Хот дахин төлөвлөлтийн жишгийг тогтоох Хятад

Хот дахин төлөвлөлтийн жишгийг тогтоох Хятад

Хот дахин төлөвлөлтийн жишгийг тогтоох Хятад

Техник технологи, шинжлэх ухаан, хүрээлэн буй байгаль, шашин шүтлэг болон орчин үеийн мэдээлэл технологийн салбар зэрэг төрөл бүрээр БНХАУ дотоодын хүчин чадлаа нэмэгдүүлж, дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болсон. Энэ нь жил бүрийн гуравдугаар сарын эхэн үед тус улсын хамгийн том хоёр төрийн байгууллага хуралдаж, өнгөрсөн болон ирээдүйнхээ их бүтээн байгуулалтыг дүгнэн тодорхойлдогтой холбоотой билээ. Тэгвэл 2019 онд "Covid-19" гарч, дэлхий нийтийг цочирдуулсан хэдэн жилийн дараа Хятад улс дахин шинэчлэгдэж, тэргүүлэгч орон болох их зорилго тавьсан нь тодорхой байна. Үүний нэг жишээ нь дотоодын бүтээн байгуулалт болон эдийн засгийн хүчин чадлаа эрчимжүүлэх байв.

Дэлхийн 100 гаруй орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид олон улсын эдийн засгийн хоёр том тоглогчийн өрсөлдөөн эхлэхтэй зэрэгцэн Хятад улсын Бээжин хотноо Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн /NPC/ болон Бүх Хятадын ардын зөвлөлдөх зөвлөгөөний /CPPCC/ их хуралд оролцож, дараагийн нүүдэл хэрхэхийг сурвалжилсан байдаг. Уг хоёр хуралдааны үеэр таван жилийн багц төлөвлөгөө гэгч нь олны сонирхлыг татаж байлаа. Тухайлбал, 2025 зорилго тодорхойлсноос гадна 2021 онд эхлүүлсэн 14 дэх таван жилийн төлөвлөгөөний явц хэр бүтээмжтэй явагдаж буйг хэлэлцсэн юм.

Энэ жилийн тухайд цар тахлын хөл хорио тавигдсанаас хойш хэрэгжиж буй 14 дэх таван жилийн сүүлийн жил бөгөөд энэ үлдсэн хугацаандаа гүйцэлдүүлээгүй ажлаа дуусгахаа эрх баригчид мэдэгдсэн юм.

14 дэх удаагийн таван жилийн хүрээнд ямар томоохон ажлыг бүтээн байгуулсан болохыг биеэр үзэх боломж олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд олдсон. Тэд Бээжин хотын дахин төлөвлөлт хэрхэн түүх, орчин цагийн шинж чанарыг хослуулж буйг харсан юм. Тухайлбал 1276-1293 оны хооронд Хубилай сэцэн хааны зарлигаар Дайду хотыг өмнөд Ханжау хоттой суваг татан холбосон, дэлхийн хамгийн урт усан суваг болох Их суваг хэрхэн Бээжин хотын ажиллаж, амьдрах боломж цөм бүрдсэн хэсэг болсныг үзлээ. Өдгөө Их суваг нь Тунжоу дүүрэгт байх түүхэн дурсгалт газар бөгөөд үүнийг хамгаалж, ямар ч нөхцөлд экосистемийг нь алдагдуулахгүйгээр орчин үеийн архитекторын бүтээн босголттой хослуулах төлөвлөгөөг анх 2021 онд гаргаж, 100 сая юань төсөвлөсөн аж.

Дахин төлөвлөлтийн дагуу Тунжоуд нийт 64 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий долоон аж үйлдвэрийн бүс байгуулсан бөгөөд тэдгээр нь өндөр технологийн үйлдвэрлэлд төвлөрдөг.

Мөн тус дүүрэг нь бизнесийн цогцолбор байхаас гадна газар тариалангийн хувьд цэцэрлэгжүүлэлт, жимс, үр тариа тарих болон усан аж ахуйг чухалчилдаг. Тунжоу дүүргийн засгийн газар өдгөө Их сувгийн соёлын цэцэрлэгт хүрээлэнд жуулчдыг татахын тулд төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Түүнчлэн ямар ч байшин барилгыг эргээс зайдуу барьснаас гадна оршин суугчдын тав тухыг хангахыг чухалчилсан байлаа. Их суваг дагуу загасчлахаас гадна завьтай аялал хийж Тунжоу дүүргийн нүд гялбам өндөр шилэн барилга, түүхт газар, ой модыг ажиглаж, хүсвэл Сүй, Тан гүрний үеийн худалдааны боомтоор зочлох боломжтой.

Өдгөө Тунжоу дүүрэгт 113 цэцэрлэг, 141 дунд сургууль, 51 ахлах сургуулиас гадна Бээжингийн шилдэг их дээд сургуулиудын салбар нээгдэж, хот төлөвлөлтийн хамгийн сүүлийн үеийн, олон улсын жишиг стандартыг тогтоож чаджээ. Тус дүүргээр дамжин бусад мужууд руу хурдны замаар хүрэх боломжтой бөгөөд Бээжин хотын өнцөг, булан бүр лүү хугацаа алдахгүйгээр очих хурдны болон гүүрэн замуудтай.

БЭЭЖИН ХОТЫН НОМЫН САН

Хот дахин төлөвлөлтийн хүрээнд Тунжо дүүрэгт Бээжин хотын хамгийн том номын сан сүндэрлэн боссон байна. Цэцэрлэгт хүрээлэн дунд архитекторын гоёмсог шийдлээр бий болсон уг номын сан нь ойролцоогоор 75 мянган хавтгай дөрвөлжин метр том. Уг барилгын дизайныг Хятадын соёлын бэлгэдэл болох "Улаан тамга"-аас санаа авсан байх ба дээвэр нь модны навчис мэт хийцлэлтэй тул ой модон дунд ном унших мэт мэдрэмжийг төрүүлэх болно.

Бээжин хотын захиргааны төвийн гурван том барилгын нэг Бээжин хотын номын сан 2023 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийжээ. Өргөн саруул талбайтайгаас гадна, гурван давхар суралцах талбай, орчин үеийн технологийн шийдэл, тав тухыг хангаж өгсөн тул хэдэн цагаар ч хамаагүй хичээлээ хийж, 8 сая номоос хүссэнээ унших боломжтой. Эртний уран зохиол, баримт бичиг, соёлын биет бус өвийг хадгалах уг номын санд задгай уншлагын талбай, ухаалаг номын сан, лекцийн танхим зэрэг функциональ хэсгүүдийг байрлуулжээ.

АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ЦОГЦОЛБОР

Бээжин хотын захиргааны төв /BMC/-д өндөр чанартай аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоо биелүүлжээ. Тунжоу дүүргийн дахин төлөвлөлтийн хүрээнд төрийн үйлчилгээ, бизнесийн үйлчилгээ, соёлын аялал жуулчлал, технологийн шинэчлэл гэсэн дөрвөн үндсэн чиглэлд анхаарсан байна. Эдгээрийг дэмжихийн тулд орчин үеийн, инновацид суурилсан эдийн засгийг хөгжүүлэх гурван томоохон аж үйлдвэрийн төслийг эхлүүлсэн аж. Тухайлбал, "Үйлдвэрлэлийн өндөр чанартай хөгжлийг хурдасгах арга хэмжээ" гэсэн багц бодлогыг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь бизнесийг дэмжих зохион байгуулалттай тогтолцоог бий болгодог байна.

Салбарын түншлэл, зорилтот хөрөнгө оруулалт зэрэг стратегиудыг ашиглан Тунжоу дүүрэгт төрийн өмчит, хувийн 170 гаруй томоохон аж ахуйн нэгжийн салбарыг нээж, гурван жил дараалан бүс нутгийн ДНБ-ий 10 орчим хувийг бүрдүүлжээ.

Олон улсын хэвлэлийн төлөөлөгчид тус дүүргийн соёл амралтын хэсгээс гадна уг аж үйлдвэрлэл, технологийн цогцолбортой танилцсан. Компани тус бүр цэвэр цэмцгэр, саруул талбайд үйл ажиллагаагаа явуулж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ хэв маягийг гаднах дизайндаа шингээж өгсөн байна. Хэрэв өөрийн гэсэн гарааны бизнесээ эхлүүлж, жижиглэнгийн худалдаанаас эхлүүлэн хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг түнш хайж байгаа бол Тунжоу дүүргийг зориход хангалттай гэх бодол хүн бүрт төрж байлаа.

Тунжоу дүүргийн үйлдвэрлэлийн бүсэд нарны зайн хураагуур панел, дижитал үйлдлийн системтэй дэлгэц, уламжлалт гар аргаар урласан цэвэр алтан эдлэл болон биотехнологи, эмнэлгийн багаж хэрэгсэл, хиймэл оюун ухаант робот гар гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох компаниуд цугларсан нь Бээжин хотын эдийн засгийн өсөлтийг хурдасгахад хүчтэй нөлөө үзүүлжээ.

Тухайлбал, "BMC" зохицуулалтын дагуу эдгээр компаниуд хамгийн өндөр стандартыг мөрдөж, дээд зэргийн чанарыг баталгаажуулах зарчмыг баримталдаг болжээ.

Дахин төлөвлөлтийг цаг тухайд нь, үр дүнтэйгээр эрчимжүүлж удирдах ажлыг гүйцэтгэсэн "BMC" төв суурин газрын нягтралыг хөнгөвчлөх үүргийг хүлээсэн юм. Анх хотын хамгийн алслагдмал дүүрэг байсан Тунжоу дүүргийг тэргүүлэгч болгохын тулд хотын захиргаа суурийг тавьж, дутагдалтай талуудыг арилгаж, хот байгуулалтын бүтцийн дагуу олон улсын стандартыг баримтлахын тулд салбар бүрийн шилдгүүдийг урьж ажиллуулжээ.

Улмаар Тунжоу дүүргийн ДНБ 2024 онд бараг 6 хувиар өссөн байна. Мөн тус дүүрэг нь засгийн газрын 2025 оны эдийн засгийн зорилтыг биелүүлэх чухал үүргийг гүйцэтгэх юм.

Энэ мэтчилэн таван жилийн дотор дахин төлөвлөлтийг стандартын өндөр түвшинд гүйцэтгэж, соёл амралт, бизнес, сурч хөдөлмөрлөнгөө эртний түүхийг суралцах боломжийг Тунжоу дүүрэгт бий болгож чадсан нь гайхмаар. Төр засгийн гадаад бодлого нь олон улсад нөлөөгөө үзүүлэхээс гадна, дотоодынхоо амьдрах орчин нөхцөлийг бүрэн хангахаар зорьж буй. Эзэмшсэн мэргэжил, зорьсон зорилгодоо үнэнч байж, хувийн ашиг сонирхол бус олон нийтийн амгалан тайван байдлыг харгалзан үзвэл аль ч орон хөгжиж чадна гэдгийг баталсан харуулжээ. Өдрийн турш үзэж, сонирхож барамгүй энэ их бүтээн байгуулалтыг дөрвөн жилийн дотор гүйцэлдүүлж чадсан "BMC" энэ жил дуусгаагүй ажлаа дуусгах амлалт өгсөн нь Тунжоу дүүрэг 2026 он гэхэд улам илүү хөгжингүй болж чадна гэж зочдод бодогдуулсан. Үүний хүрээнд Хятад улс хот дахин төлөвлөлтийг яаж чанарын өндөр стандартын дагуу хийж гүйцэлдүүлдэг гэдгээрээ олон улсын жишгийг шинэчлэн тогтоожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.190.218

Хятадууд хотын төлөвлөгөө гаргахдаа тааруу буюу Хятадад хэдэн зуун мянган шинэ орон сууц хоосон байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж