"Боловсрол, хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудлыг бодлогоор хангахад анхаарна"

"Боловсрол, хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудлыг бодлогоор хангахад анхаарна"

"Боловсрол, хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудлыг бодлогоор хангахад анхаарна"

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжлийн хорооны хурал Нийслэлийн Боловсролын газарт өчигдөр /2025.03.12/ боллоо. Тус хороо нь эрүүл мэнд, боловсрол, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, соёл, урлагийн хөгжил, нийслэл дэх үндэсний хэмжээний түүх, соёлын дурсгал, хадгалалт хамгаалалтын чиглэлд анхаарч ажилладаг бөгөөд хурлаар дээрх салбаруудад хэрхэн анхаарах, НИТХ-ын болон төрийн бүх шатны байгууллагуудтай бодлогын хувьд хэрхэн уялдаж, хамтарч ажиллах тухайгаа ярилцаад, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул “Хүний хөгжлийн асуудлыг хойш тавьж болохгүй. Монгол Улсын Ерөнхий сайдын саяхан хэвлэлд өгсөн ярилцлагад том мега төслүүд, том бодлогууд эцэстээ хүний хөгжил рүү чиглэнэ” гэдгийг онцолсон. Тэгэхээр бид хүүхэд хамгаалал, залуусын хөгжил, гэр бүлийн асуудлыг ойлгох, тулгамдаж буй асуудлыг эрэмбэлэх, олж харах, хамтрах зайлшгүй хэрэгцээ байна. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 25 орчим байгууллагын жагсаалтыг гаргалаа. Эдгээр газруудын үйл ажиллагааг уялдуулах, нэгдсэн бодлогоор хангах, тулгамдсан асуудлыг нь сонсох, төлөвлөгөөг нь хангуулахад анхааръя” гэв.

"ШИНЭ СУУРЬШИЛ, ШИНЭ ХОТХОН ХОРООЛОЛ СҮНДЭРЛЭХ БҮРД СТАНДАРТ АЛДАГДАЖ БАЙНА"

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.АМАРТҮВШИН:

-Боловсролын хүртээмж, сургалтын чанарыг хэрхэн сайжруулах, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ, тулгамдсан асуудлаа танилцууллаа. Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотод нийт ерөнхий боловсролын сургуульд суралцагчийн 50 орчим хувь, сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн 48 хувь нь сурч, боловсролын байгууллагын 42 хувь нь төвлөрч байгааг хэллээ. Сүүлийн дөрвөн жилд 114 цэцэрлэгийн барилга, 45 сургуулийн барилга, найман бага сургуулийн барилга ашиглалтад орсон. Шинэ суурьшил, шинэ хотхон хороолол сүндэрлэх бүрд стандарт алдагдаж байна. Хан-Уул дүүргийн IV, XXIII хороонд орон сууцны хотхон ихээр барих суурьшил үүсээд байгаа хэрнээ сургууль, цэцэрлэг байхгүй. Тиймээс хүн амын тоотой уялдуулан сургууль, цэцэрлэгийн барилгыг төлөвлөж ашиглалтад хүлээж авах шаардлагатай.

Энэ асуудалтай холбогдуулан НИТХ-ын Төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүд Боловсролын газрын дарга Б.Амартүвшинд дараах саналыг хэлж, асуулт асуулаа.

НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүн Б.СЭМЖИДМАА:

-Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд боловсрол, эрүүл мэндийн салбарын засвар үйлчилгээнд НИТХ-ын Төлөөлөгчид анхаарч 20 тэрбум төгрөгийн төсвийг тавьсан. Гуч, дөчин жилийн насжилттай сургууль, цэцэрлэгийн тог цахилгаан, дээврийн асуудал хүнд болсон. Энэ бүхэнд нэгдсэн төлөвлөлт байна уу. Миний тухайд, Баянгол дүүргээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагуудын засвар үйлчилгээний нэгдсэн саналыг аваад, эрэмбэлсэн. Энэ төлөвлөгөөг Засаг даргадаа уламжлаад, тендер зарлуулах төлөвлөгөөтэй явж байгаа. Хоёрдугаарт, багш нарыг маш их бичиг цаас, төлөвлөгөө, индекс, ажлын үзүүлэлт гэх мэтээр ажлаар дарж байна. Хүүхдийн хөгжил, заах арга зүйгээ сайжруулах, сурагчдын сэтгэл зүйтэй ажиллах, өөрийгөө хөгжүүлэх багшид ямар ч боломж, цаг зав олдохоо байсан.  Багш нартайгаа нүүр тулсан ярилцлага хийж, санал хүсэлтийг нь сонсож үзсэн үү. Гуравдугаарт, сурагчдын автобустай холбоотой гажуудал байна. Жишээ нь, Баянгол дүүрэгт хэд хэдэн сургуульд авч өгсөн автобус сурагчдадаа үйлчлэхгүй, сургуулийнхаа хашаанд байна.

Жолооч байхгүй, түлшний мөнгө, орон тоо байхгүй гээд асуудал хэлдэг. Үүнийг хэрхэх вэ. Ажил хийгээд, асуудлыг нь шийдвэрлэсэн болж харагддаг ч бодит нөхцөл байдал дээр гүйцэтгэл байхгүй, төсвийн мөнгө дэмий үрсэн болоод замхарч байна.

Орчин цагийн хүүхдүүд цаг үеэ дагаад маш хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Технологийн дэвшлийг ашиглах сонирхолтой байна. Хиймэл оюунаар сурагчид гэрийн даалгавраа хийж байна. Хиймэл оюуныг сурагчтайгаа зэрэгцээд салбартаа ашиглаад явах мэдлэгтэй багш боловсон хүчин байна уу гэх мэт багшийн хөгжлийг дэмжих, анхаарах асуудал бишгүй.

НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүн Б.ДӨЛГӨӨН:

-Боловсроын хүртээмж гэхээсээ чанарт анхааръя. Төвийн сургууль, захын сургуулийн чанар тэнгэр, газар шиг ялгаатай байгааг ганцхан жишээгээр тайлбарлъя.  Сүхбаатар дүүрэгт 2024-2025 онд 68 мянган хүүхэд сурч байна. Өнгөрсөн аравдугаар сард иргэдтэй уулзаад явж байхад нэг сургуулийн төгсөх ангийн сурагчдаас ганцхан хүүхэд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд тэнцэж байна. Гэтэл нэгдүгээр сургуулийн 660 хүүхдэд лекц уншихад 20-30 хувь нь гадагшаа сургуульд явна. Шалгалтадаа бэлтгээд, материалаа бүрдүүлээд явж байх жишээтэй. Түгжрэлийн асуудалд ч боловсролын чанар ихээхэн нөлөөлж байна. Орлогын түвшингээс үл хамаарч эцэг эхчүүд хүүхдэдээ чанартай боловсрол олгохын тулд төвийн сургууль руу хүүхдээ зөөж байна.  Тэгэхээр захын дүүргийн сургуулиудад англи хэл, математикийн хичээлээр лаборатори ангиудыг бий болгоё. Ядуурлыг бууруулах хамгийн гол хүчин зүйл нь боловсрол. Чанартайгаар боловсрол олгох тусам эдийн засаг тэлнэ, ядуурал буурна.

НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүн Б.МЯГМАР:

-Боловсрол, эрүүл мэндийн хөтөлбөр арга хэмжээнд 600 сая төгрөгийн төсөв зарцуулдаг байсныг тэрбум болгож өсгөж байсан хүний хувьд гүйцэтгэл нь төсөвтөө хүрч байгаа юу. “Сүү” хөтөлбөрийг хэрэгжээд явж байгаа гэж ойлгож байтал үр дүн хангалтгүй сонсогдож байна. Есөн дүүргийн хэмжээнд энэ салбарт хэрэгтэй байгаа төсвийг мачийж байгаад Төлөөлөгч нар төсвийг нь тавиулдаг ч гүйцэтгэл байхгүй, төсвийн арга хэмжээ нь хэрэгждэггүй байдал анзаарагдаж байна. Хан-Уул дүүргийн XV болон XXII хорооны цэцэрлэгүүд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгааг анхааръя. Байргүйгээс болж үе үе цэцэрлэгийн хүүхдүүд түрээсийн байрнаасаа хөөгддөг нөхцөл байдал үүсжээ.

НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүн Б.СЭРГЭЛЭНБААТАР:

-Хувийн цэцэрлэг, сургууль байгуулахад ямар стандарт мөрддөг, хаанаас зөвшөөрөл олгодог вэ. Барилгын компаниудад ижил тэгш шаардлага үйлчилдэггүйгээс гурван га газарт 1800 айлын хорооллыг ямар ч зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сургууль цэцэрлэггүй барьж байгаа компани байхад таван га газарт 1000 айлын хороолол барих гэхээр 700 айлын хороолол болгож тоог нь бууруулаад, сургууль цэцэрлэгийн барилгатай байх ёстой шаардлага тавьжээ. Одоо 960 хүүхдийн сургууль барьж байна. Энэ ялгамжтай зөвшөөрлийг цэгцлэх, ижил шаардлага тавьдаг байхад анхаарцгаая. UB паласыг буулгаад, том том хороолол барих гэж байна. Сансрын E Mart худалдааны төвийн дэргэд ч өндөр өндөр сунайсан барилгууд ашиглалтад орсон. Мөн л сургууль, цэцэрлэг бүү хэл машины зогсоол алга гэж байна. Энэ байдалд Төлөөлөгч нар дуугаръя. Мөн боловсролын тэгш хүртээмж, чанартай холбоотой санал байна. Гаднаас 1000 багшийг урьж ажиллуулъя. Эдгээр багш нарыг захын дүүргүүдэд, гэр хорооллын сургуулиудад багшлуулъя гэдгийг онцолж хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.150

Хулгайч х***а манж лаларуудын хэдн 10 зуун тэрбумын хулгайг таслн зогсоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж