"Starbucks" компанийн алдаанаас болж хохирсон хүргэлтийн жолоочийн хохирлыг барагдуулж, 50 сая ам.доллар төлөхийг АНУ-ын Калифорни мужийн тангарагтны шүүх тухайн сүлжээ компанид тушаасан байна. Тодруулбал, хохирогч Майкл Гарсиа нь Лос-Анжелест байрлах "Starbucks"-ийн машинтайгаа үйлчлүүлж болдог салбараас уух зүйл авч байхдаа түлэгджээ. Учир нь тухайн өдөр үйлчилж байсан бариста нь Гарсиагийн захиалсан гурван уух зүйлийн нэг болох савтай кофеных нь таглааг анзааргагүйгээр дутуу тагласан байжээ. Үүний дараа захиалгын цонхоор Гарсиа захиалсан уух зүйлсээ авах гэж байгаад дутуу таглагдсан савтай халуун кофе нь асгарч, түүний цээж, ташаа хэсэг нь түлэгдсэн байна.
Калифорнийн дээд шүүхийн баримт бичигт дурдсанаар, Гарсиа 2020 онд уг хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Дутуу таглагдсан савтай кофе асгарснаас болж түүний бэлэг эрхтэн хүчтэй түлэгдэж, хэлбэр дүрсээ алдаж, мэдрэлийг нь муутгасан бөгөөд "Starbacks" хариуцлагагүй байдлаасаа болж үйлчилгээ үзүүлэх үүргээ зөрчсөн гэж буруутгасан байжээ.
Гарсиагийн өмгөөлөгч Майкл Паркер хэлэхдээ, Гарсиа мөн бие махбодын өвдөлтөөс гадна сэтгэлийн шаналал, амьдралаас эерэг мэдрэмж авахаа болих, доромжлол, тав тухгүй байдал, уй гашуу, бие махбодын гажиг, бие бялдрын хомсдол, сэтгэл санааны түгшилт, сэтгэлийн дарамт зэргийг мэдэрч, хохирч байна гэв.
"Starbucks" компанийн зүгээс шүүхийн шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж буйгаа мэдэгдэв.
Компанийн төлөөлөгч хэлэхдээ, "Ноён Гарсиагийн өмнөөс харамсаж байгаа ч энэ хэрэгт бид буруутай гэх тангарагтны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Бидний зүгээс хохирол барагдуулах мөнгөн дүнг хэтрүүлсэн гэж үзэж байна. Бид халуун уух зүйлийг хэрхэн бэлтгэх, ажиллах зэрэг компанийнхаа аюулгүй байдлын хамгийн дээд стандартыг үргэлж баримталж ирсэн" гэжээ.
Уг хэрэгтэй ижил төстэй шүүх хурал 1994 онд болж байжээ. Тухайн үед түргэн хоолны сүлжээ "McDonald’s"-д үйлчлүүлж байсан Стелла Либек халуун кофенд түлэгдэж, гуравдугаар зэргийн түлэгдэлттэй гэж оношлогджээ. Үүний дараа шүүхэд "McDonald’s"-ийн эсрэг нэхэмжлэл гарган, 3 сая орчим ам.долларын нөхөн төлбөр авч байжээ.
600В 2025-03-15 202.9.46.238
Б00В шинээр сольж өг