Автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгон нэмэгдүүлснээр нийтийн тээврийн орлого өмнөх сарынхаас 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн таатай мэдээллийг албаныхан өгч буй ч жолооч нар нь бэлэн мөнгийг хувьдаа авч ашигладаг зөрчил гарсаар байна. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын өгсөн мэдээллээр 170 цагаас дээш цаг ажилладаг автобусны жолоочийн сарын цалин 5-6 сая төгрөг бол үндсэн нормоороо ажилладаг нь сард 3.5 сая төгрөгийн цалин авдаг аж. Тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж хэлбэрээр 100 гаруй сая төгрөг авдаг. Гэтэл камерын хяналтын системд бүртгэгдсэнээр 156 жолооч зорчигчийн бэлнээр өгсөн мөнгийг хурааж аваад хувьдаа ашигладаг нь тогтоогджээ. Хэрэв автобусны жолооч нар эл “цавчаа”-гаа зогсоохгүй бол аандаа нийтийг хамрах ч эрсдэл бий. Үүнээс болж нийтийн тээврийн салбар нь орлогоороо урсгал зардлаа даадаг болох тогтолцоонд нэвтрүүлэх нийслэлийнхний зорилго ч бүтэлгүйтнэ. Нөгөө талдаа өчнөөн зуун тэрбум төгрөг зарцуулж худалдан авсан автобусны төлбөрийг хэрхэн барагдуулах вэ гэдгээс эхлээд асуудал өрнөнө. Ийм ээс зорчигчийн төлбөрийг хумсалдаг жолооч нарт хариуцлага тооцож, “цавчаа” хийдэг байдлыг нь таслан зогсоохгүй бол нийтийн тээврийн салбар өөдөлж, өр ширнээсээ салж чадахгүйг ч сануулагсад олон байна.
Хуучин цагт нийтийн тээврийн орлогыг кондуктор нь халаасалдаг байсныг таслан зогсоох зорилгоор төлбөрөө картаар хийдэг болгон, кондукторыг халсан ч нэг хэсэг нь төлбөрөө бэлнээр хийдэг нь жолооч нарт хувьдаа ашиглах боломжийг олгоод буй. Иймээс болж өгвөл нийтийн тээврээр зорчихдоо төлбөрөө картаар хийх нь хамгийн зохистой байгаа юм.
Нийтийн тээврээр зорчих үнийг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн 1000 төгрөг болгон нэмэгдүүлснээр 4.3 тэрбум төгрөгийн орлого олжээ. Нэг удаадаа 1000 төгрөг төлөхөд дөрвөн удаадаа автобусаар үнэгүй зорчих эрхтэй бөгөөд цагийн хязгаарлалт тавиагүй нь зорчигчдодоо ч ашигтай тусаж байгаа юм.
Г.ХОРОЛ
3,600.44















































