин дампуурч байна хэмээн эдийн засагчид үзэж байгаа юм.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.176.143
ANUSDI80955877