Тун удахгүй Цэргийн баяр тохионо. Тэмдэглэлт баярын өдрүүдэд хамгийн их орлоготой ажилладаг хүмүүс бол урлагийнхан. Тэр ч утгаараа гуравдугаар сард урлаг соёлын тоглолтууд ар араасаа болох нь ээ. Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд болох үзвэр, тоглолтын мэдээллийг хүргэж байна.
УРАН ТАНСАГ “ҮЛЭМЖ ТӨГӨЛДӨР” БҮЖГИЙН ТОГЛОЛТ 15-НД БОЛНО
Нүд баясгаж сэтгэл бадраах, бүжиг хэмээх тансаг урлагийн оргил мэдрэмжийг “Үлэмж Төгөлдөр” тоглолт мэдрүүлэх ажээ. Уран тансаг, үлэмж төгөлдөр бүжгийн урлагийг
нийслэлийн Улаанбаатар театр, "Хан Хэнтий" чуулга болон "HUN" театрын уран бүтээлчид хамтран тоглох гэнэ.
Хаана: Соёлын төв өргөө
Хэззэ: 2025.03.15
Тасалбарын үнэ: 40 мянган төгрөг
“NOMADIC LEGEND” АРДЫН УРЛАГ, ӨВ СОЁЛЫН ТОГЛОЛТ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
Цагаан лавай чуулгийн "NOMADIC LEGEND"ардын урлаг,өв соёлын тоглолтоо сар бүрийн тодорхой хуваарьт өдрүүдэд 17.00 цагт тоглож байна. Уг тоглолт нь үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтах бөгөөд ардын хөгжмийн хамтлаг,ардын бүжиг,бие биелэгээ,хөөмий магтаал,морин хуур,цамын бүжиг,уртын болон ардын дуу, уран нугаралт гээд ардын урлагийн цогц хөтөлбөртэй тоглолт юм.
Хаана: "Ган зам" палас
Хэзээ: 2025.03.15
Тасалбарын үнэ: 55 мянган төгрөг
“ТЭНГЭРИЙН СУМ” ТҮҮХЭН ЖҮЖИГ 18-НААС ЭХЛЭН ТОГЛОНО
Чингис хааны бага, идэр насны үеийг болон, Монголын нууц товчооноос сэдэвлэн “Тэнгэрийн сум” түүхэн жүжиг энэ сарын 18-29-нийг хүртэл тоглохдохоор болсон байна. Төмөр замын чуулга, Цагаан лавай чуулгын хамтарсан Их эзэн богд Чингис хааныхаа бага, идэр насны үеийг хүүрнэсэн, монголчуудын дэлхийн түүх, утга зохиолын өв санд оруулсан гайхамшигт бүтээл болох "Монголын нууц товчоо"-оос сэдэвлэсэн "Тэнгэрийн сум" түүхэн дуулалт жүжиг нь монгол түмнийхээ сэтгэлгээний онцлог, түүх, утга зохиол, урлагийн бүтээлээр дамжуулан эх орон, улс үндэстэнээ хайрлах чин сэтгэл, үнэнч шударга нөхөрлөл, эрэлхэг дайчин зоригт зан чанарыг бишрүүлж, үндэс язгуур, эх хэл, эх түүх, өв соёл, эх оронч үзэл ,эв нэгдэл үндэсний бахархал төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү уран бүтээлд та бүхнийг хүндэтгэн урьж байна.
Хаана: "Ган зам" палас
Хэзээ: 2025.03.18
Тасалбарын үнэ: 30-50 мянган төгрөг
“АМЬДАРХУЙ” ЖҮЖИГ ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР НЭЭНЭ
БНХАУ-ын орчин үеийн шилдэг зохиолч Үй Хуагийн “Амьдархуй” номноос сэдэвлэсэн жүжиг энэ сарын 27-ноос эхлэн Тусгаар тогтнолын ордонд тоглогдохоор болжээ. Энгийн болоод жаргалтай амьдрал үргэлжид зөв үйлдлээр хязгаарлагддаг уу? Ерөөс хүний оршихуйн үр үндэс, гол мөн чанар нь юу вэ? Аж төрөхүй хялбархан байгаа нь чи аз жаргалтай оршиж байна гэсэн утга огт биш гэсэн санаа Үй Хуагийн “Амьдрахуй” туужийн өгүүлбэр бүрт агуулагддаг. Энэ бол хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг гэх санаа юм. Харин түүн дотроос бид өөрсдийн оршихуйн үнэт чанар, тулах цэгээ олж авах нь юу юунаас эрхэм болохыг Үй Хуа тус зохиолоор харуулжээ.
Тус жүжгийн найруулагчаар Мягмарнарангийн Батболд, продюсераар Төмөрсүхийн Ариунчимэг ажиллах юм. Харин жүжгийн зохиолчоор “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч Мөнхцолын Батбаяр ажиллажээ. Тэрбээр Үй Хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот” зэрэг зохиолуудыг монгол хэлнээ яруу сайхнаар хөрвүүлэн уншигчдад хүргэсэн билээ.
Хаана: Тусгаар тогтнолын ордон
Хэзээ: 2025.03.27
Тасалбарын үнэ: 40, 50 мянган төгрөг
“ТЭНГЭРИЙН ХҮҮ” ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА
Монголын язгуурын төрт улс болох "Хүннү" улсын эзэн Модун Шаньюйгийн түүхийг Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар үзүүлэх энэхүү жүжиг тоглож эхэлснээсээ хойш Монгол төрийн ёсолгооноос эхлээд үндэсний хувцасны соёлд нөлөөлж, монгол үзэгчдийн үндэсний ухамсар сэргэхэд онцгой хувь нэмэр оруулсан бүтээл билээ.
Өнгөрөгч 2024 онд нийт 34 удаагийн тоглолтыг үзэгч түмэндээ толилуулж гадаад болон дотоод зочид төлөөлөгчид, мэргэжлийн шүүмжлэгч судлаачдаас өндөр үнэлгээ авсан бөгөөд дахин УДЭТ-ын тайзнаа тоглогдоход бэлэн боллоо.
Улсын драмын эрдмийн театрын бүтээл Б.Цогнэмэх "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг нь 2025 оны дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Унгар улсын Будапешт хотын "Үндэсний театр"-т зохион байгуулагдах 12 дахь удаагийн МИТЕМ олон улсын театрын фестивальд оролцохоор болсон билээ.
Уг фестивальд 14 орны театрын уран бүтээлчид оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс зорьж байгаагаар онцлог юм. Уг фестивалийн арга хэмжээг нээж Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" жүжиг тоглогдоно.
Хаана: Улсын драмын эрдмийн театр
Хэзээ: 2025.04.04
Тасалбарын үнэ: 40-180 мянган төгрөг
Н.Наранбаяр
зочин 5 цагийн өмнө 66.181.166.196
Урлагчингууд зарим нь мөнгөний төлөө арай л юм хийдэг дээ, тэнгэрийн үнэтэй тасалбараа энд тэндэхийн албан байгууллагуудын дарга нарыг найрч ажиллагсдад нь хүчээр шахдаг энэ тэр гээд ер хөгийн дөө