Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАА ХАРЛУУЛЖ БАЙГАА НЬ БУРУУ"
Эдийн засагч, доктор Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Дэлхий дахинаа эдийн засгийн том хямрал нүүрлэх эрсдэлтэйг судлаачид хэлж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын импортын татварыг 10 хувиар нэмэгдүүлдээ. Энэ тохиолдолд Монголын эрх баригчид ямар бодлого баримтлан ажиллах вэ?
-Дэлхийн эдийн засагт 2024 оны төгсгөлөөр геополитикийн болон уур амьсгалын олон эрсдэл нүүрлэж болзошгүйг дэлхийн эдийн засгийн Давосын чуулганаар дурдаж байсан. Эдгээр эрдсэл Монголд ч нөлөөлнө. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд болж, Дональд Трамп сонгогдсонтой холбоотойгоор цочмог эрсдэл богино хугацаанд гарч ирлээ. Үүнийг нэг талаараа "Худалдааны дайн" гэж нэрлэж байна. Энэ асуудал өргөн цар хүрээтэй болох шинжтэй байгаагаараа илүү анхаарал татаж, дэлхий нийтээрээ энэ эрсдэлээс болгоомжилж байна. Учир нь энэ "Худалдааны дайн" АНУ болон БНХАУ-ын хооронд бус АНУ-ын зүгээс худалдаа эдийн засгийн харилцаатай байдаг гол гол бүс буюу БНХАУ, Япон, Канад, Мексик гэх мэт улстай харилцан татварын тариф тогтоож, нэмэх замаар худалдааны тэнцлийг тэнцвэржүүлэх бодлого барьж байна. Трампийн хувьд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа хэн хэндээ ашигтай байх ёстой гэсэн байр суурьтай байх шиг байна. Үүний үр дүн нь Монгол Улсад их чухал.
Монгол шиг улс оронд "Худалдааны дайн" хүчтэй сөргөөр нөлөөлж болзошгүй. Учир нь бид дэлхийн эдийн засаг хэрхэн яаж өсөх вэ гэдэг эрчмээс хамаарсан түүхий эдийн зах зээл дээр байгаа эрдсийн хоёр, гуравхан бүтээгдэхүүний үнээс хүчтэй хамаардаг улс.
Тэр нөлөөллийнх нь эхний цохилт нүүрсний үнээр дамжин ирж байна. Он гарснаас хойш нүүрсний үнэ унасаар байна. Үүнд Монголын төр засгаас баримтлах бодлого гэх зүйл их хомс юм. Монголбанкнаас бодлогын хүүг нэмж, 12 болголоо. Нөгөө талдаа төсвийг харьцангуй хямгатай, танах, төсвөө тодотгох үйлдлийг хийж болно. Тэгэхгүй бол нүүрсний үнэ унасаар байвал төсвийн орлого хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсч, төсвөөр дамжуулан санхүүгийн эрсдэлтэй тулгарч болзошгүй. БНХАУ гангийн үйлдвэрлэлээ бууруулна гээд зарлачихлаа. Олон улсын Энергийн байгууллагын 2025 онын хоёрдугаар сард гаргасан судалгаагаар БНХАУ ойрын хугацаанд нүүрс рүү бус сэргээгдэх эрчим хүч рүү илүүтэй анхаарах магадлалтай байгааг онцолсон. Ингэснээр нүүрсний эрэлт дээр бооцоо тавьж болох гол улс нь Энэтхэг болж байна. Миний харж байгаагаар БНХАУ-аас Монголын нүүрсийг худалдан авч, үнэ нь өсөх төлөв харагдахгүй байна.
-Өмнө нь татварын өршөөл үзүүлэх гэх мэт аргаар хямралыг давж байсан шүү дээ?
-Өнгөрсөн 2015 онд гарсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлж байх шиг байна. Тэр бол эдийн засгийн хямралын эсрэг баталсан хууль биш. Тодорхой хүмүүсийн татвар болон түүнд өртөөгүй эд хөрөнгийг ил болгох тухай хууль шүү дээ. Цаад талдаа маш их хэмжээний эд хөрөнгө ил болсон гэж үздэг ч тэр хууль нь эдийн засгийн хямралыг давах арга зам биш.
Бид өмнөх түүхээ харвал, харалган явж байгаад л эдийн засгийн хямрал руу давхиад орчихдог.
Монголчууд өмнөх алдаа, түүхээсээ сургамж авдаггүй. Цөөн хэдхэн уул уурхайн бүтээгдэхүүнээс хэт хүчтэй хамааралтай болсноо ойлгох хэрэгтэй. Нүүрсний үнэ өндөр, гарц сайн байхад мөнхөд тийм байх юм шиг төсвө тэлж, халамжаа нэмж, үргүй зардлаа өсгөж явсаар хямралтай нүүр тулдаг. Анхааруулсаар байтал анзаардаггүй. Энэ бол бидний гол алдаа. Төр засгийн зүгээс хямрал гэдэг зүйл хэзээ нэгэн цагт ирнэ гэдэгт бэлтгэлтэй, мөчлөг сөрсөн төсвийн бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн бизнесийн орчноо тэлэхэд чиглэсэн татварын бодлогыг хэрэгжүүлж болно. Гадаад санхүүжилтыг оруулахдаа хотоос их хэмжээний бонд гаргахаас илүүтэй төр, хувийн хэвшлийн түншлэлээр Засгийн газрын баталгаа гаргаж, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, уул уурхайн нэмүү өртөг бүтээх гол төслүүдээ хөдөлгөж болно.
Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
"ДААТГУУЛАГЧИЙГ ХАМГААЛАХЫН ТУЛД ИПОТЕКИЙН ДААТГАЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН"
Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт батлагдаж, ипотекийн зээлтэй иргэд барьцаа хөрөнгөө ердийн даатгалын компаниудад, харин амь нас, эрүүл мэндийн даатгалаа зээлдэгч зөвхөн урт хугацааны даатгалд даатгуулах шаардлагатай болсон. Уг шинэчилсэн зохицуулалт хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар болон ипотекийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын ахлах референт Н.Батцэцэгтэй ярилцлаа.
-Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо ипотекийн даатгалд хамрагдсан байх шалгуур тавьдаг. Үүний дагуу иргэд дурын даатгалын компаниудад даатгуулж, даатгалаа жил бүр сунгах зарчмаар явдаг байсан. Үүнд Санхүүгийн зохицуулах хорооноос өөрчлөлт хийх болсон шалтгаан юу вэ?
-Ипотекийн даатгал дотроо хоёр төрлийн даатгалын тусгайлсан үйлчилгээтэй байдаг. Нэгдүгээрт, ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгал, хоёрдугаарт, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал гэж бий. Барьцаа хөрөнгийн даатгал нь тухайн зээлийг авахад барьцаалж буй хөрөнгийн даатгалыг хэлнэ. Уг даатгал таван үндсэн эрсдэлээс хамгаалдаг. Тодруулбал, гал, цахилгаан, газар хөдлөлтөөс бусад байгалийн гамшиг, гуравдагч этгээдээс болж эрсдэл учрах зэргийг даатгадаг. Мөн зээлдэгч даатгалын компанитайгаа тохиролцсоноор нэмэлт эрсдэлийг даатгах боломжтой. Жишээ нь барьцаа хөрөнгийн даатгалаа даатгуулсан байгаа тохиолдолд галын эрсдэл гарлаа гэхэд тухайн даатгалын компаниасаа нөхөн төлбөр авах боломжтой. Харин зээлдэгчийн амь насны даатгал хоёр ялгаатай байдаг. Нэгдүгээрт ердийн даатгалын компаниар даатгуулах буюу зөвхөн үйлдвэрийн, ослын, ахуйн гэх мэт гэнэтийн ослын хүрээнд даатгуулах боломжтой даатгалын үйлчилгээ бий. Хоёрдугаарт, урт хугацааны даатгалын компаниуд буюу сая дурдсан гэнэтийн ослын даатгалаас гадна аливаа өвчлөлийг хамгаалдаг онцлогтой даатгалын үйлчилгээ байдаг.
Гэхдээ бодит байдал дээр даатгуулагчид илүү хямд үнэтэй, ердийн даатгалыг сонгох нь түгээмэл байдаг. Өөрөөр хэлбэл, урт хугацааны даатгалын бүтээгдэхүүнийг сонгохгүй байна. Үүнээс шалтгаалсан хамгийн гол асуудал нь даатгалын нөхөн төлбөртэй холбоотой асуудал байдаг. Даатгуулагч буцаад даатгалын гэрээгээрээ хамгаалагдахгүй байдал үүссэнээс болоод санхүүгийн эрсдэлд ордог. Тиймээс бид зах зээл дээр үүсч буй эдгээр асуудлуудыг харгалзан, олон улсын жишигт байгаа хамгийн сайн зохицуулалтыг хийж, өөрчлөлт оруулсан. Олон улсад ихэвчлэн ипотекийн зээлтэй иргэд урт хугацааны буюу амьдралын даатгалд даатгуулсан байдаг.
Уг өөрчлөлт хэрэгжсэнээр ердийн даатгалын компаниуд барьцаа хөрөнгийн даатгал хийдэг хэвээр байна. Харин зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд зөвхөн урт хугацааны даатгалын компани хийхээр зохицуулалт орж ирж байна гэсэн үг.
-Уг зохицуулалт хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Энэхүү зохицуулалт 2025 оны наймдугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
-Зээлдэгчид урт хугацааны даатгалд хамрагдах шаардлагатай гол шалтгаан нь даатгуулагчийн нөхөн төлбөртэй холбоотой гэлээ. Тодруулбал, үүнээс болж хохирсон хэчнээн иргэн байна вэ?
-Барьцаа хөрөнгийн даатгалд даатгадаг ердийн даатгалын 16 компани Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй байдаг. 2024 оны байдлаар эдгээр компаниудаас долоон компани 470 даатгалын гэрээний үндсэн дээр 931 сая орчим төгрөгийн нөхөн төлбөр олгосон байдаг. Харин зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгалын хувьд 27 даатгалын гэрээний үндсэн дээр 1.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон тохиолдол байна. Санхүүгийн зохицуулах хороо бол хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага. Энэ хүрээндээ бид тусгайлсан хуульд заасны дагуу холбогдох маргааныг урьдчилан шийдвэрлэх үүрэгтэй. Энэ хүрээнд 2016 оноос хойш ирсэн даатгалтай холбоотой өргөдөл гомдлыг харвал ипотекийн даатгалтай холбоотой гомдол нэлээдгүй хувийг эзэлдэг. Тэр дундаа 84 хувийг зээлдэгчийн эрүүл мэнд, амь насны даатгалтай холбоотой өргөдөл, гомдол тэр дундаа 92 хувь нь даатгалын нөхөн төлбөртэй холбоотой гомдол байна.
Учир нь зээлдэгч ердийн даатгалын үйлчилгээг сонгочихсон учраас энэ нь зөвхөн гэнэтийн ослоор хамгаалагдчихсан байдаг. Гэтэл иргэдийн нас баралтын голлох шалтгаан нь өвчний шалтгаант нас баралт байгаа юм. Тиймээс жишээ нь хамгийн элбэг тохиолддог цус харвалт, хорт хавдрын өвчлөл үүслээ гэхэд энэ даатгал маань үйлчлэхгүй болдог гэсэн үг. Тэгэхээр энэхүү зохицуулалтын хамгийн гол давуу тал нь даатгалын хамгаалалт бий болгох буюу ердийн даатгалаас 5-6 дахин илүү хамгаалах боломжтой болж байгаа юм.
Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
П.ӨСӨХБААТАР: БӨХ ХҮН ЖУДАГТАЙ, ШУДАРГА ӨРСӨЛДӨХ ЁСТОЙ
Завхан нутгийн залуу арслан, чөлөөт бөхийн ОУХМ Ази тивийн хошой хүрэл медальт, чөлөөт бөхийн улсын аваргын таван удаагийн мөнгөн медальт, Хилийн цэргийн 0206 дугаар тусгай салбарын үндэсний бөхийн багш, дасгалжуулагч П.Өсөхбаатартай ярилцлаа.
-Сайхан шинэлэв үү. Үндэсний бөхийн сар шинийн барилдааны дараагаар аймаг аймгийн нутгийн золголт болж, барилдаан болж байна. Таны хувьд заалны барилдаанд тогтмол барилдаж байна уу?
-Сайхан шинэллээ. Миний хувьд заалны барилдаанд тогтмол оролцохыг хичээдэг. Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд барилдаж, дөрвийн даваанд уналаа. Аль болох бүх барилдаанд л тасралтгүй оролцвол бэлтгэл сургуулил сайн хангагдах болов уу гэдэг үндсэн дээр барилдааныг таслахгүйг оролцохыг боддог.
-Анх тууврын замд явж байхдаа сумын заан болсон гэж сонсон юм байна. Та үндэсний бөхийн спортоор хэзээнээс хичээллэж эхлэв?
-Миний хувьд 2002 оноос гэхээр 14 настайгаасаа бөхөөр хичээллэж эхэлсэн. Анх "Ирээдүй" бөхийн секц буюу Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн цомын аварга А.Энхээ багшдаа шавь нь болж очиж байсан. Тэрнээс хойш одоог хүртэл буюу 23 жил үндэсний спортоороо хичээллэж, аймгийн арслан цол хүртсэн.
Би "Аварга" биеийн тамирын дээд сургуульд суралцаж, сургуулийн анхны үндэсний бөхийн багш болох Гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүү багш дээрээ үндэсний бөхийнхөө А үсгийг заалгасан хүн.
Намайг үндэсний бөхийн спортод эргэж буцалтгүй ороход түлхүү нөлөөлсөн хүн бол төрүүлж өсгөсөн аав, ээж хоёр минь. Учир нь тэд минь ар гэртээ санаа зоволгүй бэлтгэл сургуулилалтаа хийхэд маш их дэмжиж, тусалдаг хүмүүс. Ачтай буянтай аав, ээж хоёр минь байгаагүй бол би одоогийнхоо амжилтад ч хүрэхгүй байсан гэж боддог.
-Таныг бөхийн удамтай гэж ярьдаг?
-Байлгүй яах вэ. Манай аавын өвөө Ш.Дамдин сумын заан цолтой хүн байсан. Мөн миний аав Нацагнямын Пүрвээ гэдэг хүн чинь сумын заан цолтой. Харин ээжийн талаас манай нагац ах Д.Доржсүрэн аймгийн хурц арслан хүн байдаг юм. Тэгэхээр яалт ч үгүй л бөхийн удамтай хүн болж таарч байна даа.
-Үндэсний бөхийн зодог, шуудгаа хийлгэдэг үү?
-Тийм ээ. Ихэнх бөхчүүд өөрийн зодог, шуудгаа өөрсдөө захиалж хийлгэдэг. Зарим том цолтой, нэр хүндтэй бөхчүүд шинээр гарч ирж буй нутгийн дүү нартаа бэлэглэх тохиолдол ч цөөнгүй байдаг. Мөн өвөг дээдсээсээ өв залгамжлан зодог шуудгийг өмсөх уламжлал ч тогтсон байдаг. Миний хувьд анх үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн цагаасаа л аавынхаа зодог шуудгийг өмсч хэрэглэн ирсэн нэг ёсондоо өвлөж авсан гэх юм уу даа.
-Энэ жилийн гол зорилго гэвэл?
-Үндэсний бөхөөр хичээллэдэг бөх хүний зорилго бол өөрийн цолоо ахиулах шүү дээ. Би аймгийн арслан хүн учраас дараагийн шатныхаа цолонд хүрэхийг л эрмэлзэж бэлтгэл сургуулилалтаа базааж явна даа. Миний хувьд баяр наадмын барилдааны бэлтгэлд “Хилчин" спорт хороо болон Завхан дэвжээний бөхчүүд хамт гардаг. Энэ жилийн бэлтгэлдээ ирэх зургадугаар сарын аравдаар гарна.
Баяр наадмын барилдааныг үнэхээр таамаглашгүй. Гэхдээ энэ жил улсын арслан, заан цолтой бөхчүүд өнгөлөх байх.
Мөн Дархан аварга Н.БатСуурь ч бас хүчтэй өрсөлдөгч учир шөвгийн дөрөв юм уу, үзүүр түрүүнээсээ буухгүй л байх. Бэлтгэл маш сайн байвал дахиад наадамд түрүүлэхийг ч үгүйсгэхгүй шүү дээ.
Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
Монгол 56 минутын өмнө 149.88.101.20
Монголд хулгайлж олсон мөнгөө хүүлж амьдарч байгаа хэсэг л сайхан амьдарч, Монголд амьдрах сайхан гэж байна даа.
ХОгч 57 минутын өмнө 202.9.46.238
Ульваа, Гад.Хөр.оруулалт нэрээр бидний ядуу буурай орны баялгийг дээрэмдэн сорох нь зөв үү тэгээд? Амьдрал мэдэхгүй ном ярьж номчирхож гуцаж хэвтдэг Сэздс-ийн хэлгий дэлгэрсайхан мэт нь дандаа ингэж мэдэмхийрч байхаар нэг удаа ч гэсэн амаа хамхиад дуугүй байж үзмээр юм
Нэргүй 37 минутын өмнө 59.153.113.200
Муурхаад л байвал чиний амьдрал улам "сайжирна" даа!!
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.184.70
Н.Батцэцэг гэж үнэхээрийн мундаг том хүүхээн, Өсахөө аваргын садангийн хүн байхаа !