АНУ-ын зуучилж буй гал зогсоох хэлэлцээрийн талаар дипломат хэлэлцээ явагдаж байгаа энэ үед Оросын ерөнхийлөгч Владимир Путин Курск мужид нэвтэрсэн украин цэргүүдийг бууж өгөхийг уриалав. Тодруулбал, тухайн цэргүүд Курск мужийн оршин суугчдын эсрэг гэмт хэрэг үйлдэж байна гэж Путин Баасан гаригт (2025.03.14) болсон Оросын аюулгүй байдлын зөвлөлийн уулзалтын үеэр буруутгасан. Гэсэн хэдий ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн хүсэлтийн дагуу тухайн цэргүүдийн амь насыг өршөөх боломжтой гэж мэдэгджээ.
Мөн Орос улсын зүгээс АНУ-ын өмнөх засгийн газрын устгасан харилцааг сэргээхээр ажиллаж байна гэж Путин онцолсон юм.
Дональд Трамп өөрийн цахим хуудаснаа Оросын баруун хэсэгт орших Курск мужид олон мянган цэрэг бүслэгдсэн, эмзэг нөхцөл байдалд байгаа тул амь насыг нь өршөөхийг хүссэн байжээ. Үүний хариуд украин цэргүүдийг бууж өгвөл өршөөх тушаал өгнө гэж Путин мэдэгдсэн юм.
Украины хувьд алдсан газар нутгаа солилцох боломж нь Курск муж юм. Гэсэн хэдий ч тус мужид Украин хүчээ алдаж эхэлсэн тул Путин энэхүү завшааныг ашиглаж гал зогсоох хэлэлцээг хойшлуулж байна гэж ажиглагчид үзжээ.
Учир нь Украин цаашид Курск мужийг эзэлж хүчрэхгүй болсон тохиолдолд Путин газар нутгаа эргүүлэн авч чадна гэж төлөвлөж байгаа бололтой гэж ажиглагчид үзэж байна.
Энэ долоо хоногийн эхэнд, Украины төлөөлөгчид Саудын Арабт АНУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцсэний үр дүнд 30 хоногийн түр гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрсөн юм. Нөгөө талаас, АНУ-ын тусгай элч Стив Виткофф Пүрэв гаригт Москвад айлчилж, Путинтэй уулзсан нь Курск дэх украин цэргүүдийн амийг өршөөх боломжит саналыг гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Ийнхүү, Орос-Украины нөхцөл байдлын талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тодорхойлохдоо, болгоомжтой байх ёстой ч өөдрөг байх үндэслэл бий болсон гэж хэлсэн байна. Трамп мөн адил Путины мэдэгдлийн дараа, "Энэ аймшигтай, цуст дайн эцэслэгдэх магадлал өндөр боллоо" гэж онцлон тэмдэглэжээ.
Холбоотой мэдээ