Эзнээ олсон ч цагаа олоогүй MVP шагнал

Эзнээ олсон ч цагаа олоогүй MVP шагнал

Эзнээ олсон ч цагаа олоогүй MVP шагнал

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2024-2025 оны улирлын шилдгүүдийг өнөөдөр/2025.03.13/ тодрууллаа. Нийт долоон шагналын эзэд тодорсон бөгөөд Хасын Хүлэгүүд багийн А.Азбаяр "Шилдэг хамгаалан тоглогч" болон "Үнэ цэнтэй тоглогч" гэсэн хоёр гол шагналын эзэн болж, гайхалтай улирлаа чимэв. Өдгөө 19 настай, 2.05 метр өндөртэй түүний хувьд өнгөрсөн жил лигт тоглосон анхны улиралдаа "Шилдэг шинэ тоглогч" болж байсан билээ. Харин яг нэг жилийн дараа "MVP" болж байна.

Юуны өмнө А.Азбаяр бол лигийн, Монголын сагсан бөмбөгийн ирээдүйг тодорхойлох дараагийн авьяастан гэдгийг улс даяараа мэднэ. Хэрэв потенциальдаа хүрч, бүхий л талаараа сайжирч чадвал хэзээ нэгэн цагт "MVP" шагналыг авах нь гарцаагүй байлаа. Цаашдаа түүнд олон "MVP" авах ирээдүй, чадамж бий гэдгийг дурдах хэрэгтэй.

Гол асуудал нь А.Азбаяр яг энэ жил "MVP" шагнал авах хугацаа нь мөн байсан уу? Багийн амжилт, хувийн үзүүлэлт зэргийг нь харахад А.Азбаярт "MVP" өгөхгүй байх шалтгаан алга. Үүнийг хүртэх эрхтэй. Гэхдээ нэг тоглогч энэ шагналыг хэн бүхнээс илүү хүсч, шунаж, хүртэх эрхтэй гэдгээ харуулахыг зорьсон. Монголын лигт хувь тоглогчийн үзүүлэлт гэхээсээ илүүтэйгээр багийн амжилтыг "MVP" шагналын гол шалгуур болгочихсон. Т.Санчир хүртэл "MVP" болдог жилдээ Уурхайчидын сэлгээнээс тоглож байсаныг сагсан бөмбөг сонирхогчид санаж байгаа биз. Тухайн үед Уурхайчид лигт ноёрхсон түүхтэй.

Мэдээж энэ улирлын "MVP" шагналын өрсөлдөөн тун ширүүн байсан. Өнгөрсөн улирал л гэхэд тухайн үеийн "IHC Apes" багийн ахлагч М.Өлзий-Оршихыг "MVP" болно гэдэгтэй маргах хүн бараг л байгаагүй. Багийн амжилт, хувь тоглогчийн үзүүлэлт, талбай дээрх болон талбайн гаднах нөлөө зэрэг нь хэнийг ч дагуулаагүй. Гэтэл энэ улирал бүх зүйл эсрэгээрээ байв. Урт удаан улирлын тойрог, тоглолт бүрээр "MVP"-ийн өрсөлдөөний өнгө, нэрс өөрчлөгдөж, ялагчийг тааварлахад бэрх болсон.

Өрсөлдөөн ширүүн ч гол өрсөлдөгчдийн нэрс ил байв. "BCH Knights" багийн Г.Эрдэнэцогт, Эрдэнэтийн Уурхайчидын Г.Болор-Эрдэнэ, Бишрэлт Металлын Т.Ууганбаяр, Хасын Хүлэгүүдийн Ч.Ихбаяр нар тунасан. Хасын Хүлэгүүд амжилтаараа лигийг тэргүүлсэн учир тус багаас хэн нэгэн "MVP"-ийн өрсөлдөөнд орж ирэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ сагсан бөмбөг сонирхогчид А.Азбаярыг бус Ч.Ихбаярыг тоочиглосон. Харин А.Азбаярыг "Шилдэг хамгаалан тоглогч"-ийн шагналд хүчтэй өрсөлдөнө гэдгийг лиг, шигшээ багийн түвшинд хийсэн тоглолтуудаас нь харж болно.

Дээрх тоглогчдоос нэг нь бусдаасаа илүү тодорч байсан нь Г.Эрдэнэцогт. Гарны бэртлээ бүрэн эдгээсэн хуучин Гарьдын ахлагч энэ улирал лигт ч, шигшээ багийн түвшинд ч үнэхээр гайхалтай тоглосон. Түүнээс өндөр дундаж оноо авалттай монгол тамирчин лигт байсангүй. 19.0 оноо, 5.9 самбар, 2.9 дамжуулалт, 1.4 бөмбөг таслалт, 47 хувийн довтолгооны гүйцэтгэлтэй. Орон, гаран байсан "BCH Knights" багаа хожилд хөтөлсөөр хүснэгтийн дөрөвдүгээр байрт авчирсан. Улиралд Хүлэгүүдийн эсрэг гурав тоглохдоо хоёр хожсон удаатай. Тус тоглолтуудад 18.6 оноо дунджилсан үзүүлэлттэй.

Лигийн 30 жилийн түүхэнд MVP авсан эрхмүүдийн багийн амжилт, хувийн үзүүлэлт зэргийг харвал Г.Эрдэнэцогтоос ч муу үзүүлэлт, тааруу амжилттай байсан нэрс цөөнгүй гарч ирнэ.

Хэрэв бүх зүйл нэг стандарттай, басхүү шударга байсан бол Г.Эрдэнэцогт энэ жил гурав дахь "MVP"-ээ авчих байв. Харамсалтай нь, өмнөх холбооны удирдлагуудын ойлгомжгүй, хэт сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэрүүдийн улмаас нэг шагналаа багийн нөхөртөө, нөгөө шагналаа өрсөлдөгчдөө алдчихсан хэрэг. Ямар сайндаа "Ард түмний MVP" гэх нэртэй болох вэ дээ. Энэ жил бэртэл, гэмтэлгүй Г.Эрдэнэцогт бусдаасаа онцгой байсаныг Монгол төдийгүй Ази даяараа харсан. Зөв цагт нь зөв хүнийг урамшуулах нь гайхалтай байдгийг бид Б.Билгүүнээс харж болно. Шагнал нь эзнээ бус эзэн нь шагналаа чимж, үнэ цэнийг нь харуулдаг юм байна лээ. Хэрэв энэ жил Г.Эрдэнэцогт "MVP" авсан бол ийм л зүйл болох байв.

Нөгөө талаараа "BCH Knights" багийн орон гаран тоглолт, удирдлагуудын дүлий менежмент багийн ахлагчийгаа шагналаас хойш татчихлаа. Улирлын эхлэлд сайн байж, Хүлэгүүдийн ард бичигдэж байсан юм. Гэвч дасгалжуулагчдын халаа, сэлгээ, олон дараалсан хожигдол, бэртэл гэмтлүүд тэдний формыг унагаачихсан. Шинэхэн улирлын өмнөхөн тэднийг цаасан дээрх хамгийн хүчтэй багаар нэрлэж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 192.82.92.204

1XBET гэсэн тэмдэглэл, сурталчилгаа байршуулвал торгуултай ш дээ, хориглоод байхад news.mn яаж бгаам бэ ? эсхүл МСБХ-ны олго фанер юмуу ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж