Налайх Бизоны бүтэлгүйтэл ба Т.Санчир Хөгжлийн лигт тоглох уу?

Налайх Бизоны бүтэлгүйтэл ба Т.Санчир Хөгжлийн лигт тоглох уу?

Налайх Бизоны бүтэлгүйтэл ба Т.Санчир Хөгжлийн лигт тоглох уу?

Налайх Бизон баг өнгөрсөн жил лигийн "Үнэ цэнтэй тоглогч" Т.Санчирыг нэгтгэж, улирлын өмнө лигийн аварга М.Тэлмэнг "BCH Knights"-аас шүүрч аваргын өрсөлдөөнд орж ирсэн. Т.Санчирыг авахдаа л бидний зорилго бол аварга авах гээд шулуухан зарлачихсан. Бүрэлдэхүүнээ ч сайн бүрдүүлсэн, хөгжүүлсэн байв. Харамсалтай нь тэр бүх зорилго, хүсэл мөрөөдөл бодит байдал дээрээ бүтэлгүйтэж, эцэст нь Хөгжлийн лиг рүү уналаа. Яаж ч муудсан ядаж плей-оффт орох байх гэсэн хүлээлт Бизоны фэнүүдэд байсан нь лавтай. Харамсалтай нь үгүй байжээ.

Тэд дээд лигт сүүл мушгиж, лигтээ үлдэхийн төлөө Хөгжлийн лигээс дээш мацаж буй Монголианстай цуврал гурван тоглолтыг хийв. Цувралын шийдвэрлэх тоглолт өчигдөр/2025.03.14/ болж, Монголианс баг 79-76 гэсэн харьцаатайгаар хожсоноор дээд лигтээ эргэн дэвшлээ. Харин Бизон Хөгжлийн лиг рүү унаж, ирэх улирал Спортын төв ордонд тоглохоор болж байна.

Хөгжлийн лигээс Монголианс, Ховд Шонхорууд багууд дээд лигт дэвшиж, Налайх Бизон, ИНҮГ ТЛЖ багууд доошоо унажээ. Сүүлд гарсан мэдээллээр ИНҮГ ТЛЖ баг тарж байгаа аж. Мөн Бизоны голоод явуулсан Росс Ховд Шонхоруудыг дээд лиг рүү хөтлөв.

Лигт орж ирсэн цагаасаа л Налайх Бизон баг өөрсдийн гэсэн өнгө төрх, фэнүүдийн хүрээлэл, соёлыг бий болгосон. Гайхалтай хожлуудыг ч байгуулж, лигийн хатуу самар гэдгээ хэдийнэ харуулсан байв. Үүндээ ч урамшиж, аварга болоход хол биш гэдгийг багийн удирдлагууд мэдэрч, Т.Санчир, М.Тэлмэн, П.Болортулга тэргүүтэй тамирчдыг Мосс, Кайри Уокер нартай авчирсан. Ганцхан алдаа гаргасан нь дасгалжуулагчдын баг байлаа. Улирлын турш гурав, дөрвөн ч удаа дасгалжуулагч нь солигдож, тогтвортой, тууштай байдал үгүйлэгдэв. Энэ бүхэн нь тамирчдын амжилтад нөлөөлж, гарааны сэлгээний тэнцвэр алдагдаж, уналт утгаараа эхэлсэн.

Т.Санчир бэртлийн улмаас Монголиансын эсрэг тоглолтод оролцоогүй гэнэ.

Лигийн "MVP" Т.Санчир, "Шилдэг хамгаалан тоглогч"-ийн шагналтай Ш.Мөнх-Эрдэнэ, Э.Тулга, М.Тэлмэн тэргүүтэй залуус ирэх улирал Хөгжлийн лигт хүч үзнэ. Магадгүй өөр баг руу явахыг ч үгүйсгэхгүй. Т.Санчирыг замналынхаа сүүлийн жилүүдэд Хөгжлийн лигт тоглохыг харах сагсан бөмбөг сонирхогчдод хачирхалтай байх нь гарцаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 56 минутын өмнө 66.181.191.134

Санчир улс төрд ороо биздээ тэнэгүүдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж