Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.03.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Улаанбурханы батлагдсан тохиолдол 15 байгаа бөгөөд өчигдөр 22:00 цагт Өмнөговь аймгаас 10 хүүхдийн сорьцыг ХӨСҮТ-рүү явуулж, гурван хүүхдийн хариу лабораториор батлагдаж, улаанбурхан өвчний тохиолдол 18 болсон гэлээ.
Тиймээс зөвхөн нийслэл хотод биш орон нутагт халдварт өвчний тархалт гарах, тохиолдол бүртгэгдэх эрсдэл өндөр байгаа учир нийт иргэдийг зөвлөмж мэдээллийг тогтмол авахыг зөвлөж байна.
ХӨСҮТ-ийн захирал Э.АНХБАЯР:
-Улаанбурхан өвчний нийт 14 тохиолдолд бүртгэгдсэн байсан бол өнгөрсөн шөнө нийслэлээс нэг тохиолдол, мөн хөдөө орон нутгаас ирсэн 12 хүүхдийн сорьцоос гурван тохиолдол батлагдаж, үлдсэнийг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн давтан шинжилж байна. Ингээд нийт улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс хөдөө, орон нутагт тэр дундаа Өмнөговь аймагт өвчний халдвар тархах эрсдэлтэй байна. Бага насны хүүхдүүд өвдөх эрсдэл өндөр байна. Тэр дундаа вакцин хийлгээгүй, вакцины хоёрдугаар тунгаас хоцорсон хүүхдүүд өвдөж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ вакцин хийлгэсэн эсэхийг нягталж, тунгаас хоцорсон бол нөхөн хийлгэхийг зөвлөж байна.
Өнгөрсөн долоо хоногт мөн менингококкын нэг тхоиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаад шинжилгээ нь батлагдсан. Энэ хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.СУВДМАА:
-Зонхилон тохиолдох халдварт өвчнүүдийн нөхцөл байдлын тухайд томуу, томуу төст өвчний тохиолдол алаг цоог түвшинд байна. Сар шинийн золголттой холбоотой амьсгалын замын өвчлөлийн тохиолдол нэмэгдсэн. Цагаан сараас өмнө эмнэлгийн байгууллагаас зөвлөмж мэдээллийг тогтмол өгч анхааруулсан. Гэвч халдварт өвчнүүдийн тархалт ихэсч байна. Энэ тохиолдолд иргэн бүр хувийн ариун цэврээ сахиж, халдвар хамгааллын дэглэм барих нь зүйтэй.
Улаанбурханы дотоодын халдварын тохиолдлууд бүртгэгдэж байсан бол одоо кластер буюу нэг их уурхайтай хэд, хэдэн тохиолдлууд гарч байна.
Эцэг эхчүүд зөв мэдээллийг авч, урьдчилан сэргийлэх энгийн дадлыг зайлшгүй хэвшүүлэх шаардлагатай байгааг анхаарна уу. Улаанбурхан бол вакцинаар сэргийлэгддэг өвчин. Тэгэхээр иргэн бүр улаанбурхан өвчний вакцинд хамрагдсан эсэхээ нягтлахыг зөвлөж байна.
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.190.218
Монголын их эмч нар бусдад их витамин, эм, тариа бичиж өгдөг хэрнээ өөрсдөө үр удмаараа ямар ч витамин, эм, тариа хэрэглэдэггүй. Монголын их эмч нар эмнэлэгт хэвтэх байтугай өөрсдөө эмчид үзүүлдэггүй юм.