Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж байгаа. Өнөөдөр /2025.03.13/ шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж, гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох үеэр эрсдэлтэй үед орон нутгийн төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих хэрэгтэй байгааг онцоллоо.
Шуурхай хэсгээс өгч байгаа мэдээллээр, шаардлагатай тохиолдолд орон нутагт хөдөлгөөний хязгаарлалт хийх, төв зам дагуух постуудад хүмүүс гаргаж, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэв.
Мөн түймэрт өртсөн хохирлын дүнг урьдчилсан байдлаар яаралтай нэгтгэж гаргах үүрэг өгөх хэрэгтэй байна гэлээ. Гэхдээ тус хохирлын нэгдсэн дүн мэдээ бодит байх зайлшгүй шаардлагатай бөгөөд аймгийн онцгой комиссоор дамжуулж УОК-т хүргүүлэхийг мэдээлэв.
Түймрийн голомтод ажиллаж байгаа УОК-ынхон өндөр эрсдэлтэй үед үүрэг, хариуцлагаа ухамсарлан сайн ажиллаж байгаа нийт алба хаагчдад болон, хүнд хэцүү нөхцөл байдал тулгарсан ч бусдынхаа төлөө, орон нутгийнхаа төлөө зүтгэж байгаа малчдад талархал илэрхийлж, шаардлагатай байгаа бүхий л зүйлсээр УОК боломжийн хэрээр тусалж, дэмжинэ гэдгээ мөн илэрхийллээ.
Холбоотой мэдээ